solongonews
Нэхийт гуайн үгийг сэтгэлдээ тунгаах ёстой
2015-10-12 09:44
Нэхийт: Бид өөрийн газар орныхоо нэрийдэл түүх соёлыг хойч үедээ таниулж үлдээх ёстой.

Настай хүн ном барьж суугаа нь сайхан санагддаг. Тэр сайхан настнаа хараад залуучууд, хүүхдүүд бас би ном барьж суух юмсан гэсэн хүсэл бодол улам нэмэгдэнэ. Учир нь ном судар бидэнд хязгааргүй их мэдлэгийг өвлүүлдэг.

Цүнх дүүрэн бичмэл эх, зураг сүүдэртэй. Үргэлж л түүнийгээ бодож явдаг байрын халуун сэтгэлтэй Нэхийт гэгч буурал аавтай “Шинэ Барга баруун хошууны газрын нэрсийн ойллого”-той нь танилцсан юм. Гурван жилийн хугацаанд найруулсан “Шинэ Барга баруун хошууны газрын нэрсийн ойллого” нь 347 хуудастай. Газар нутгийн танилцуулга, уул ус, хад бартаа, тал газрын тухай, уул овоо сүм хийд, хилийн харуулын тухай, газар нутгийн эх баялгийн тухай, зам тээвэр, зээл гудамж, гүүрний тухай, газрын нэрсийн домог ба гарал үүслийн тухай маш нарийн бичсэн бөгөөд бүх гацаа, сумуудын 103 газрын зургийг монгол хятад үсгээр нэрс хадаж тодорхойлсон номын эзэн Нэхийт гуайгаас авсан сурвалжилгаа та бүхэндээ дэвшүүлж байна.

Уншигчидтайгаа танилцуулж байгаадаа баяртай байна. Та өөрийнхөө тухай яривал?

Нэхийт: Хөхнүүд халын Дэндэвийн Нэхийт, Хүлү улаан хошууны Зай хоёрдугаар сумын (одоогийн Архашаат суурин) уугуул. 1975 - 1985 он хүртэл гацаандаа нарийн бичгийн ажлыг хийж байгаад, 1984 онд (гацааныхаа ажлыг давхар хийж байв) - 1994 он хүртэл Адуунчулуу суман (анхны)-даа сумын дарга, намын даргаар ажиллаж байв. 1994 онд Шинэ Барга баруун хошууныхаа Ардын явдлын товчоонд ажилд орж, 2007 онд тэтгэвэртээ гарч нутаг усандаа бага сага юм бичиж үлдээе гээд ном бичиж, эмхтгэн найруулж эхэлсэн. 2006 оноос анхны ном “Адуунчулуу сумны ойллого”-оо бичсэн.

 “Шинэ Барга баруун хошууны газрын нэрийдлийн ойлолого” ном бол таны хошуу нутагтаа өргөж байгаа дөрөв дэх ном юм байна. Энэ номныхоо тухайд?

Нэхийт: Би хошууныхаа Ардын явдлын товчоо, Мал аж ахуйн товчоо, ядуурлыг бууруулах албанд ажиллаж байсан хашир туршлагатай хүмүүсийг цуглуулж найруулах баг байгуулаад Үндэстний хэрэг эрхлэх товчоонд тусгай албан газар гаргаж, Үндэстний хэрэг эрхлэх товчооноос шууд хариуцаж 2008 оны 6 дугаар сараас 2011 оны сүүлч болтол тус номыг бичиж дуусгалаа. Тэгээд “Шинэ Барга баруун хошууны газрын нэрийн ойллого” гэж нэрлэсэн.

Номдоо 1837 онд Барга найман хошуу Хөлөнбуйрт ирж сууришснаас хойших засаг захиргааны хөгжил хувирлын байдал, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсанаас хойших газрын нэрийдэлд бүртгэл хийлээ. Бүх хошууны 3313 газрын нэрийг илтгэн бичиж, газрын нэр солигдохоос сэргийлж монгол хятадаар нэр хадсан. Газрын нэрээ баталгаатай болгохын тулд хошууныхаа Ардын явдлын товчоонд очиж засаг захиргааны хууль ёсны зөвшөөрлийн шалгалтыг өгсөн. Мөн газрын нэрсийг гаргахад хэдэн төрлийн юмыг нэмж бичиж оруулсан юм. Газрын нэрэнд жишээлбэл уртраг өргөргийг бүх хошууны хэмжээнд дөрвөн зуу гаруйг хэмжин гаргаж, 3300 гаруй газрын нэр дотроос 1500 гаруй газрын нэрд далайн түвшнээс дээших өргөдсөн хэмжээг хэмжин гаргасан. Газрын нэрийн бүтцийн тайлбартай, гурван жилийн дотор би өөрийн хувийн тэргээрээ зургаан удаа бүх хошууг тойрч сум сумаар, уул овоогоор явж газрын байцыг шинжиж тэмдэглэж явлаа. Баруун хошуунд далайн түвшнээс 800 метрээс дээших уул овоо бараг 30-аад байна. Эдгээр уул овоо ямар түүхтэй, ямар тахилгатайг буюу онц өндөр уул овоонуудад бүр танилцуулга бичсэн. Шинэ Барга баруун хошууны анхны тахиж байсан уул овоо 74 байсан бол одоо зөвхөн 34-ийг л тахиж байна. Тэр нь аль гацааны нутагт байх, хэзээнээс эхэлж тахиж, хэдий болтол тахисан гэх мэтээр  74 уул овоог бүгдийг танилцуулсан. Тэгвэл сүм хийд байгуулсан газар 44 байна. Үүнийг бас бүгдийн танилцуулсан, газар нутгийн эх баялаг, рашаан усаа мөн бүгдийг танилцууллаа.
 

Таны номууд ар араасаа маш хурдан хэвлэгдэж байгаа бөгөөд олны дунд нөлөө ихтэй байна. Ойрын үед ном бүтээл хэвлэгдсэн үү? Хэчнээн номтой болж байна?

Нэхийт: “Шинэ Барга баруун хошууны газрын нэрсийн ойллого” бол миний дөрөв дэх ном. “Адуунчулуу сумны ойллого“ бол анхны ном “ Адуунчулуу” бол хоёрдох ном. “ Бүлгэмдэл гацааны өөдлөн дээшилсэн 60 жил” 1947-2007 он бол гурав дах ном минь байгаа юм. “Манлай гацааны ойллого”, “Цэнгэл гацааны ойллого”, “Баянуул гацааны ойллого”, “Барга хүүхэд” зэрэг дөрвөн ном саяхан хэвлэгдээд байна. Одоо нийт найман номтой боллоо. Өчигдөр буюу 9 дүгээр сарын 15-ны өдөр “Барга хүү” номын хуримын ёслолоо хийсэн. “Барга хүү” ном бол Шинэ Барга баруун хошууны соёлын ордонд ажиллаж байсан Хувьт гэдэг хүний зохиол бүтээлийг эмхэлж найруулсан ном юм.

Таны бас хэдэн ном бас бэлэн болоод байгаа гэсэн. Танилцуулбал?

Нэхийт: Тиймээ, одоо яг хэвлэлийн хороонд өгчихөөд байгаа. Нийт 5 номын эх бичиг тэнд хянуулж байгаа. “Шинэ Барга баруун хошуу”, “Шинэ Барга баруун хошууны овоо уулын тахилга”, “Саруул тал” сэтгүүлийн олдвор, “Цэцэглэл гацааны ойллого”, ”Баргын уламжлалт өв соёл” гэсэн 5 ном байгаа. Баргын уламжлалт өв соёл” гэсэн номоо гаргах гээд арван хэдэн сэдэв бэлтгээд байсан. Уул овооны тахилгын тухай сүм хийд, эрийн гурван наадам, уламжлалт тоглоом даруй шатар шагай, даваа гэх мэтийн найман төрлийн барга ястны нааддаг тоглоомыг тоглох аргатай нь танилцуулна. Гар урлал, Баргын гоёл заслын зүйлс, Баргын нүүдэлчин амьдралын эдлэл хэрэгсэл хүртэл нарийн танилцуулгууд багтана. Үүнээс гадна таван хошуу малаа нас, зүс, им тамга хүртэл бүгдийг танилцуулна. Ардын уламжлалт хонин засал, яс барих арга, рашаан засал гэх мэтийн өвчин засах аргын талаар бас эмхтгэж байна. Тэгээд зарим агуулгыг нь тусгай ном болгосон.

Тэгвэл ураг хуримын зан заншил, цагаан сарын золголт, ерөөл магтаал, захиа сургаал гэх мэтийг бас эмхтгэж найруулахаар бэлтгэж байна.

Таны энэ үйл ажиллагаа маш суралцууштай, бишрэхээр юм. Таны ингэж хийж байгаа зорилго юу вэ?

Нэхийт: Нэг үндэстэн нэг ястан үг хэл, үсэг бичиг, газар нутаг, тогтсон аж ахуйн суурьтай байх хэрэгтэй, Энэ бүхнээс газар нутаг хамгийн чухал билээ. Манай өвөг дээдэс газар нутгаа хайрлаж, уул овоогоо хүндэтгэн сүсэглэн тахиж ирсэн. Газрын нэр нэрийдлийг бичиж үлдээж байгаагийн зорилго бол бид өөрийн газар орныхоо нэрийдэл, түүх соёлыг хойч үедээ таниулж үлдээх нь  маш чухал. Бид өөрийн эх нутаг, газар усаа хайрлаж, үндэстэн ястныхаа өв соёлыг хүндэтгэж хөгжүүлэхэд илүү хүч гаргавал зохино. Миний номуудаа хийхэд хүчээ өргөсөн хүмүүс, манай найруулах зөвлөлийн бүх нөхөд болон “Шинэ Барга баруун хошууны газрын нэрсийн ойллого” ном мэндлэхэд тус дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүстээ талархаж байна. Үргэлж халуун сэтгэлийн дэмжлэг хүргэдэг бүх нөхдөдөө баярлаж байна.

Нутаг усны ард олондоо нэгийг хийж үлдээх юмсан гэж хичээж яваа буурал минь эрүүл тэнхлүүн байж үр хүүхдээ үнэсэн баярлаж, урт насалж удаан жаргаарай!

Зохиогч: Бэлтгэсэн Хөлөнбуйрын өдрийн сонины сэтгүүлч Насанцэцэг
Найруулагч: Цэнгэл
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл