solongonews
Орхон гол
2015-10-09 11:22
Орхон гол
Өвөр Монголын яруу найрагч Хасбаатарын Дуламжав

Орхон гол над руу урсана

Одон цоохор бөмбөрцгийг нар зөв бүсэлж урсана

Дээдсийн минь сүнсийг тайвшруулж намуухан урсана

Дэндүү гэнэн аашийг минь ирлэж над дундуур урсана

 

Орхон голын долгио магнайн атираа шиг харагдана

Олон зууны дэргэдэх онгосон түүх зурайна

Цагийн хүрдэнд элэгдсэн болохоор чулууд нь гүн ухаан шиг мөлийнө

Цагаан сүүдэрт сэвтээгүй болохоор салхи нь хангал буга шиг дагшина

 

Орхон гол “Нууц товчоо” дээгүүр урсана

Орчлонг зөөллөж ил товчоон болж урсана

Омогт баатрын мөр шингэсэн болохоор сүжиг амтагдана

Онгодоо манаж ирсэн болохоор шүлэг амсагдана

 

Орхон голын гүнээ саран согтуу хоноглоно

Одот тэнгэр дөлгөөн урсгалд нь сэрүүцнэ

Ороо морьдын янцгаа хааяа тодорно

Одоохон мордох уу гэсэн шиг над итгэл хайрлана

 

Орхон голын хөвөөнөөс чулуу нэгийг өвөрлөв

Оволзох зүрхний минь илчинд амилан бүлээсэв

Тун ч алсын хүслээ шившин шившин даатгав

Тунгалаг ариун усанд нь би хөө хуягтай харагдав

 

Найруулагч: До.Болдхуяг
Эх сурвалж : ӨВӨР МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ДЭЭЖИС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл