Их Британийн “Carbon Brief” цахим хуудас саяхан нийтэлсэн өгүүлэлдээ, Хятадаас экспортолж буй нарны зайн хавтан, батарей, цахилгаан автомашин зэрэг цэвэр эрчим хүчний технологийн бүтээгдэхүүнүүд нь дэлхийн хэмжээнд нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж байгааг онцолжээ. Тооцооллоор, 2026 онд экспортолсон эдгээр бүтээгдэхүүн нь Хятадаас бусад улс орнуудын нүүрсхүчлийн хийн ялгарлыг нийтдээ бараг 2 хувиар бууруулах боломжтой аж. Нийтлэлд дараах гол мэдээллийг дурджээ.

Энэ оны эхний гурван улиралд Хятадын цэвэр эрчим хүчний технологийн бүтээгдэхүүний экспортын үр дүнд гадаад улс орнуудад бий болсон нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах нөлөө өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувиар өсжээ. Хэрэв оны үлдсэн хугацаанд энэ хандлага хэвээр үргэлжилбэл, зөвхөн 2026 онд экспортолсон цэвэр эрчим хүчний технологийн бүтээгдэхүүнүүд нь гадаад улс орнуудад ойролцоогоор 450 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарлаас зайлсхийх боломж бүрдүүлэхээр байна.
Эдгээр төхөөрөмжийн ашиглалтын нийт хугацааг тооцож үзвэл, Хятадаас 2026 онд экспортолсон цэвэр эрчим хүчний технологийн бүтээгдэхүүнүүд нь нийтдээ ойролцоогоор 8.4 тэрбум тонн нүүрсхүчлийн хийн ялгарлаас зайлсхийх боломжтой аж. Энэ нь 2025 онд экспортолсон бүтээгдэхүүний ашиглалтын хугацаанд бууруулах боломжтой гэж тооцсон 6.8 тэрбум тонн хэмжээнээс дөрөвний нэг орчмоор их үзүүлэлт юм.
Хятадын цэвэр эрчим хүчний технологийн бүтээгдэхүүний экспортоос үүдэлтэй нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах үр нөлөө хамгийн их хүртэж буй улс нь Энэтхэг бөгөөд АНУ хоёрдугаарт жагсаж байна.
Хятадын цэвэр эрчим хүчний технологийн бүтээгдэхүүний экспорт нь дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтийг ахиулах гол хүчин зүйл болж байна. Энэ нь холбогдох салбарын зардлыг бууруулж, шинэ зах зээлийг нээхийн зэрэгцээ эрчимтэй өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангаж байна. Үүнээс гадна, Хятад улс гадаад орнуудын цэвэр эрчим хүчний төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхэд улам бүр идэвхтэй оролцож байгаа нь дэлхийн ногоон хөгжлийг ахиулахад түлхэц болж байна.
