Нөхрийнхөө хайрыг хадгалж явахыг хүсвэл та хорвоогийн бүх эмэгтэйг төлөөлөх ёстой
2015-12-28 18:21
“Үргэлж өглөөний сайхан шүүдэр шиг гялалзаж, хэзээ ч нахиалж дэлгэрч гүйцдэггүй, гандан үжирдэггүй ганган цэцэгс шиг байх хэрэгтэй. Ямагт цоо шинэ, сэргэг, ямагт санаандгүй сайхан ургадаг цэцэгс бүхий бүхэл бүтэн цэцэрлэг шиг байж, түүнийг түүж үзлээ гэж эр хүн сэтгэл ханахааргүй байх ёстой.
Эр нөхөртөө таалагдахын тулд чи олон бүрхүүлтэй байх ёстой. Мянга түмээр солонгорон гялалзах хальстай, эрдэнийн чулуу шигтгэсэн этгээд сайхан даавуугаар хучин яваарай. Бүрхүүл чинь хэзээ ч дуусчихгүй байх ёстой шүү. Дандаа шинэчилж бай. Гэхдээ нөхөртөө нэг их мэдэгдэхээр байх хэрэггүй. Танд шунаж дурладаг хүн чинь сүүлчийн чинь бүрхүүлийг урах санаатай оролдох бүрд нь шинэчлэн ургуулж байгаарай. Тэр, өглөө босохдоо сүүлчийнх нь бүрхүүл нь бас л үлдчихжээ гэж бодохоор бай. Тэгвэл тэр чинь ханаж цадна гэж хэзээ ч байхгүй”.
Жэх Лондоны “Саран хөндий” романы 127 дахь хуудаснаа зохиолын гол дүр болох Саксон бүсгүйд насан өндөр хөрш эмэгтэй ийн зөвлөсөн нь бий. Үүнийг нийтлэлийн өмнөтгөл болгон иш татахын учир нь, жинхэнэ зохиол амьдралаас ургадагт, тэр зохиолоос хүн ухаарал авдагт тэр юм. Бас эргэцүүллийг өөртөө үлдээж нойроо хулжаан өөрийгөө өөрчлөхийн төлөө тэмцэх учиртай гэж бодно. Бүсгүйчүүд бид хэдэн настайдаа гол нь биш, хүнтэй ханилж, үр хүүхэд төрүүлээд л бүх амьдралаа ардаа хийсэн мэт санадаг алдаатай хүмүүс. Тэгвэл яах вэ? Тэр бүрхүүл гээч зүйлээр яаж өөрийгөө зэвсэглэх вэ?
-“Хайр дурлалын цэцэрлэгт могой байдаг юм. Нэр нь уйдал. Түүнээс хол байх арга нь байгаа хэвшмэл зүйлийг жаахан л өөрчил. Үүний төлөө их мөнгө, шаналал зүдгүүр, хүч чадал шавхах ур ухаан хэрэггүй. Толинд өглөө бүр хардаг шигээ өөрийгээ сэтгэл зүрхээрээ тольдож шүүмжил. Үүнийгээ нөхөртөө, найз залуудаа зарлах хэрэггүй. “Нөхөртөө нэг их мэдэгдэхээр байх хэрэггүй“ гэсэн ишлэлийг битгий умартаарай. Гэрийн шаахайгаа соль. Гэртээ өөрөөрөө байж, гарахдаа ганган авхай байдагтайгаа битгий эвлэр. 20 мянгаар авсан шаахайг “3 жил өмсөж байгаа юм шүү хань минь” гэхээс илүү “Үгүй мөн арчаагүй еэ, шаахайгаа ч сольчихгүй. Байж байгааг нь” гэх нөхрүүд мөн чанартаа олон бий. Мөн чанартаа гэж байгаа нь тэд хэзээ ч танд ил дол хэлдэггүй юм. Энэ агуулгад бүсгүй хүний үзэмж гоо сайхны бүх ойлголт багтана. Тиймээс нөхөр тань гэрийнхээ хаалгыг нээхэд өөр бүсгүй шиг угтахад өөрийгөө бэлд. Жүжиглэ гэсэн санаа биш, зүгээр л тогло...
-“Шанхныхаа үсийг өөд нь татахаа мартсан цагт эмэгтэй хүн хормой дээрээ гишгэж эхэлдэг”. Энэ Дарамын Батбаяр зохиолчийн өгүүллэгт тусгасан үг. Энэ нь үсээ самнаж бай гэсэн санаа биш л дээ. Бүсгүй хүн хэзээ ямагт цоглог, өөдрөг бай гэсэн агууламж. Бид өрх гэрээ өөд нь татдаг, үр хүүхдээ гараас нь хөтөлж хүн болгодог. Бид өөдрөг гэгээн байж, араасаа олон хүн дагуулах учиртай.
-Үнэ цэнээ мэдэр, бас мэдрүүл. Зөв үг хэллэг хэрэглэ. Уурлаж бухимдахдаа ч тэр, зөв эерэг хандлагаас харьцаж бай. Хэнийг ч хэний ч өмнө бүү муул. Хадмуудаа нөхөртөө бүү муул, нөхрийнхөө алдааг зөвхөн орон гэрийнхээ хэмжээнд хэлэлцдэг бай.-Эмх цэгцтэй байж хүүхдүүдээ сайнаар хүмүүжүүлэхийн төлөө хэлэх үгээ ч хэлээ хазан тэвчиж сур. Хүүхэд тань сонсож, дуурайж өсдгийг битгий мартаарай. Хараал зүхлийн үг урсгаснаас учирлалын үг сэтгэлд илүү хүрдэг юм. “Дандаа” гэдэг үгийг үгийн сангаасаа болж л өгвөл хасаарай. Өмнө бичсэнчлэн “Би гэдэг хандлага биш, харин “Та”, “Чи” гэдэг илэрхийллийг зориуд хэрэглээд үзээрэй. Гэрт дэгдэх хэрүүл ойлголцлоор солигдохыг мэдрэх болно.
-Цалингаасаа өөртөө зориулдаг сантай бай. Бусдаас бэлэг горьдон хүлээх биш, өөртөө бэлэг бэлдэх гайхамшигтай. Тиймээс өөртөө бэлэг барих цөөн хэдэн мөнгөтэй бай.
-Нууцлаг бай. Үйлдлээ нуух гэсэн санаа биш ээ. Үнэлэмжиндээ итгэж, өөрийгөө зарлахгүй тунхаглахгүй амьдар. Тийм эмэгтэйд эр хүн дуртай байдаг. Учир нь үглэж дуулдаг эмэгтэйд биш, санаандгүй төсөөллийг амьдралд буулгаж чаддаг эмэгтэйг тэд сонгодог юм
-Дэлгүүр хэс. Хэтэвч тань нимгэн ч гэсэн харцаараа лангууг хоосолж бай. Өөртөө бэлэг бэлд. Хүнээс бүү хүлээ. Түүндээ таашаал амталж сур. Ганц оймс, эсвэл уруулын будаг,... юу ч байж болно, зүгээр таашаалыг л хай. Түүнээс одод гэж өөрийгөө нэрлэдэг хүмүүсийн хэрэглээг өөртөө нялах гэж сэтгэл зүрхээ бүү ядраа. Энэ бүхнийг лозун болголгүй эвтэйхнээр аваад хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Толиндоо харахдаа зүсээ биш, сэтгэлээ тольдоорой бүсгүйчүүд ээ. Ер нь хүний хэн байх нь сэтгэлээс үүдэлтэй. Сэтгэл тавьсан бүх л зүйл үнэн болоод аз жаргалтай байдаг даа. Амьдрал гэдэг онош биш, түүнийг тайлан илэрхийлэх мөч бүхэн юм шүү. Эмэгтэй хүн өөрт таалагдсан зүйлээ олж харахад нүдний хүүхэн хараа өргөсч, зүрхний цохилт ихэсдэг. Хүн дурлалд шатахаараа бас ийм мэдрэмжийг амталдаг гэнэ. Тиймээс дурламтгай хүн залуу жавхаатай явдгийн нэгэн нууц ч байж мэднэ. Харин хүссэн бараагаа худалдан аваад дэлгүүрээс гарахдаа эмэгтэй хүн эргээд хэвийн байдалдаа ордог байна.
-Өөрийгөө хэзээ ч бүү ялла. Чиний хийсэн бүхэн хангалттай гэж бод. Хангалтгүй санагдвал юун дээр гэдгээ бодитоор тооц. Бүсгүй хүн гутруу явах шалтгаанаа өөрөө бүтээдэг. Эр хүн харин хэзээ ч тэгдэггүй. Тэд бардам, омголон болоод амгалан байдаг. Учир нь, тэр нь эр хүнд оноосон байгалийн өгөгдөхүүн юм. Эмэгтэйчүүд бид бүхний өмнө буруутан мэт гудайдаг. Тэгсэн хэрнээ өөрөө бүхнийг үүрч явдаг. Гэвч бодитоор харвал харин ч бүсгүй хүн амьдрал хэмээх их тоонотын нугаршгүй хос баганын нэгэн билээ. Үүнийгээ зорилго болго, зовлон гэж бүү бод.
-Санаачилгыг өөртөө барьж чаддаг бай. Амьдралд урин дуудагч, дагуулан замчлагч нь байж, хэрэгтэй үед цойлон нисэх бүргэд лугаа зоригтой байж сур. Бүргэд бусдын жигүүрийг харж даган дэвдэггүй, харин өөрөө нисэн дүүлэх цагаа олзтойгоо хамт онилдог. Үүн шиг бүсгүй хүн амьдралын замд хэн нэгнийг давтан дуурайх биш, хүлээзнэн эргэлзэх биш, харин замчлагч нь байхын тулд нөхөртэйгээ дотнын зөвшигч нь, итгэлтэй анд нь байх учиртай.
Эцэст нь хэлэхэд нөхрийнхөө хайрыг хадгалж явахыг хүсвэл бүсгүй та хорвоогийн бүх эмэгтэйг төлөөлөх ёстой. Халамжлагч гэргий нь, ойлгох анд нь байхаас гадна зугаацуулагч нууц амраг нь, замын уулзварт санаандгүй учрах гэнэн дурлал нь, альхан нэг бартаанд арчаагаа алдахад нь өргөж босгох итгэл найдвар нь, алийгаа алдаж өөрийгөө гээхийн цагт нь өр нимгэн ижийн сэтгэлээр дэвсэж тосдог ачлалтан нь байх ёстой. ”Ёстой” гэдэг үгийг номлол биш, зөвлөмж гэж санаваас тулгаж хэлж байгаа биш, харин ухаарлын орон зайг өөрт тань учирлан үлдээж байгаагаар тусгах байх.
Гэгээ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
