Хятад улс дэлхийн худалдааны эрэлт, хэрэгцээний чухал төв болоод байна. Тус улсын зах зээлд нэвтрэхийн тулд худалдааны түнш орнууд “Юу экспортлох, хэрхэн амжилттай борлуулах вэ?” гэдэг асуудалд анхаарах шаардлагатай болжээ.
Дэлхийн импортын 9 гаруй хувийг Хятад улс бүрдүүлж байна
Хятад улс 17 жилийн турш дэлхийн хоёр дахь том импортлогч орны байр сууриа хадгалж ирсэн бөгөөд дэлхийн нийт импортын 9 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. 2026 онд жилийн импортын хэмжээ анх удаа 3 их наяд ам.доллар давах төлөвтэй байна. Тэгвэл Хятадын зах зээл худалдааны түншүүдийг юугаараа татаж байна вэ?
Гадаадын ачаа, зорчигч тээврийн хөлөг онгоц чингэлэгтэй ачаагаа буулгахаар боомтод иржээ. Зургийг: Ли Шиньжюнь
Үүний гол шалтгаан нь зах зээлийн цар хүрээ болон хөгжлийн шинэ боломж юм. Хятад улс 1.4 тэрбум гаруй хүн амтай бөгөөд дундаж орлоготой иргэдийн тоо 400 саяыг давжээ. Олон улсын валютын сангийн худалдан авах чадварын паритетийн тооцоогоор Хятад улс дэлхийн хамгийн том хэрэглээний зах зээл болоод байна.
Өдгөө 80 орчим улс, бүс нутгийн экспортын гол чиглэл нь Хятад улс юм. Энэ оны эхний гурван улиралд Хятадын импортын хэмжээ 2.4 их наяд ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өссөн нь экспортын өсөлтийн хурдаас ойролцоогоор 6 нэгж хувиар өндөр үзүүлэлт байв.
Үүний зэрэгцээ ухаалаг болон ногоон хэрэглээ зэрэг шинэ төрлийн хэрэглээний эрэлт нэмэгдэж, эдийн засгийн хөгжлийн шинэ чиглэлүүд бий болж байна. Ингэснээр Хятадын зах зээл дэлхийн улс орнуудад бизнесийн өргөн боломж нээж, импортын ач холбогдол улам нэмэгдэж байна.
Хятадын зах зээлд нэвтрэх чадавхаа нэмэгдүүлэх нь
Хятадын худалдааны түнш орнуудын эдийн засгийн хөгжил, нөөц баялаг, аж үйлдвэрийн бүтэц, худалдааны бодлого харилцан адилгүй. Тиймээс тус улсын зах зээлд нэвтрэхдээ өөрийн давуу тал, боломжид тулгуурлах хэрэгтэй.
Хятадын олон улсын импортын IX экспогийн үеэр зочид Ираны хивс худалдан авч байна. Зургийг: Ван Чү
Нэг талаас, Хятадын зах зээлийн онцлог, бодлогын боломжийг ашиглах нь чухал. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Хятад улс буурай хөгжилтэй орнуудад үзүүлэх нэг талын тарифын хөнгөлөлтөө нэмэгдүүлж, тэдгээр орны бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх боломжийг өргөжүүлж байна.
Нөгөө талаас, худалдааны түнш орнууд экспортын дэд бүтцээ сайжруулах шаардлагатай. Үүнд үйлдвэрлэлийн бүсээс боомт хүртэлх тээвэрлэлтийн саадыг арилгах, бүтээгдэхүүнийг үйлдвэрийн газарт нь урьдчилан хөргөх, хил дамнасан хөргөлтийн сүлжээг хөгжүүлэх, боомтын дижитал дэд бүтцийг шинэчлэх, цахим худалдааны сувгийг өргөжүүлэх зэрэг арга хэмжээ багтана.
Мөн Хятадын боловсруулах үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах нь технологи, хөрөнгө оруулалтаас гадна тухайн улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Хятад болон гуравдагч зах зээлд экспортлох боломж бүрдүүлнэ.
Өнөөдөр Хятад руу чиглэсэн экспортын бүтэц ч өөрчлөгдөж байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн голлох байр сууриа хадгалж байгаа ч нөөц баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, завсрын бүтээгдэхүүний эзлэх хувь өссөөр байна.
Өөрийн онцлогтой бүтээгдэхүүнийхээ экспортын хэмжээг нэмэгдүүлнэ
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Олон улсын худалдаа, түүхий эдийн газрын дарга Дела Морагийн үзэж буйгаар, Хятадтай худалдаа эрхэлдэг орнууд гурван төрлийн бүтээгдэхүүнд анхаарах хэрэгтэй. Үүнд Хятадын зах зээлд хэдийнэ байр сууриа олсон бүтээгдэхүүн, экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой бүтээгдэхүүн, мөн зах зээлийн шинэ боломж нээх бүтээгдэхүүн багтана.
Казахстаны хувьд амьтан, ургамлын гаралтай тос, өөх нь Хятад руу экспортолдог гол бүтээгдэхүүний нэг юм. Хятадын олон улсын импортын IX экспогийн үеэр Казахстаны тос, өөх болон тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нийт 108 сая ам.долларын үнийн дүнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Кени улс кофе, цай, мате цай, амтлагч зэрэг бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх боломжтой.
“Бүс ба Зам” санаачилгын түнш орнууд, АСЕАН-ы гишүүд болон хөгжиж буй, ялангуяа нэн буурай хөгжилтэй орнуудын хувьд Хятад руу хийх экспортоо нэмэгдүүлэх хэрэгцээ өндөр байна.
Үүний тулд улс орнууд өөрсдийн онцлогт тохируулан дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, Кени, Танзани зэрэг орон боомтын хүчин чадал, дотоодын тээвэр ложистикоо сайжруулж, цэцэг, авокадо, кешью самар, гүнжидийн үр зэрэг бүтээгдэхүүний урьдчилан хөргөх байгууламжид хөрөнгө оруулах хэрэгтэй.
Казахстан зэрэг далайд гарцгүй орнууд хил дамнасан төмөр замын зангилаагаа хөгжүүлж, Хоргос, Алаг Уулын Ам боомтоор дамжих тээврийн сувгаа өргөжүүлэх нь зүйтэй. Харин Тайланд, Өмнөд Африк, Серби зэрэг аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогч орнууд тээврийн сүлжээ, олон төрөлт тээврийн уялдаа холбоо, төмөр замын хүчин чадлаа нэмэгдүүлж, Хятад–Европын чиглэлийн галт тэрэгний тээврийн боломжийг бүрэн ашиглах шаардлагатай.
