Нийтлэлүүдийн доор илгээсэн эмэгтэйчүүдийн санал, хүсэлтийг уншиж байхад ихэнхдээ нэг л зүйлийг хөндөн тавьсан байдаг билээ. Энэ бол “Эрчүүдийг хэрхэн өөрчлөх вэ”, эсвэл “Эрчүүд өөрсдийнхөө юу мэддэгийг ч мэддэггүй хэрнээ бүсгүйчүүд бидний алдааг заах гэж оролддог нь таалагддаггүй” гэсэн байдаг байлаа.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа хэзээнээсээ л хэцүү байсан л даа. Яагаад ч юм эрчүүдийг өөрийнхөөрөө байлгах гэсэн бүсгүйчүүдийн хүсэл, харин цаана нь өөрийнхөөрөө байхыг хүссэн эрчүүдийн хүсэл...
Ингээд л бидний харилцаанд өөр нэг хэл үгүйлэгдээд эхэлдэг дээ. Магадгүй энэ хэл хорвоо дээрх хамгийн чухал, эрэлттэй хэл ч байж мэдэх юм.
Бүсгүйчүүдийн сэтгэл хөдлөл ихтэй амьдрал, эрчүүдийн оюунлаг үзэл бодлыг нэг шугаманд бие биед нь ойлгуулж чадах тэр ухааныг л энэ хэл бидэнд эзэмшүүлж чадах биз.
Тэгвэл тэр хэлийг хэрхэн эзэмших вэ. Мэдээж, эхлэлийг нь эрчүүд биш харин бид л тавих учиртай. Угаасаа эрчүүд хүүхнүүд биднийг ойлгомжгүй, эхлэл, төгсгөл нь мэдэгдэхгүй зузаанаас зузаан ботьтой зүйрлэдэг хачин улс шүү дээ.
Тиймээс бидэнд хэрэгтэй хэдэн жорыг доор өгүүлье:
- Эрчүүд бүсгүйчүүдийг яавал аз жаргалтай байлгах, бас яавал тэдэнтэй хурдан ойлголцохоо мэддэггүй.
- Эрчүүд эмэгтэйчүүдтэй ойлголцож чадахгүй байх тусам бүсгүйчүүд тэднээс залхаж ядардаг.
- Эрчүүд хайртай эмэгтэйтэйгээ учрахаараа яг л жаахан хүүхэд шиг болчихдог. Тэдэнд зааж зөвлөж байхгүй л бол юуг яаж зөв хийх ёстойгоо мэддэггүй
- Зарим үл ойлголцол нь эрчүүд, эмэгтэйчүүдийг ялгаагүй харилцаандаа бууж өгөхөд хүргэдэг.
Энэ эргүүлэг үргэлжилсээр, үргэлжилсээр л байх болно. Хэн нь ч буруугүй мөртлөө харилцаагаа хэн хэн нь авч үлдмээр л байна шүү дээ. Тэгвэл энэ тойргийг яаж эвдэх вэ?
Эрчүүд бидний хэлэх үгсээс хамаараад юу гэж хэлэх учраа олдоггүй юм байна л даа. Жишээ нь биднийг дараахь өгүүлбэрийг хэлэхэд тэд бүр ч их сандардаг:
“Чи намайг яагаад тоохгүй байгаа юм бэ?”
“Над руу тэдэн цагт залгана гэчихээд яагаад алга болчихов?”
“Оройтно гэдгээ эртхэн хэлж болсонгүй юу?”
Чи өөрийгөө “Би нөхөртөө тэгж хэлдэггүй ш дээ” эсвэл “Би ингэж ярьдаггүй” гэж үгүйгэж болно оо. Гэхдээ л чи түүнийг хэзээ нэгэн цагт энэ үгээрээ булж, түүнийг хэлэх үггүй болгож л байсан байлгүй.

Эр хүн бүр зан төрхөөсөө шалтгаалан чамд янз бүрийн хариулт өгөх нь мэдээж. Зарим нь тайван хүлээж авахад нөгөө хэсэг нь чамаас залхаж эхэлнэ. Чи дээрх байдлаар санаандгүй хэлэхэд ихэнх эрчүүдэд энэ нь “Чи миний сэтгэлд ердөө хүрэхгүй юм аа”, “Чи миний сэтгэлд хүрэх эр хүн биш бололтой, би чамд сэтгэл дундуур байна” гэсэнтэй адилхан сонсогддог гэнэ шүү.
Тиймээс та хайртай залуудаа, нөхөртөө дээрх үгсийг хэлэх гэж байгаа бол дараахь байдлаар илэрхийлж болох юм. Ингэвэл та хоёрын харилцаанд сэтгэл дундуур зүйл огтхон ч үлдэхгүй гэдгийг амлая:
“Чи надтай ярихгүй байхаар намайг тоохгүй байгаа юм шиг санагдаад хэцүү байлаа”
“Чамайг залгахгүй байхаар би чамд тийм ч чухал биш юм байна гэж бодоод сууж байлаа”
“Чи оройтно гэдгээ хэлэхгүй болохоор миний цаг хугацаа чамд тийм ч үнэ цэнэтэй зүйл биш юм шиг санагдаад...”
Ингэж чи өөрийгөө илэрхийлбэл түүнээс огт өөр хариулт сонсох болно, бүү эргэлзээрэй.
Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр, гарчиг дээр дурдсан тэр ганцхан шидэт үг бол чиний мэдрэмж юм. “Надад тэгж санагдаад”, “Би тэгж бодоод...” л юм шүү дээ.
Өөрөөр хэлбэл, эрчүүдтэй харилцаж байхдаа тэдэнд өөрийн санал бодлоо илэрхийлэхдээ тэдэнтэй дотоод мэдрэмжээ хуваалц.
Чиний юу мэдэрч байгааг мэддэг болчихвол залуу чинь чамайг баярлуулах аргаа түвэггүй олно шүү дээ. Энэ чинь л өнөөх хайрын хэл юм даа.
Энэ бол эр эм хүмүүсийн тэмцлийг хамтын ажиллагаа болгох шидэт хувилбар. Угаасаа хайртай хүмүүс хагаралдлаа гээд юу ч хождоггүй нь орчлонгийн хууль.
Эрчүүдийн цээж рүү өнгийгөөд харвал юу байх бол. Хамгийн түрүүнд тэдний бодол бол: Би хайртай бүсгүйгээ аз жаргалтай байлгамаар байна. Даанч түүнийгээ ойлгоход минь хэн нэг нь тусладаг ч болоосой гэсэн бодол л байх биз ээ.
Бүсгүй минь, чамд нийтлэл таалагдвал сэтгэгдэл хэсэгт үзэл бодлоо хуваалцаарай. Энэхүү шидэт үгний талаар ярилцъя л даа.
