Орон нутгийн цагаар 07-р сарын 18-нд Египетийн ерөнхийлөгч Сиси Аламейнд Египетэд албан ёсны айлчлал хийж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзав.
Сиси юуны түрүүнд Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээг уламжлахыг Ван И-д найдаж, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, ХКН-аар удирдуулсан Хятадын ард түмэнд дэлхийд гайхагдсан амжилтуудыг бүтээснийг өндрөөр үнэлэв.
Тэрээр хэлэхдээ "Египетийн тал Хятадын талыг жинхэнэ найз, найдвартай түнш гэж үздэг бөгөөд хоёр талын салбар бүрийн хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж, дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн боломжийг ашиглан, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх болно. Египетийн тал "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай дэмжиж, Хятадын талын улс орныхоо бүрэн эрхт байдал, аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах хүчин чармайлтыг тууштай дэмжиж, Хятадын талын терроризм болон шашны хэт даврагч бүлэглэлд цохилт өгөхийг дэмжих болно. Египетийн тал "Бүс ба зам" санаачилгыг дэмжин ажиллаж, Хятадын талтай дэд бүтэц, аж үйлдвэрийн парк, дээд технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөн, Хятадын аж ахуйн нэгжүүд Зүүн Ази болон Африкт нэвтрэх чухал гарц болохыг хүсэж байна. Хятадын тал Египетийн талд вакцины тусламж үзүүлж, Египет улсад вакцин үйлдвэрлэхэд тусалсанд баярлаж талархаж байгаа бөгөөд цаашид вакцины хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийг хүсэж байна. Египетийн тал Хятадын талтай нягт хамтран ажиллаж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг ахиулахад бэлэн байна" гэжээ.
Сиси ерөнхийлөгчид Ши Жиньпин даргын халуун мэндчилгээг дамжуулж Ван И хэлэхдээ "Хятад, Египет хоёр улс нь харилцан түшилцсэн сайн найзууд бөгөөд хоёр орны найрамдал нь олон улсын нөхцөл байдлын сорилтыг даван туулж, хад чулуу мэт бат бөх болсон. Египет улс Хятадын язгуур эрх ашиг, чухал асуудлуудтай холбоотой асуудлаар Хятад улстай үргэлж хамт байсаар ирсэнд Хятадын тал талархаж байна. Хятад улс Египетэд өөрийн үндэсний нөхцөлд тохирсон хөгжлийн замыг үргэлжлүүлэн судалж, Египетэд бие даасан бодлого баримтлахыг тууштай дэмжиж, Египетийн терроризмтой тэмцэх хүчин чармайлтыг тууштай дэмжих болно. Хятад, Египетийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах хамтын зорилтын төлөө хамтдаа хүчин зүтгэж, хоёр орны харилцааг Хятад-Араб, Хятад-Африкийн хувь заяаны хамтын цогцын үлгэр жишээ болгон бүтээн байгуулахыг хүсэж байна" гэжээ.
