Жирэмсний 27-40 дэх долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?
2015-12-28 18:21
Хорин долоо дахь долоо хоногт таны хүүхэд
Одоо таны хүүхэд бараг 910 гр жинтэй, ойролцоогоор 381 мм өндөртэй болжээ. Хэрэв таны хүүхэд энэ долоо хоногт төрвөл амьдрах чадвар нь 85 хувьтай байх болно. Учир нь одоохондоо тэрээр хангалттай хөгжиж гүйцээгүй, бас амьсгалах чадвар нь хөгжиж гүйцээгүй байгаа юм. Тиймээс энэ долоо хоногт төрсөн хүүхдийг инкубаторт нэгэн хэвийн хэмд бойжуулдаг. Тэдний элэг ч хангалттай хэмжээнд хөгжиж чадаагүй учраас тусгай арчилгаа ихээр шаарддаг байна.
Онцгойлон нэг зүйлийг тэмдэглэхэд хүүхэд эхээс төрөхдөө амтыг хамгийн сайн мэдэрдэг байна. Түүнээс хойш энэхүү мэдрэмж нь буурч нэгэн хэвд хадгалагддаг аж. Тиймээс дөнгөж төрсөн хүүхдүүд ээжийнхээ хөхний сүүг бусдынхаас ялгаж танихдаа маш чадварлаг аж.

Улам бүр томорч буй таны хүүхэд жингээрээ нуруунд тань илүү их даралт өгч байгаа. Улмаар нуруу, хөл өвдөх нь энгийн үзэгдэл юм. Тиймээс та нуруу, хөл өвдсөн үедээ аль болох удаан алхахаас зайлсхийж хөлөө дээш сойж хэвтэх нь илүү таатай мэдрэмжийг өгөх болно. Мөн халуун устай онгоцонд суух, байрлалаа хурдан хурдан өөрчлөх нь танд тусална.
Таны жингийн нэмэгдэл болон тэлж сунаж буй арьсны нөлөөгөөр гэдэс, хөхөн дээр чинь язралтын зураасууд бий болж мэдэх юм. Мөн гутал, оймсоо өмсөх гэж илүү их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Тиймээс та 20 цагаас өмнө аль болох их хэмжээний цэвэр ус уух нь арьсыг чийглэж, уян хатан болгон язралтаас сэргийлдгийг ойлгох хэрэгтэй.
Та одооноос эхлэн долоо хоногт 500 орчим гр-аар жин нэмэгдэх болно. Жирэмсэн эхчүүд хоёр хүний порцоор иддэг гэсэн яриа байдаг ч бодит байдал дээр энгийн хүнийхээс 300 ккал-аар л илүү хүнс тэжээл хэрэглэх нь хангалттай юм.
Хорин найм дахь долоо хоногт таны хүүхэд:
Энэ долоо хоногт таны хүүхэд үнэрлэж, амталж чадахаас гадна нүд нь нүд нь нулимс ялгаруулж чаддаг болжээ. Яснууд хэдийнэ гүйцэж хөгжиж байгаа ч зөөлөн хэвээрээ байгаа. Одооноос эхлэн тэрээр маш хурдацтай жин нэмэх болно. Одоо түүний өндөр 390 орчим мм болсон бол 1133 орчим гр жинтэй болжээ.
Энэ долоо хоногоос төрөх хүртэлх хугацаанд таны ургийн тархи 400-500 хувиар өсч томордог байна. Таны хүүхдийн одоо хийж буй гол ажил нь эрхтэн системийн хөгжлөө гүйцэд дуусахыг хүлээх явдал болоод байна. Түүнчлэн тэрээр цаг хугацаатай уралдан өөхөн давхарга хуримтлуулж байна. Бас хөхөх болон залгих чадвар нь сайжирч байна.

Таны гэдэс улам томорч байна. Тийм болохоор танд илүү тавгүй, таагүй мэдрэмжүүд нэмэгдэх болно. Хөл тань ихээр өвдөж, унтахад тавтай байрлал олоход ч амаргүй болох болно. Хавирга руу гэнэт гэнэт хүчтэй тийрэх хүүхдийн хөдөлгөөн заримдаа аягатай цай цалгитал цочоох нь ч бий. Та халууны улиралд хэвлийдээ хүүхэд тээж байгаа бол аль болох цэвэр усаа хангалттай их хэмжээгээр уух нь ядрах, тамирдахыг багасгана гэдгийг бүү мартаарай.
Энэ долоо хоногоос эхлэн өдөрт 30-хан минутыг дасгал хийхэд зориулж зангаарай. Энэ нь танд болон таны хүүхдэд ашиг тустай.
Хорин ес дэх долоо хоногт таны хүүхэд:
Энэ долоо хоногт таны хүүхэд 1150 орчим гр жинтэй, 431 орчим мм өндөртэй болжээ. Таны хүүхдийн бөөрний булчирхайнаас ялгарсан химийн нэгдэл нь эхэсээр дамжин эстрогений төрлийн даавар болж байгаа. Энэхүү эстроген нь цусны пролактик дааврын бий болох нөхцлийг сайжруулснаар сүү боловсруулах чадварыг нэмэгдүүлдэг байна. Тун удахгүй төрөх үр тань ийнхүү анхны хооллолтондоо бэлдэж байна. Долоо хоног өнгөрөх тусам таны хүүхэд хүчирхэг, эрүүл чийрэг болсоор байх болно. Түүний тархи одоо амьсгалах хэмнэлээ олж илрүүлж, биеийн хэмээ тэнцвэржүүлэн удирдаж чадаж байгаа. Түүний сормуус улам урт ургаж, өөхөн давхаргууд ч нэмэгдэнэ. Тархины хөгжил тасралтгүй үргэлжилж байгаа учраас энэ долоо хоногоос эхлэн тэрээр зүүдэлж байгаа гээд та бод доо.
Пролактин даавар нэмэгдэхийн хэрээр таны хөхний хэмжээ нэмэгдэж, хүнд болсон мэт мэдрэмж төрөх болно. Мөн хөхнөөс уураг ялгарч болох юм. Одоо таны умай томорсноос давсган дээр даралт өгөх болно. Ингэснээр анх жирэмсэн болоход ойр ойрхон шээс хүрч байсан мэдрэмж давтагдаж мэдэх юм. Танд эмчээс тань ямар нэг хориг тавиагүй бол одоо ч усанд сэлж, дасгал хийж, йогад явахад буруудахгүй.

Энэ долоо хоногоос эхлэн дэлгүүр хэсч төрөхийн өмнөх хэрэгтэй зүйлсээ цуглуулахад цаг гаргаарай. Учир нь гэдэс тань удахгүй улам томорч, гэрээс гарахад ч хүндрэлтэй болох учир өөрөө өөртөө хэрэгтэй зүйлээ сонгох нь зүйтэй. Тухайлбал, хөхүүл үеийн хөхний даруулга, хүүхдийн хувцас, унтлагын хувцас, машины хүүхдийн суудал, живх, нойтон салфетка, алчуур зэрэг гар дор шаардлагатай зүйлсээ цуглуулах хэрэгтэй.
Гучин долоо хоногтойд таны хүүхэд:
Одоо таны хүүхдийг зогсоовол 406 орчим мм өндөртэй болжээ. Өөрөөр хэлбэл, тэрээр зөөврийн компьютерийн дайтай өндөр болсон байна. Жин нь бараг 1359 гр болсон байна. Энэ долоо хоногоос эхлэн төрөх хүртэлх хугацаанд ихэнх хүүхдүүд янз бүрийн хэмжээгээр жингээ нэмдэг байна.
Дараагийн зургаан долоо хоногийн туршид таны хүүхэд бараг хоёр дахин өндөр болох болно. Одоо тэрээр янз бүрээр хөдөлж байгаа. Ялангуяа, толгой нь түрүүлсэн байрлалд байгаа болохоор чөлөөтэй гар, хөлөө хөдөлгөн тийрнэ. Түүний хамгийн чухал эрхтэний нэг болох тархи хурдтай хөгжсөөр байна. Өөр дээр нь тусах гэрэлд хариу үзүүлж нүдээ аньж чадаж байгаа.

Таны умай томрохын хэрээр өрц шахагдсанаар та илүү их амьсгаадаж буйгаа энэ долоо хоногоос мэдрэх байх. Тиймээс аль болохоор чөлөөтэй байж, тайван амьсгалахыг хичээх хэрэгтэй. Одоо таны гэдэс тарвасны дайтай томорсон байгаа. Хэдийгээр гэдэс томорч байгаа ч энэ үед эмч хориглоогүй бол хосуудын бэлгийн амьдрал хэвийн үргэлжилдэг. Жирэмсний үед ямар нэг эрсдэлгүй тохирсон байрлалуудыг сонгож авах нь чухал юм.
Энэ долоо хоногоос эхлэн та төрөх бэлтгэл сургуулилтад бэлтгээрэй. Тийм сургалтад сууснаар анхан төрөгчид мэдлэгтэй болсноор хүүхдээ зөв хөхүүлэхэд ч нэмэртэй байх болно.
Гучин нэгэн долоо хоногтойд таны хүүхэд:
Энэ долоо хоногт таны хүүхэд 1586 орчим гр жинтэй байх болно. Тэрээр жин нэмэх нь улам түргэсч байгаа. 420 орчим мм өндөртэй болсон бөгөөд өсөлт хөгжил нь маш түргэн явагдаж байна. Тэрээр маш идэвхтэй хөгжиж байгаа учраас танд цагт арван удаа тийрэх, эсвэл өшиглөх мэдрэмж төрүүлэх нь энгийн үзэгдэл байх болно.

Хяналтын зарим эмч хүүхдийнхээ хөдөлгөөнийг цагт хэд байгааг нь тоолон тэмдэглэхийг зөвлөдөг. Харин зарим нь ажиглахыг зөвлөдөг байна. Таны хувьд хүүхдийн хөдөлгөөн удаашрах мэдрэмж төрвөл юун түрүүнд аяга жимсний жүүс уухыг хичээгээрэй. Энэ үед хүүхдийн хөдөлгөөн нэмэгдэхгүй бол эмчид хандан зөвлөгөө авч, эхо-д ч хүүхдээ харуулах нь эрсдэлээс сэргийлэх арга юм.
Таны гэдэс томрохын хэрээр шээс ойр ойрхон хүрэхийн хамт шөнө олигтой унтаж чадахгүй байх нь элбэг байх болно. Томорсон гэдэснээсээ шалтгаалан унтах байрлал ч хумигдсанаас тэр юм.
Гучин хоёр долоо хоногтойд таны хүүхэд:
Одоо таны хүүхэд амьсгалах бэлтгэлээ хангаж байна. Ингэснээр тэрээр төрсний дараа анхны амьсгалаа авах туршлагатай болно. Түүний биеийг бүрхэж байсан зөөлөн шар үснүүд одоо үгүй болжээ. Одоо тэрээр 431 орчим мм өндөртэй, 1812 орчим гр жинтэй болсон байна. Энэ долоо хоногт таны хүүхэд төрвөл амьдрах чадвар нь боломжийн хэмжээнд байх болно.
Энэ долоо хоногоос эхлэн төрөх хүртэлх хугацаанд та долоо хоногт 450 орчим гр-аар жин нэмнэ. Энэхүү нэмэгдлийн тал нь таны хүүхдийн ус байх юм. Та өндөр агуулгатай содатай хүнс болон нүүрсхүчил агуулсан ундаанаас татгалзаарай. Нүүр болон гараар хавагнавал та яаралтай эмчдээ хандаарай.

Учир нь энэ нь жирэмсний хожуу үеийн хордлогын урьтал шинж байж болох юм. Та ажлаа хийсэн хэвээрээ байгаа бол тун удахгүй жирэмсний амралтаа авах ёстой гэдгээ бүү мартаарай. Дараагийн зургаан долоо хоногт таны шийдэх гол зүйл бол нийт эхчүүдийн 60 хувийг эзэлж буй ажилдаа түргэн орох шийдвэр гаргагчдыг дагах, эсвэл эхчүүдийн 40 хувийг эзэлж байгаа гэрийн эзэгтэй болох сонголт юм.
Гучин гурван долоо хоногтойд таны хүүхэд:
Энэ долоо хоногт таны хүүхэд ойролцоогоор 431,8 мм өндөртэй, 2039 гр жинтэй болсон байна. Энэ долоо хоногоос эхлэн таны хүүхэд долоо хоногт 200 орчим гр-аар жин нэмэх болно. Таны хүүхэд одоо толгой нь түрүүлсэн байрлалтай байгаа. Удахгүй доошилсоор дараагийн зургаан долоо хоногийн аль нэг өдөр төрөхөд бэлтгэх болно. Үүнээс гадна тэрээр төрөх хүртэлх хугацаандаа танаас тасралтгүй дархлааг тань өөртөө шингээн авч байна. Энэ долоо хоногт таны хүүхэд төрвөл дархлалын систем нь бүрэн хөгжиж дуусаагүйгээс илүү халамж анхаарал, орчны нөлөөллөөс хамгаалах шаардлага гарах болно.

Жирэмслэлтээс үүдэлтэй ядрах байдал илэрч байна уу. Тун удахгүй та хүүхдээ төрүүлээд бие хөнгөрч, бяцхан үрээ асрах, халамжлах зэргээр харамгүй хайраа зарцуулах жаргалтай өдрүүд хаяанд ирснийг санаарай. Энэ долоо хоногоос та хөхөө арчлаарай. Бяцхан үрийнхээ анхны хоолыг та ангир уургаараа дамжуулан өгөх учир өтгөн хар цай, эсвэл буцалсан усаар норгож имрэх хөдөлгөөнөөр хөхнийхөө толгойг нааш гаргаарай. Ингэвэл хүүхэд хөхөө хөхөхөд нь амар болохын хамт танд ч хөхний толгой хагарах бэрхшээл тулгарахгүй.
Гучин дөрвөн долоо хоногтойд таны хүүхэд:
Одоо таны хүүхэд илүү гүнзгий амьсгалж байна. Нүд нь чөлөөтэй нээгдэж, нарны өөдөөс харахдаа ярвайж хариу үйлдэл үзүүлж байна. Одоо түүний өндөр 457 орчим мм, жин нь 2265 орчим гр болжээ. Одоо түүний тархинд хэдэн их наяд холбоосууд үүсч байна. Тэрээр зүүдэлж чаддаг, түүнийгээ илүү бодитой мэдэрдэг болж байгаа. Таны хүүхдийн тархины хөгжил улам хурдаст төрөх үедээ насанд хүрсэн хүнийхээс гурав дахин жижигхэн ч маш сайн хөгжсөн байдаг.
Одоо таны умай жирэмслээгүй байсан үеийнхээсээ 500-1000 дахин томорсон байна. Хэдийгээр ийнхүү томорч байгаа ч таны умай хүүхдийн тань хувьд зөөлөн, уян хатан гайхамшигтай гэр нь болж байна. Та одоо ойр ойрхон ариун цэврийн өрөө рүү гүйдэг ажилтай болсон байх. Улам бүр томорч байгаа таны умай давсган дээр дарснаар ойр ойрхон шээс хүрч байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Иймээс та өдрийн эхэнд хангалттай хэмжээний шингэн уухыг хичээгээрэй. Харин оройн цагаар уух шингэний хэмжээгээ багасгаснаар шөнө олон дахин ариун цэврийн өрөө орохоос зайлсхийж чадна.

Бид төрж амаржиж буй эмэгтэйчүүдийн талаарх бодит мэдээлэл, бодит бичлэгийг телевиз, интернэтээс олонтаа харсан. Тэдгээрт дурдсанаар эхлээд таны ус хагарч, таны амьсгал давчдаж, хашгирч, “Хүүхдийн толгой цухуйчихлаа” гээд л. Тиймээс та одооноос бодитоор төрөх бэлтгэлд суралцаж, мэдээлэл цуглуулах хэрэгтэй.
Та одоогоор машиндаа нярайн машины суудал аваагүй байгаа бол төрөхөөсөө өмнө аваарай. Мөн амаржихаар эмнэлэгт авч хэвтэх зүйлсээ бэлтгэж, уутлаарай.
Гучин тав дахь долоо хоногт таны хүүхэд:
2300 орчим гр жинтэй болсон таны ураг 508 орчим мм өндөртэй болжээ. Тэрээр одоо цаг хугацаа бүрийг алгасалгүй төрөхдөө бэлтгэж байна. Түүний мэдрэлийн болоод дархлааны систем үргэлжлэн хөгжиж, өөхөн давхаргаар биеэ хучиж байна. Ингэснээрээ тэрээр биеийн дулааны хэмээ удирдах боломж нь бүрддэг билээ. Түүний хөлийн хуруунаас толгойн үс хүртэлх эрхтэн систем бүрэн хэлбэрээ олжээ. Энэ долоо хоногт таны хүүхэд төрвөл 99 хувийн амьдрах чадвартай байх болно.

Таны улам бүр томорч буй гэдэснээс шалтгаалан таагүй байдал нэмэгдэх болно. Үүнээсээ болж амархан ядарч сульдах нь энгийн үзэгдэл юм. Хэрэв та өдрийн турш суудлын ажил хийдэг бол ойр ойрхон алхах болон хөдлөх байдлаар хөлөө амраагаарай. Та хүүхэдтэй эсвэл тэжээвэр амьтантай бол тун удахгүй амаржихдаа бэлтгэн тэднийг таныг эмнэлэгт байх хугацаанд найдвартай харж, асрах хүмүүст эртнээс даатгаарай.
Гучин зургаан долоо хоногтойд таны хүүхэд:
Таны хүүхдийн жин 2720 орчим гр болж, өөхөн давхарга ч хангалттай бүрдсэн байх болно. Түүний өндөр 521 орчим мм болжээ.
Энэ үед таны хүүхдийн хөдөлгөөн удаашраад байгаа мэт мэдрэгдэж байна уу. Үүнд санаа зовох хэрэггүй. Арван ээжийн тавынх нь мэдэрснээр гэдэс нь томрохын хэрээр хүүхдийнх нь хөдөлгөөн удааширсан байдаг. Энэ үед таны хүүхэд өдөрт арав болон түүнээс дээш удаа хөдөлж байвал хэвийн гэж үзэх юм.

Хэрэв та хүүхдийнхээ хөдөлгөөнд санаа зовж байгаа бол аяга чихэртэй ус уугаад үз. Ингэхэд ихэнх хүүхдийн хөдөлгөөн идэвхждэг байна. Ингэсэн ч таны санаа зовсон хэвээрээ байвал эмчдээ хандаарай.
Одооноос таны хийх ажлын нэг нь хүүхдээ төрснийх нь дараа ямар эмчид хандаж үзүүлж, зөвлөгөө заавар авах вэ гэсэн асуудал. Мөн хүүхдээ харшилтай болгохгүйн тулд ямар хүнснээс татгалзах тухай мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тухайлбал, усан үзэм, жүрж, шоколад зэрэг хүүхдийг хөхүүл үеийн диатезтай болгох хүнснээс татгалзаарай.
Гучин долоон долоо хоногтойд таны хүүхэд:
Одоо таны хүүхэд 533.4 мм өндөртэй, 3171 орчим гр жинтэй болжээ. Тэрээр одоо л ёстой нэг дөнгөж төрсөн нярай шиг харагдаж байгаа. Энэ долоо хоногоос таны хүүхэд төрөх байрлалдаа шилждэг. Үүгээр ч зогсохгүй амьсгалах сургуулилт хийж байгаа. Одоо тэрээр ихээр томорсон болохоор хөдлөх орон зай нь хумигджээ.

Энэ долоо хоногт таны умайн амсрыг таглаж буй салиа бага багаар гадагшилж болох юм. Энэ нь боровтор өнгийн нусархаг зүйл юм. Та одоо гэдсэн дээрх жирэмсний язралтандаа санаа зовж байна уу. Эдгээр нь таныг төрсний дараа өнгөө өөрчилж, бараг мэдэгдэхгүй болох учраас санаа зовох хэрэггүй.
Магадгүй танд энэ долоо хоногоос хуурамч өвдөлт мэдрэгдэх байх. Энэ нь төрөхийн өвдөлт шиг хэр нь бага багаар илрээд намддаг өвдөлт юм. Харин жинхэнэ өвдөлтийн үед илүү хүчтэй, илүү бодитой байх болно.
Энэ долоо хоногт та эмнэлэгт хэвтэхдээ авч явах зүйлсээ бэлтгэхээ мартаж болохгүй. Ялангуяа, утасны дугааруудаа ч авч явахаа мартав.
Гучин найман долоо хоногтойд таны хүүхэд:
Одоо таны хүүхэд 546 орчим мм өндөртэй, 3398 орчим гр жинтэй болжээ. Тэр одоо бүрэн гүйцэд хөгжлөө олжээ. Хумснууд нь сайн ургасан бөгөөд хурууны өндөгнөөс илүү гарч эхэлж байгаа.

Магадгүй та энэ үед хүзүүгээр хөших, дотор муухайрах мэдрэмжийг мэдэрч болоох юм. Тиймээс аль болох сайн амарч, бага багаар олон удаа идэх хэрэгтэй. Ингэхдээ шим тэжээл сайтай хүнс сонгоорой. Эмч нарын үзэж буйгаар 38-41 долоо хоног тээгдсэн ураг нь бүрэн тээгдсэнд тооцогддог.
Та хүүхдээ хөхөөрөө хооллохоор шийдсэн бол одооноос хөхөө арчилж, хөхний толгойгоо нааш гаргах дасгалуудыг хийгээрэй. Ингэхийн тулд өтгөн хар цай, эсвэл буцалсан усаар, эсвэл усанд орж байхдаа хөхний толгойгоо норгож имрэх хөдөлгөөнөөр нааш татах хэрэгтэй.
Гучин есөн долоо хоногтойд таны хүүхэд:
Энэ бол таны хувьд гэртээ байх цаг. Есөн сарыг таныг умайд өнгөрүүлсэн үрд тань одоо хэзээ л бол хэзээ төрөх боломж нь нээгджээ. 39 долоо хоногтойд таны хүүхэд бүрэн гүйцэд хөгжиж, 584 орчим мм өндөртэй болж, бараг 4530 гр жинтэй болсон байх болно. Гэхдээ энэ бол зөвхөн ойролцоо тоон хэмжээсүүд гэдгийг бүү мартаарай. Хүүхэд бүр янз бүрийн жинтэй төрдөг.
Хүүхдийн тань мэдрэлийн холбоосууд улам бүр нэмэгдэж, жин ч мөн нэмэгдэж байгаа. Судлаачдын тайлбарлаж буйгаар хүүхэд төрөхөд бэлэн болсон бол эхэсдээ андрогений химийн дохио өгч, улмаар эстрогений хэмжээ нэмэгдэж төрөлтөд эхийнх нь бие мах бод бэлтгэгддэг байна. Тиймээс л “Хэзээ төрөхөө хүүхэд өөрөө мэднэ” гэсэн үг гарсан биз ээ.

Та одоо тайван байж төрөх ямар нэгэн шинж илрэхэд өөрийгөө зоригжуулж, хүүхдээ төрүүлэхийн тулд хийж буй хөдөлмөр хэмээн төрөх үйл явцыг хүлээж аваарай. Тиймээс өдөр бүр төрөхдөө бэлтгэж, сэтгэлзүйгээрээ тайван байх нь хамгийн чухал юм. Энэ бол байгалийн үйл явц. Төрөхийн өвдөлт бол өвдөлт биш харин хүүхдээ төрүүлэхийн тулд хийж буй таны хөдөлмөр юм.
Таныг өвдөж байхад хүүхэд тань тэр жижигхэн зайгаар гарахын тулд танаас ч дутахааргүй өвдөлтийг мэдэрч байгааг бас бүү мартаарай.
Та одоо ажлаа эрхэлж байгаа бөгөөд төртлөө ажиллахаар шийдсэн бол “Өнөө орой би төрвөл яах вэ” гэдэг байдлаар ажлаа төлөвлөж, бэлтгэлээ үргэлж хангасан байх ёстой.
Дөчин долоо хоногтойд таны хүүхэд:
Баяр хүргэе, таны хүүхэд одоо төрөх бүх бэлтгэлээ хангажээ. Зарим эхчүүд үүнээс хоёр долоо хоногийн өмнө төрдөг бол зарим нь үүнээс хойш төрөх нь ч бий. Энэ долоо хоногоос эхлэн эмч таны савны амсар хэдэн хуруу нээгдсэнийг шалгаж, төрөлт хэзээ эхлэхийг мэдэхийг хичээх болно. Энэ долоо хоногт эмч таны хүүхдийг эхо-д харж ус нь хэр хангалттай байгаа болон хүүхдийн биеийн байдал ямар байгааг бас шинжинэ.

Төрсний дараахь гайхамшгуудын нэг бол хүүхдээ хөхөөр хооллох явдал юм. Эхний хэдэн өдөр анхан төрөгчдийн хувьд хөхөөр хооллох нь бэрхшээлтэй байж болох ч тун удахгүй чадамгай хөхүүлдэг болно. Тиймээс төрсөн ээжүүд маань тайван байж бүх юм сайхан болно гэдэгт итгэх хэрэгтэй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
