solongonews
Хүүхдээ харсан эхэд тэтгэмж өгөх хуулийн төслийг та дэмжих үү?
2015-12-28 18:21
Эмэгтэйчүүд бидний олонх нь хүүхдээ төрүүлээд хангалттай ч харж чадалгүй ажилдаа ордог нь нийтлэг үзэгдэл билээ. Манайх гэхэд байрны лизингтэй байсан учраас нөхөртөө нэмэр болохын тулд хүүхдээ зургаан сартайд нь ажилдаа орж байлаа. Харин манай ажлын эмэгтэй саяхан төрөөд хүүхдээ гурван сартайд нь ажилдаа орж байна. Шалтгаан нь бас л минийхтэй адилхан. Гэр орны орлого, хоол хүнс дутчих вий гэсэндээ л эмэгтэйчүүд бид өөртөө ахадсан хүндхэн ачааг ийнхүү үүрч явна.
 
Мэдээж, хүүхдэд мөнгө, орох орон, хоол хүнс хэрэгтэй ч ээжийнх нь хайр халамж, асаргааг хэзээ ч орлож чадахгүй. Тийм л учраас хүүхдээ хоёр нас хүртэл нь харах эрхийг хуулиараа ээжүүдэд олгожээ. Гэвч санхүүгийн эрх чөлөө, амьдралаа залгуулах үндсэн шаардлагын улмаас ээжүүд бидний үүрэг хуульд тусгаснаас халиад байна. 
 
Хүүхдээ хоёр нас хүртэл нь харсан ээжид улсаас цалингийн доод хэмжээтэй тэнцэх тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ дахь эмэгтэй гишүүд санаачлаад байгаа билээ. Энэ нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль юм. Энэ хууль батлагдвал ээжүүд бид хүүхдээ гэртээ асрахаас гадна сарынхаа хүнсний орлогыг улсаас авах боломжтой болох юм. 
 
Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа "Жирэмсний зургаан сараас эхлээд төрөх хүртэлх хугацаанд нь тэтгэлэг болон хүнсний талон олгоё гэж байгаа. Мөн 0-2 насны хүүхдээ хараад сууж байгаа эхчүүдийг цалинжуупна. Би 0-2 насны хүүхдээ харж байгаа ээж биш аавд нь ч гэсэн тэтгэлэг олгодог больё гэдэг саналыг оруулж байгаа.
 
Гэхдээ хоёуланд нь өгнө гэсэн үг биш. Эхнэр нь өнөөдөр цалинтай учраас ажлаа хийгээд нөхөр нь хүүхдээ хардаг байж болно шүү дээ. Энэ тохиолдолд аавд нь тэтгэлэг олгох юм" гэж ярьсан юм. Харин Монголжингоогийн ээжүүд маань ямар саналтай байна вэ. Энэ хуулийн төсөлд та бүхэн ямар хандлагатай байгаагаа бидэнтэй хуваалцаарай.
 
Бид улстөржихдөө сайн. Оюутолгой, Тавантолгой гэж ярихдаа сайн. Үнийн өсөлтийг шүүмжлэхдээ бүр сайн. Тэгвэл одоо өөрсдөд маань, гэр бүлд маань хэрэгтэй энэ хуулийн төсөлд өөрсдийн саналаа нэмэх ямар боломж байна вэ. Энэ талаар ярилцацгаая. 
Та илүү ихийг манай грүппт нэгдэснээр мэдэх боломжтой
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл