Хятадын Хүний эрхийн судалгааны нийгэмлэг, Хятадаас Тайландад суугаа Элчин сайдын яам, Хятадын Гадаад хэлний хэвлэлийн хороо, Тайландын Тайланд–Хятадын соёлыг дэмжих хороо болон Ази, Номхон далайн бүсийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан “Хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах тухай Ши Жиньпиний өгүүллүүдийн эмхэтгэл” номын эрдэм шинжилгээний хурал 11-р сарын 26-нд Тайландын нийслэл Бангкок хотноо боллоо. Хуралд Хятад, Тайландын 50 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, “Ард иргэдийн аз жаргалтай амьдрал бол хүний хамгийн том эрх” сэдвээр санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тайландын Шадар сайд асан, Тайланд–Хятадын соёлыг дэмжих хорооны дарга Пхинит Жарусомбат нээлтийн үгэндээ:
- Хятад улс хүний эрхийг хамгаалах үйл хэрэгтээ дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилт гаргасан бөгөөд хүн төвтэй байх хүний эрхийн хөгжлийн үзэл баримтлалаас олон улсын хамтын нийгэмлэг суралцаж болно. "Хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах тухай Ши Жиньпиний өгүүллүүдийн эмхэтгэл” ном тайланд хэлээр хэвлэгдсэн нь Тайландын уншигчдад Хятадын төр улсаа удирдах арга туршлагыг илүү гүнзгий ойлгоход тус дэм болж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг цаашид улам бэхжүүлнэ гэж хэллээ.
Хятадаас Тайландад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ли Жижюань:
- Улс орнуудын түүх, соёл, нийгмийн тогтолцоо, хөгжлийн үе шат харилцан адилгүй тул хүний эрхийг хамгаалах арга зам, туршлага нь ч олон янз байх ёстойг онцлов. Хятад улс хүний эрхийг хамгаалахдаа үндэсний нөхцөл байдал, бодит байдалдаа тулгуурлан, туйлын ядуурлыг түүхэндээ анх удаа арилгаж, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тогтолцоог байгуулжээ. Харин Тайланд улс түүх, соёлын баялаг уламжлалтай бөгөөд хөгжлийг дэмжих, ард иргэдийн амьжиргааг хамгаалах зэрэг чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан байна. Ард иргэдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх нь Хятад, Таиландын хамтын ажиллагааны ямагт баримталдаг үндсэн зорилго юм гэж хэлэв.
“Хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах тухай Ши Жиньпиний өгүүллүүдийн эмхэтгэл” өнөөг хүртэл гадаадын 13 хэлээр хэвлэгдэн гарч, дэлхийн хүний эрхийн салбар болон улс төр, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, хэвлэл мэдээллийн олон төлөөлөгчийн анхаарлыг татаж, судалгааны сэдэв болсон байна.
