Mama’s Corner: Та улсын, хувийн эмнэлгийн алинд амаржихаа сонгосон уу?
2015-12-28 18:21
Эмэгтэй хүний эрхэм үүрэг, хариуцлага, аз жаргал бол бидний алдрай бяцхан үрс минь билээ. Тиймээс жирэмсэн болохоор төлөвлөж байгаа, эсвэл хэдийнэ хэвлийдээ нялх үрээ тээсэн бүсгүйчүүд маань хараахан хяналтын эмч, эмнэлгээ сонгож амжаагүй яваа бол наашаа анхаарлаа хандуулаарай.
Уншигч охид, бүсгүйчүүддээ зориулан багахан судалгааг хүргэе. Энэхүү судалгаанд нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж буй томоохон эмнэлгүүдэд хийсэн үнийн харьцуулалт, үйлчилгээг багтаасан юм. “Хатагтай”, “ACЕ”, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Ачтан”, дүүргийн эрүүл мэндийн төвүүд зэрэг эмнэлгүүдэд харьцуулсан судалгаа хийлээ.
Хувийн эмнэлгийн томоохон төлөөлөл болох “Хатагтай”, “АСЕ” эмнэлэгт үзлэг бүрт дор хаяж 30.000-40.000 төгрөг төлөх бол хяналт болон төрөлтийн тариф нийлээд хоёр сая төгрөгөөс эхэлдэг.
Харин улсын эмнэлгийн хувьд жирэмсэн болон хяналтанд орох гэж буй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн даатгал, өрхийн эмчийн эхний үзлэгээс ирсэн бичгийн хамтаар дүүргийн эмнэлгүүдэд шинжилгээнд үнэ төлбөргүй, шат дараатай үзүүлэх боломжтой.
Дээрх бүгд үнэгүй гээд бодоход санхүүгийн хувьд таатай ч дараалалд зогсох нь бэрх. Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хяналтанд орсноор төрөөс тэтгэмж авах бүрэн боломжтой болдог.
Г.Даваажаргал:Улсын эмнэлэгт хэтэрсэн төлбөр авдаггүй
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв салбар эмэгтэйчүүдийн кабинетийн эх баригч Г.Даваажаргалаас зарим зүйлийг тодруулснаа хүргэе.
-Хөл хүнд эхчүүд маань улсын, хувийн аль эмнэлэгт хяналтанд орох нь зөв эсэхэд янз бүрийн бодолтой байдаг. Таныхаар энэ тал дээр өөрийн бодлоо илэрхийлэхгүй юу?
-Яахав, эмэгтэйчүүдийн өөрсдийн хувийн шийдвэр л дээ. Гэхдээ улсын эмнэлэгт хэтэрсэн төлбөр авдаггүй. Мөн улсаас өгч буй олон тэтгэмжинд хамрагдах боломжтой. Урт дараалал их болохоос өөр ямар нэгэн асуудал гардаггүй. Ажиллах хүч их дутагдалтай нь үүний нэг шалтгаан болдог юм.
-Тэгвэл танай төвөөр үйлчлүүлж буй жирэмсэн эхчүүдэд эрүүл мэнд, бэлгийн замын өвчлөл хэр гарч байна вэ?
-Манай дүүргийн хэмжээнд жирэмсэн эмэгтэйчүүдэд ДОХ аюултай өвчин бүртгэгдээгүй байна. Гэхдээ бэлгийн хавьтагч буюу нөхөр нь бэлгийн замын бусад өвчин дамжуулдаг. Хяналтанд байгаа эхчүүдийн биеийн эрүүл мэнд сайн ч стресс болон нийгмийн хүчин зүйлээр үүсгэгддэг өвчлөлд их өртөж байна. Тухайлбал, сэтгэл санаа тайван бус, буруу хооллолт гэх мэт. Зарим тохиолдолд тэмбүүтэй эхчүүд ирдэг. Энэ нь нөхрөөс авдаг тул бэлгийн ариун цэврийг дээд зэргээр сахиж, алчуураа хүртэл тус тусдаа хэрэглэх шаардлагатай.
-Жирэмсний эрт хяналтанд орсноор ямар ашиг тустай вэ?
-Мэдээж ургийн өвчлөл, зулбах магадлал, бэлгийн замын өвчин байвал эрт үе дээр нь оношилж, эмчилгээг үнэгүй хүргэдэг. Мөн жирэмсэн эхчүүдэд анхааруулахад төрөөс авч буй тэтгэлгээ цаг тухайд нь авах шаардлагатай. Эс тэгвээс нөхөн олгодоггүй. Эхний тэтгэмжийг ургийг таван сартайд өгч эхэлдэг. Энэ үеэс бичиг баримтын асуудлаа цэгцлээрэй. Монголын үрс маш олон болтугай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
