Хэнд ч, хэзээ ч, юу ч тохиолдож болох энэ л алаг цоогтой амьдралын нугачаанд аливаа хүнд хэцүүг сэтгэлийн тэнхээ, зориг тэвчээр, хамгийн гол нь өөдрөг бодлоор ялах нь чухамдаа амьдрахын эрхэм нандин утга учир, үнэ цэнийг мэдрүүлдэг гэлтэй. Тийм л гайхмаар бодлын хүчээр хүндхэн давааг давсан эгэл жирийн монгол эмэгтэй Э.Номуундарь энэ оны долоодугаар сарын 15-нд Замын-Үүдэд автомашины осолд орсны дараа тэнд анхны мэс заслыг хийх үеэр хөлийг нь тайрах тухай яригдаж эхэлсэн гэх. Харин түүний хань С.Билэгбаатар ямар ч гэсэн хөлтэй нь авч үлдэхийн тулд Хөххотод гэмтлийн эмнэлэгтэй холбогдон “Хөлтэйгөө үлдэх боломж байна” гэсэн хариу сонсоод зориг шулуудан Хөххотыг зорьжээ. Харин эмчилгээний нийт зардал нь 25000 юань болсон бөгөөд үүний 19990 юанийг Өвөр Монголд ажиллаж, амьдардаг сайхан сэтгэлт түмэн бүрдүүлж өгснийг энэ зуур дурдъя. Ингээд тэднийг хэлж ирдэггүй хийсч ирдэг хэцүүхэн зовлонг даваад нутаг буцахаар аян замдаа зэхэж байх үед нь уулзаж ярилцлаа.

- Юун түрүүнд эмнэлгээс гарч, нутаг буцах гэж байгааг тань сонсоод энэ амаргүй давааг давсанд нь их баяртай байна аа. Уншигчдад маань өөрийгөө болон гэр бүлээ танилцуулна уу. Аль нутаг вэ, ямар ажил алба эрхэлдэг вэ?
- Намайг сэтгүүлийнхээ болон цахим хуудасныхаа ярилцлагад урьсанд баярлалаа. Би бол Монгол Улсын иргэн Э.Номуундарь. Нөхрийг минь С.Билэгбаатар гэдэг. Улаанбаатар хотынх. Бид нэг охинтой. Одоо зургаан настай. Нэгдүгээр ангид сурч байгаа. Хувиараа бизнес эрхэлдэг.
- Одоо эх орондоо очоод үргэлжлүүлэн ямар эмчилгээ хийлгэх вэ?
- Эх орондоо очоод шууд л гэмтлийн эмнэлэг рүү шилжин хэвтэх төлөвлөгөөтэй байгаа. Тэнд сэргээн засах эмчилгээ хийлгэнэ гэж бодож байна.
- Та энд багагүй хугацаанд эмнэлэгт байлаа. Маш олон монголчууд Хөххотод эмчлүүлэхээр ирдэг. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?
- Хөххотод эмчлүүлэхээр ирж байгаа Монголчууддаа хандаж хэлэхэд мэдээж энд эмчилгээ бол маш сайн. Түүнийгээ дагаад төлбөр нь ч харьцангуй өндөр гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу. Дараа нь бол мэдээж, хэлний бэрхшээлийг хэрхэн шийдэх, өмнө нь ийм өвчтэй хүмүүс хэрхэн эмчлүүлсэн талаар бага ч гэсэн судалгаа хийснийхээ дараа ирсэн нь зүйтэй юм байна гэж санагдсан. Ийм зүйлүүдэд анхаарах хэрэгтэй болов уу.
- Таны хань С.Билэгбаатарын гэргийнхээ төлөө олон нийтэд хандсаныг сонссон хүн бүрийн сэтгэлд нэгийг бодогдуулсан. Харин Өвөр Монгол эмч нар хэрхэн хүлээж авсан бэ. Энэ хэдэн сарын хугацаанд багагүй л бэрхшээл тулгарсан байх?
- Хамгийн түрүүнд эмч нарын хэлсэн үг бол хөлтэй болох тухай асуудал бус хүнийхээ амь насыг аврах нь чухал байна гэж хэлсэн гэсэн. Учир нь машинд мөргүүлээд маш их цус алдсан. Дараа нь хол зам туулах хугацаанд бүр их цус алдаж, амь нас маань дээсэн дөрөөн дээр дэнжигнэх шахуу Хөххотод ирсэн. Тэгээд л эхний ээлжинд амь насыг нь аваръя, дараа нь биеийг нь тамир тэнхээ оруулж тэнхрүүлье. Эцэст нь хөлтэй болох тухай ярилцъя гээд энэ дарааллын дагуу бүх зүйл болж өнгөрсөн дөө. Мэдээж хэрэг, үхэх үү, сэхэх үү гэж байгаа хүнд дусал цус ч, ширхэг эм ч чухал байдаг юм билээ. Гэхдээ маш их өвдөлт, өндөр төлбөртэй эмнэлгийн зардлыг давж гарахын тулд бүх л чадлаа шавхсан. Эцэст нь сайхан сэтгэлт хүмүүсээс тусламж хүссэн дээ.

- Таны бодлоор амьдралын үнэ цэнэ гэж юуг хэлэх вэ?
- Миний хувьд амьдрал бол тэсч үлдэхийн төлөө тэмцэл байсаар ирсэн. Их хатуу сонсогдож байж магадгүй. /инээв/ Түүний үнэ цэнэ нь ялалт л байдаг юм даа. Ялагдсан бол би магадгүй энд ярилцлага өгөөд сууж байхгүй байсан. Өөрөөр хэлбэл, ялалт амжилт дүүрэн аз жаргалтай мөчүүд, түүнийгээ хуваалцах хайртай дотны хүмүүс, гэр бүл маань амьдралын үнэ цэнийг өдөр бүр мэдрүүлэх юм.

- Их сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг үзэлтэй санагдлаа. Залуу хосуудад хандаж, гэр бүлийн үнэ цэнийн тухайд бодлоо хуваалцна уу?
- Баярлалаа. Амьдрал бол эр хүний уужуу ухаан, ноён нуруу, эмэгтэй хүний тэвчээр хоёр дээр тогтдог гэдэг үгийг л хэлэх дуртай. Бие биенээ гэсэн чин үнэнч итгэл хайр, халамж түшиг, энэрэл нэгдэхээрээ ямар ч бэрхшээлийг даван туулдаг юм байна. Тэр бүхэн гэр бүлийн үнэ цэнийг улам нэмэгдүүлдэг.
- Бидний ярилцлагыг магадгүй амьдралд нь хүнд асуудал тохиолдоод гуниж суугаа хүн ч уншиж байж болох. Сэтгэлийн тэнхээ, итгэл хайрлах сайхан үг хэлээч гэвэл та юу гэж хэлэх вэ?
- Нэг үүд хаагдахад өөр нэг үүд нээгддэг гэдэг шиг зовлонгийн өмнө бууж өгч сөхрөлгүй хүсэл тэмүүлэлтэй байгаарай гэж хэлье. Би машинд мөргүүлээд яс нь бяцраад үйрээд, арзайгаад гараад ирсэн хөлөө харж байгаад намайг аврахаар ирсэн түргэний эмч нарт:
- Би ухаантай байгаа дээрээ хэлье. Та нар юу ч болж байсан, яаж ч байсан миний хөлийг тайрч болохгүй, би заавал хөл дээрээ босно гэж хэлсэн. Энэ үгээ Хөххотын эмч нарт ч бас хэлсээр байсан. Өөрөөр хэлбэл, бодит нөхцөл байдал, миний хөлний гэмтэл бэртэл, санхүүгий боломж бололцоо зэргээ тооцох юм бол хөлтэй үлдэх магадлал дэндүү бага, бараг боломжгүй байсан. Гэсэн ч миний тэгж их хүсч тэмүүлсэн бодлын хүч маань надад хамгийн их нөлөөлсөн.

- Үнэхээр гайхалтай юм аа, өөдрөг бодлын хүч гэдэг л энэ байх. Энэ хугацаанд Өвөр Монголд ажиллаж, суралцдаг монголын олон олон хүмүүс, мөн Өвөр Монголчууд таньд тусалсан, тэднийхээ тухай ярьвал?
- Орон гэрээсээ хол, хүний нутагт өвдөж шаналж явахад минь Хөххот дахь Монгол Иргэдийн Нийгэмлэг, Өвөр Монголын Монгол Оюутны Холбооны хамт олон маань хандивын аян зохион байгуулж, олон сайхан сэтгэлтэй хүмүүс тусламжийн халуун гараа сунган надад тусалсан. Мэдээж хэрэг, өсөж төрсөн Монгол нутгаас минь ч гэсэн хүмүүс тусламж ирүүлж байсан. Нэг ч гэсэн монгол айл элэг бүтэн үлдээсэй, эх үр хагацлын хатуу зовлонг бүү амсаасай гэж хүссэндээ надад тусалсан гэж бодож байна. Монгол хүний гэр бүлсэг, бие биенээ гэсэн халуун дулаан сэтгэл энэ цөвүүн цаг үед хөрөөгүй юм байна гэдгийг, харин ч илүү их гэрэлтэж байгаа шүү гэдгийг хамаг Монгол түмэн минь энэ хугацаанд харуулж чадлаа. Хөххотод суралцдаг оюутнууд маань нэгдээд хандив цуглуулахын тулд бүжгийн тэмцээн хүртэл зохион явуулсан байна лээ, үнэхээр сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Зөвхөн эмчилгээний зардал бус нутаг буцах замын зардлыг минь хүртэл авчирч өгөхөд өөрийн эрхгүй нулимс асгарч байснаа нуух юун. Бас Хөххотод суугаа монгол иргэд, оюутан залуус минь өдөр бүр амттай монгол хоол хийж, өөрийн төрсөн ах дүүс адил эргэж ирж байсан. Тэр ч байтугай ойр зуурын хэрэгцээний зүйлс болон тэргэнцэр хүртэл авч өгсөн. Бүр охинд минь өвлийн хувцас авчихсан ирэхэд нь үнэхээр их баярласан. Та бүхний минь хийсэн буян түм бум болон үржих болтугай. Төрөл дамжин дэлгэрэх болтугай.

- Цаг заваа гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Хамт олныхоо болон уншигчдынхаа өмнөөс танд, таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе. Ингээд ярилцлагынхаа төгсгөлийг таньд үлдээе?
- Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэдэг. Хамаг Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, үеийн үедээ жаргалтай байх болтугай.


















Ярилцсан: Э.ҮРЖИНХАНД
