solongonews
Үнэхээр их санаж байна
2015-12-28 18:21
Сайн байцгаана уу. Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдөр бүр цаг тутам хайртай ханьдаа хэлэе гээд ч хэлж чададгүй сэтгэлийн үгээ танай хамт олноор дамжуулан хүргэх болсондоо үнэхээр их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсээд захидлаа тэрлэе.
Сайн байна уу хань минь. Хань нь гэрээсээ гараад 3 хонолоо. Та гурвыгаа үнэхээр их санаж байна. Маграаш очно гэсээр байтал өдөр хоног өнгөрөөд л байх юм. Ханиа энэ амьдралаас надад өгсөн хамгийн гэгээн хамгийн нандин бүхний дээд нь чи минь юм шүү. Тэртээ найман жилийн өмнө чамайгаа анх хараад л дурлаж билээ. Тэгхэд чи минь 2р курсын жоохон охин зөрөөд өнгөрөхдөө л хараа булааж, зүрхийг догдлуулж , нэг л дулаан сайхан зүйлийг сэтгэлд минь шигтгэсэн. Ингээд л чинийхээ араас гүйж эхэлсэндээ. Тэр үед үнэндээ би гэдэг хүн үнэхээр засархааргүй хатуу , харьцаа муутай ер нь л хүн бүр надаас жийрхдэг хэцүү хүн байж дээ. Амьдралд алдасан алдаандаа гутраад хорвоо гэдэг туулж баршгүй элсэн цөл мэт санагдаж байсан даа. Яг л реплексээрээ амьд явах зөнгөөрөө л сажилж явж дээ. 
 
Яг л тэр хэцүү үед дурлалын бурхан шагнал болгож зүрхэнд минь онилсон гэрэлт сум чи минь байсан юм шүү. Гэхдээ л муу хань нь чамайгаа мөн ч их уйлуулсан муу эр хүн дээ. Тогоо шиг гэдэстэй чамдаа ямар ч онцын шалтгаангүй уурлаж, хар шөнөөр ч хамаагүй гарч гүйгээд л үнэхээр л авир муутай хэцүү байж дээ би чинь. Тэгэх болгонд л чи минь чимээгүйхэн мэлмэрээд л суудагсан. Хоолоо хийгээд гэрээ цэвэрлээд л...
 
Ингээд л миний чулуу шиг зүрх чинийхээ урсгал ус шиг дөлгөөг зангий тань аясаар элэгдэж эхэлсэндээ. Нэг л мэдхэд би ууган хүүгээ энгэртээ тэвэрч нүдэндээ биш ч сэтгэлдээ доголон нулимстай, нүүр дүүрэн мишээлтэй аав болчхоод зогсож байсансан. Гудамжаар ... Би хүүтэй болсон гээд хашгирмаар ч юм шиг өглөө ажилдаа явахдаа цээж дүүрэн баяр баясгалан, ямар их аз жаргалтай явдаг байсан гэж санана. Орой гэрээдээ яараад л алгын чинээхэн тэр халуун амь, амьдрал бэлэглэсэн хань хоёртоо тэмүүлсээр л харьж явахад би энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн болсоноо мэдэрч амьдрах итгэл урам зоригоор жигүүрлэж эхэлсэн дээ хань минь. 
 
Нээрээ би чамдаа хэзээ ч ингэж ярьж байгаагүй юм байна шүү. Бүх гэгээн дурсамж сэргээд сайхан байна аа ханиа. 
 
Гэхдээ тэр үед амьдрал амаргүй байсан шүү. Чи минь төгсөх ангийн оюутан улаан нялзрай хүүтэйгээ гэрт . Би гэж хүн ажил хийсэн нэртэй олсон юм хомсхон. Нүүрс түлээ хоол унд байхгүй урт хаврын олон ч зэвэргэн өдрүүдийг үдсэн дээ. Хүү маань уйлаад л ирэхээр хөх нь сүүгүй болчихсон . Аргагүй шүү дээ олигтой юм идэж уухгүй болохоор. Тэгээд л би гараад гүйнэ ойр хавийн дэлгүүрээс ганц уут боов зээлээч, печень зээлээч гээд л явж өгнө дөө. Ямар сайнаа л худалдагч нар нь ... Үеийн залуучууд чинь ганц шил юм ганц пиво зээлээч гэх юм харин чи боов боорцог гурил будаа гээл явж байх юм. Гэж явуулдаг байж билээ. 
 
Тэр бүх хэцүү үед ганц ч удаа гомдлын үг унагаж, надаас элдэв юм нэхэж байгаагүй чи минь жинхэнэ хатан тэвчээртэй монгол бүсгүй шүү. Чи минь үнэхээр л хамаг бүхнээ наддаа зориулсан сайн хань шүү. 
 
Одоо бол бид хоёр хөөрхөн хүүтэй дөрвүүлээ болчихоод сайхан байна аа ханиа. Одоо охинтой болчвол гээд л чамайгаа ярихаар хань нь огшоод л ирдэг юм. 
 
Хань амьдралаа улам сайхан болгоно гэж хэтэрхий шунаж яваад бас л багагүй алдаа хийлээ. Одоо хөөцөлдөж байгаа бүхэн минь бүтчихвэл хань нь шууд л давхиад очно о. Одоо ч хань нь их уяхан болждээ хүүгийн тухай эхийн тухай ханийн тухай сайхан дуу сонсоод л огшдог болж. Утсаар хоёр хүүгийнхээ дууг сонсоод л мэлмэрдэг болжээ хө. Хүн өөрчлөгдөж болдог гэдгийг хань биеэрээ мэдэрч яваа шүү. Чи минь мэднэ дээ хань юунд ч уурлахаа больсон байгаа биз. Намайг найзууд маань төмөр арьстай болгочихвол яг л робот болно доо гэдэг байсан. Одоо уулзвал гайхах байх даа. За тэр ч яахав хань нь өөрсдийн босгосон амьдралынхаа замыг тэгш дардан байгаасай гэж хоёр хүүдээ Тэгшзаяа, Тэгшжаргал гэж нэр өгсөн юм. Одоо удахгүй хөөрхөн охинтой болно оо хоёулаа. 
 
Орчлонг хайрлаарай гэдэг сайхан дуу байдаг даа ханиа. Аав ээж, залуухан амраг, амьдралаа хайрлаарай гээд л ... Тэр дуун дээр 
Энгүй уудам талыг хайрлаарай 
Элсний жингээр дарагдчихна ай хөөрхий
Эрхэлж наадах үрсээ хайрлаарай 
Энэлэнгийн жамаар үлдчихнэ ай хөөрхий... Гэж нэг бадаг нэмээд дуулвал яаг л бидний гэр бүл шиг бүтэн болохоор санагдана. 
Ханийнхаа өнгөрсөнд хийсэн алдаа бүхнийг уучлаарай. Харин чамайгаа хуурч байсан удаа бол надад үнэхээр байхгүй шүү ханиа. Чин сэтгэлээсээ энэ амьдралаа гэж өөрийн чадахаар тэмцэж яваа шүү ханиа. Найман жил хамт амьдрахдаа чамдаа гагц ч удаа ингэж хайртай гэдэгээ хэлж байгаагүй би их дотогшоо хүн шүү . Чамдаа би хязгааргүй хайртай чи минь намайгаа айлын эзэн хүүгийн эцэг, аав хэмээх эрхэм алдарыг хайрласан агуу их хайрын дээд шүү хань минь. Чамдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе. Би чамдаа хайртай үнсэе ханиа. Та гуравтаа удагүй очно оо. 
 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл