Н.Чулуунбагана

Нүүдэл хөдөлж, шувууд буцна… нар ч холдохлоор, би тэр бүгдийн сүүний үнэртэй сүүдэр нь болж хоцров. Нутаг дээрээ нурамшин манагдсан голомт дээрээ. Хавар, зуны сайхан үлгэрүүд л надад хань болж, хайр болж, халтартсан өвсний унжсан намаан дээр эмзэгхэн бөмбөгнөнө.
Би тэр бүгдийн эмзэгт нь энхрийлж, харахгүй тэсэхгүй, халдаж чадахгүй “хатад”-ын завсарт “Насны намар ”-аа дуулан хайлан уйдах юм билээ.
Уулс нийтдээ шаргалтаж, голионы дуу хааяа нэг сулхан сонсогдоно. Нүнжиг байгалийн ногоон зүс үзтэл хулцайж, нас жилийн эрхээр би ч өвгөрөх нь ээ! гэхээс хаврын навч, зуны цэцэг, хайр дурлалын тухай тэр сайхан үлгэрүүд намайг нас жилээ буцааж тоолмоор санагдуулна.
Ай! Яах вэ! Байгаль, түүний жам ёс юм чинь яах вэ! Он цаг намайг түрийлж аваад, уулсын шаргал бүрий тийш нүүр нүдгүй шогших юм. Би салхи буюу сар жилийн ир авч, ид ордог зөөлөн цагаан билүү нь ч байв уу даа? Тэд намайг илбэж өнгөрнө. Алхаж гишгэхийг нь харж амжилгүй холдож явна.
Өвгөрч насжихын даваан дээрээс эргэж буцмаар л, өвөлжөөний дулаан бууцаа мартмаар л, эргээд ирэхгүй энэ намрыг тушаад хаячихмаар л … уйдаад байх юм билээ.
Салхиар нь санаа дэндэрээд л, шаргалд нь бодол уймраад л… насны ч билүү? Юуны ч юм? Намар намраас насжин намар болох нь ээ! Энэ намар.
