Жирэмслэхгүй байх шалтгаанууд
2015-12-28 18:21
Миний найз эмэгтэй 37 настай. Огт хамгаалалт хэрэглэж байгаагүй, бас огт үр хөндүүлж байгаагүй хэр нь тэрээр өнгөрсөн жилийг хүртэл ганц ч удаа жирэмслээгүй юм. “Одоо л олчихсон байх даа” гэж баярлаж суутал тест авахын завдалгүй л сарын юм нь ирчихнэ. Шалтгааныг нь эмч нар өндгөн эс боловсрох явцдаа гэмтсэнээр үр тогтох боломжгүй байжээ хэмээн оношлосон байсан юм. Олон жилийн уйгагүй эмчилгээний үр дүнд тэрээр өнгөрсөн жил жирэмсэлсэн юм. Одоо бол хөөрхөн бяцхан гүнжээ тэврээд хамгаас жаргалтай хүн яваа.
Олон жил хүүхэд олохгүй байх, үрийн зулай үнэрлэх гэж даваагүй даваа, туулаагүй бэрхшээлийг ардаа орхиогүй хүмүүс цөөнгүй бий. Олон хос энэ зовлонгоор шаналж, шийдэх арга замаа хайсаар л байдаг. Иймд энэ удаа жирэмсэн болохгүй байх шалтгаанууд болон түүнийг даван туулах арга замуудын талаар ярилцъя.
Үргүйдлийн шалтгаан юу вэ?
Гурав болон түүнээс дээш жилийн хугацаанд хамгаалалт хэрэглэхгүй байхад жирэмсэн болохгүй байгаа бол түүнийг үргүйдэл гэж үздэг байна. Гэхдээ үүнийг шууд утгаар нь ойлгож болохгүй юм. Үүнийг эмчлэх, шийдвэрлэх арга зам өнөөдөр олноороо бий болоод байна. Ер нь гэрлэсэн хосуудын 8-12 хувь нь амьдралын аль нэг үедээ үргүйдэлтэй тулгардаг аж. Үргүйдэл нь хүн хүнд шалтгаан нь ондоо байдаг.
Иймд ганц тэрнээс боллоо гэхэд бэрх юм.
Олон жил жирэмслэхгүй байх шалтгааныг анагаах ухаанд янз бүрээр тайлбарлажээ. Дааврын өөрчлөлт, өнгөвчний үйл ажиллагаа алдагдах, бөөрний өвчин, цус багадалт, савны хий зэрэг олон шалтгаан үүнд нөлөөтэй гэж эмч нар тайлбарлажээ.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хамгийн түрүүнд эмэгтэй хүн доороосоо даарч хөрөхгүй байх, эмэгтэйчүүдийн үрэвсэл байгаа бол яаралтай төгс сайн эмчлүүлж байх нь чухал юм. Түүнчлэн үр дамжуулах хоолой битүүрсэн бол жирэмслэхгүй байх магадлалтай тул ЭХО-д ч харуулах хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдийн нас жирэмслэлтэд ихээхэн хамаатай юм. 35 нас хүртлээ хүүхэд гаргахаа хойшлуулсан бүсгүйчүүдийн жирэмслэх магадлал хамаагүй их буурдаг байна.
Үр шилжүүлэн суулгах
Олон жилийн үргүйдлийг шийдэх бас нэгэн гарц нь үр шилжүүлэн суулгах. Техник технологи хөгжсөн өнөө үед хүн төрөлхтөнд шийдэх боломжгүй зүйл гэж үгүй болсон нь энэ билээ. Манай улсад ЭНЭШТ-ийн хажууханд “Үр шилжүүлэн суулгах төв” гэж бий. “Баянгол”, “Анухай”, “Амин маргад” зэрэг эмнэлгүүдэд үйлчилгээг хийдэг хийж байна. Ийм үйлчилгээ нь үнийн хувьд зөвхөн эм, тариа нь гэхэд нэг сая төгрөгөөс давдаг бөгөөд үр шилжүүлэн суулгах мэс заслыг 6-9 сая төгрөгөөр хийгдэг гэсэн судалгаа байна.
Мөн дэлгэрэнгүйг доорх бүлгэмд нэгдсэнээр мэдэх боломжтой
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

