
Энэ бүх хөхний хөндүүр, шээс ойртолт, ууцны хөшилт тэгээд юу байсан хэрэг вэ? Давсалсан өргөст хэмхийг зайрмаганд дүрж идмээр санагдаад байсан чинь хүртэл тэгээд юу болж таарч байна? Энэ бол “төсөөллийн жирэмслэлт”, өөрөөр хэлбэл золигийн муу гормонууд юм.
Хэдэн сар, магадгүй жилийн турш жирэмсэн болохоор оролдож байгаа хосуудын хувьд энэ ховор үзэгдэл биш. Фейсбүүк, группүүд дээр энэ тухайгаа бичихэд л чинийхтэй адилхан “хуурамч дохио”-г мэдэрсэн олон бүсгүйчүүдийг олж болно. Гэхдээ эдгээр мэдрэмжүүд нь цэвэр “санаа дагасан” үзэгдэл ч биш юм. Учрыг нь тайлбарлая.
Төсөөллийн жирэмслэлтийн шинж тэмдгүүд
Төсөөллийн жирэмслэлтийн шинж тэмдгүүд ерөөсөө л жирэмслэлтийн шинж тэмдгүүд гэсэн үг. Энэ нь овуляц (өндгөн эс ялгаруулах хугацаа) болон сарын тэмдэг хоёрын хоорондох өдрүүдэд явагдах нь олон. Хөхөөр хөндүүрлэх, ядрах, дотор муухайрах, сэтгэл санаа эмзэг болох, саваар бага зэрэг базалж өвдөх, хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг жирэмслэлтийн бүхий л шинж тэмдгүүд хуурамчаар мэдрэгдэж болно. Яг л элсэн цөлийн дунд алхаж яваа хүн баянбүрдийн зэрэглээ хардаг шиг. Чи жирэмсэн болохыг үнэхээр их хүссэн учраас энэ бүхэн тохиолддог гэж ойлгож болох юм.
Бидний өөдрөг бие махбодь ба прогестерон
Хүн сэтгэлийн амьтан гэдэг. Гэхдээ дээрх шинж тэмдгүүд цэвэр сэтгэл санааных биш буюу бүгд чиний бие өөрөө “боломжит” жирэмслэлтэд бэлдэж байгаагийн илрэл билээ. Бидний бие сар болгон л жирэмслэлтийг өөдрөгөөр хүсэн хүлээж байдаг. Сар бүрийн овуляц өнгөрмөгц бие маань “итгэл найдвар тээн” шинэхэн амийг хүлээж авахдаа бэлдэж эхэлдэг юм. Үр тогтолт явагдаагүй байсан ч хамаагүй, бие бэлтгэлээ хийсээр л байдаг. Эрт үеийн жирэмслэлтийг амжилттай явуулахад голлох үүрэг гүйцэтгэдэг нэгэн чухал гормоныг прогестерон гэнэ. Овуляц өнгөрсний дараа үр тогтсон өндгөн эс буюу эмбройг дэмжихийн тулд прогестероны хэмжээ нэмэгдэж эхэлдэг. Хэрвээ чи жирэмсэн болоогүй байвал тэрхүү өссөн гормон 12-16 хоногийн дараагаас унаж, сарын тэмдэг ирдэг юм. Прогестероны хэмжээ өндөр үед эмэгтэй хүний бие ядрангуй бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй болдог. Мөн хөндүүр хөх, өтгөн хаталт, шингэн ялгаралт ч энэ гормоны үр дагавар. Жирийн эмэгтэйчүүд үүнийг анзаарахгүй өнгөрүүлчих нь ч бий. Харин жирэмсэн болохыг хүлээж буй эмэгтэйчүүд үүнийг онцгой ихээр мэдэрдэг. Тэгэхээр “төсөөллийн жирэмслэлт” нь сар бүр явагддаг прогестероны ихсэлтийг хэт мэдрэгээр хүлээж авах, түүнд хэт өндөр анхаарал хандуулахаас үүдэлтэй зүйл мөн.
Тэрнээс гадна үргүйдлийн эсрэг эм ууж байгаа бол үүний гаж нөлөөгөөр жирэмсний эхний үеийнхтэй ижил шинжүүд илэрч болно. Ялангуяа прогестероны тариа, дэмжигч хэрэглэж байгаа үед бүр түгээмэл гэдгийг анхаараарай.
Төгсгөлийн үг
Мэдээж шууд мэдрэмжээрээ л жирэмсэн мөн эсэхээ мэдчихдэг бол хэчнээн сайхан! Тэгвэл хоёр долоо хоногийн түгшүүртэй хүлээлт байхгүй болно шүү дээ. Хамгийн сонирхолтой нь, тэдгээр шинж тэмдгүүдэд хэр их ач холбогдол өгнө, төдий чинээ илүү тод мэдрэгдэж, бүр гарцаагүй мөн юм шиг найдлага төрүүлдэг аж. Тэгээд л өөртөө дэндүү итгэлтэйгээр тест аваад үзэхэд нэг зураас хэмээх урам хугарсан хариуг хардаг. Эцсийн эцэст хүн юунд их анхаарал хандуулна, түүнийгээ л их хардаг гэдэг үнэн болж байгаа биз?
Гэхдээ нөгөө талаас, зарим эмэгтэйчүүд өөрсдийгөө жирэмсэн гэж “мэдэж байгаа ч юмгүй” явсаар байгаад хоёр зураасын баярт мэдээг хардаг. Болох юм болдгоороо болох учраас төсөөллийн жирэмслэлттэй нүүр тулсныхаа дараа сэтгэлээр унахгүй л байх нь чухал. Бас хэдийгээр жирэмсэн юм шиг мэдрэмж төрсөн ч, түүндээ хэт өндөр найдлага тавьж, найз нөхдөдөө зарлаж, өөрийнхөө догдлолыг улам өндөрсгөхгүйгээр тэвчээртэйгээр хүлээж байгаад үзэхэд болно.
