solongonews
Беларусийн зохиолч Нобелийн уран зохиолын шагнал хүртлээ
2015-10-09 13:17
Светлана Уран зохиолын салбар дахь Нобелийн шагнал хүртэж буй 14 дэх эмэгтэй боллоо.

Нобелийн хороо өчигдөр /10.08/ Уран зохиолын салбар дахь 2015 оны Нобелийн шагналт зохиолчийг зарласан байна. Өнөө цагийн зовлон шаналал, эр зоригийг илэрхийлсэн олон өнгө аястай зохиол туурвисныхаа төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг Беларусийн зохиолч Светлана Алексиевич Александровна хүртжээ. Тэрээр Нобелийн шагнал хүртсэн Беларусийн анхны зохиолч болж байна.

"Өөрийн өвөрмөц, бүтээлч аргаа ашиглан зохиолын баатар бүрийнхээ дуу хоолойг уншигчиддаа хүргэх гэсэн түүний бүтээлүүд ертөнцийн тухай бидний ойлголтыг гүнзгийрүүлдэг" гэж Нобелийн хорооноос мэдээллээ.

Светлана Алексиевич өмнө нь 2013 онд Уран зохиолын салбар дахь Нобелийн шагналд нэр дэвшиж, хүчтэй өрсөлдөгчдийн нэг хэмээн нэрлэгдэж байсан ч Шведийн хорооноос энэ жил түүнд энэхүү шагналыг олгож байна.

Светлана Украины Станислав хотод төрсөн бөгөөд түүний аав нь беларусь, ээж нь Украйн хүн байжээ. Тэрээр 1972 онд Беларусийн Их сургуулийн Сэтгүүл зүйн факультетыг төгсөж, орон нутгийн сонинд ажиллаж байв.

Анхны номоо 1983 онд бичсэн боловч дайны сэдэвтэй тус ном ЗХУ-ын эмэгтэйчүүдийн баатарлаг төрхийг хэт дөвийлгөн харуулсан хэмээн ЗХУ-ын эрх баригчдын зүгээс шүүмжлэлд өртөж, хэвлэх эрхийг нь хоёр жилээр хасч байжээ.

Светлана Алексиевич 2000 оноос хойш Итали, Франц болон Германд амьдарч байгаа юм. Тэрээр Уран зохиолын салбар дахь Нобелийн шагнал хүртэж буй 14 дэх эмэгтэй боллоо.

Найруулагч: BD
Эх сурвалж : gogo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл