Ирэх ням гаригт Чингисийн талбайд ийм нэртэй өдөрлөг болно. Энэхүү өдөрлөгийг угтан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал, АУ-ны доктор Н.Эрдэнэбаяр уншигч та бүхэнд мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт уншигчид, ард иргэд та бүхэнд “Цусны Донорын Дэлхийн Өдөр”-ийг тохиолдуулан хувиасаа болон Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Тус төв нь 1963 онд Цус сэлбэх төв станц нэртэйгээр үүсгэн байгуулагдсан ба эдүгээ бүтэц зохион байгуулалт, техник технологи, үйл ажиллагааны цар хүрээ өргөжин Цус сэлбэлт судлалын үндэсний төв болж улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байна. Цусны албаны үйл ажиллагааг ачтан доноруудгүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд энэхүү түүхэн цаг хугацаанд ойролцоогоор 140-150 гаруй мянган донорууд тус төвөөр үйлчлүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төрөөс донорын цус, цусны бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах талаар баримтлах бодлого, Цусны аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, тогтоомж, тушаал, зааврыг хэрэгжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион явуулж байгаагийн үр дүнд сайн дурын, авлагагүй донорын тоо хурдацтай өсөн нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна. 2015 оны 4 сараас эхлэн ЭМС-ын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж хэвшээд байна.
Цусны хангамж, аюулгүй байдалд улс орнуудын төр засгийн анхаарлыг хандуулах, донор элсүүлэлт, хадгалалтыг сайжруулах, ачтан доноруудыг нийгэм хамт олонд алдаршуулах, сургалт сурталчилгааны ажлыг өргөжүүлэх зорилгоор 2003 оноос эхлэн жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг уламжлал болгон цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэн ирсэн билээ. 2015 онд энэхүү өдрийг ДЭМБ-ийн гишүүн 190 гаруй улс орон нэгэн зэрэг “Амьдрал бэлэглэсэн-Донор танд баярлалаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү өдрийн хүрээнд хүндэтгэлийн арга хэмжээг Чингисийн талбай зохион байгуулж Улаанбаатар хотын хэмжээнд 54 донор “Хүндэт донор”-ын болзол ханган цол тэмдэгээ гардан авна. 2014 онд улсын хэмжээнд 20000 гаруй донор цусаа бэлэглэсэн.
Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
ЦССҮТ-ийн захирал, АУ-ны доктор Н.Эрдэнэбаяр
