Дэвтэртээ бичсэн хүслээ биелүүлье
2015-12-28 18:21
2015 оны мэнд хүргэе охид бүсгүйчүүд ээ. Шинэ онтой зэргэцэн бичсэн дэвтэр дүүрэн хүсэл, шинэ жилийн оргилуун дарстайгаа хамт шатаан уусан хүслээ мартаж эсхүл хэрхэн биелүүлж, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа юм биш биз. Тэгвэл нийтлэлч Ари миний бие шинэ оны хамгийн эхний нийтлэлдээ хүслээ хэрхэн биелүүлэх, өөрийн зорьсон зорилгодоо хэрхэн хурдан хүрч болох талаар хүргэе.
Хэрэв энэ жилд хүссэн жиндээ хүрэх гэж тэмцэж байгаа бол яг одооноос эхлээрэй. Албан тушаал ахих боломжоо хайж, ээж болохоор төлөвлөж байгаа бол хойшлуулалгүй одооноос бэлдэж эхлээрэй. Саалиа бэлдэхээр саваа бэлдээрэй охид, бүсгүйчүүд ээ.
1. Төлөвлөгөөгөө нарийн боловсруул.
Дэвтэр дүүрэн төлөвлөгөө, зорилго, толгой дотор үүнийг ингээд хийчих юмсан, ингэвэл өөрийнхөө маргаашид хувь нэмэр оруулах байх гэж эргэлзсэн хэрнээ бүтэл муутай хариулт чамд хэрэггүй. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх төлөвлөгөө боловсруул. Тухайлбал жин хасахаар төлөвлөсөн байгаа бол хоолны дэглэмийн жагсаалт, өдөр тутам хийх дасгал хөдөлгөөнийхөө зургийг аваад хадгал.
2. Өөрийгөө зоригжуулах, урам өгөх зүйлийг хадгал.
Би өөринхөө зорилгодоо хүрэхийн тулд миний хүрэх гэж байгаа зорилгод тэргүүнд хүрсэн хүнийг жишээ болгон түүнээс үлгэр дуурайлал авдаг. Заримдаа энэ арга их тусалдаг шүү. Танд урам зориг өгдөг бүхнийг өөртөө хадгал.
3. Яг одоо хөдлөх цаг боллоо.
Хий дэмий мөрөөдөөд суулгүй хөдлөх цаг эхэллээ. Мөрөөдлийнхөө төлөө жижиг алхам хийвэл зорилгодоо түргэн очих болно. Цаг хугацаа бол үнэлж баршгүй эрдэнэ.
4. Зорилгынхоо биелэлтэнд анхаар.
Бага, багаар хөдлөөд эхэлсэн бол одоо саад бэрхшээл, амжилт ололт бүрээсээ суралцаж, төлөвлөгөө мөрөөдөлдөө хийсэн алхам бүрийг тооцож, биелүүлэх явц, түүнийхээ төлөө хийж буй үйл явцдаа анхаарлаа хандуул. Өөрийнхөө мөрөөдөл, төлөвлөгөөг бүтээж байна гээд хайртай хүмүүсээ хэзээ ч бүү гомдоогоорой.
5. Өөртөө итгэ, өөрийгөө үнэлж сур.
Олны өмнө шагнал аваад зогсож буй хүмүүс “Энэ бүхэн та бүгдийн минь шагнал шүү. Баярлалаа” гэх мэт улиг болсон үг хэлдэг. Аливаа зүйл хамт олны хүчээр бүрддэг ч удирдан чиглүүлж байгаа та илүү ухаалаг байж, энэхүү шагнал авсан гэдгийг бүү мартаарай. Өөрийгөө шагнаж, өөртөө илүү итгэлтэй байж, хийж чадна гэдэг урам зоригоор дүүрэн бай.
Ари
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
