solongonews
Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар утсаар ярив
2021-07-16 20:28
Дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар утсаар ярив.

   БНХАУ-ын дарга Ши Жиньпин 07-р сарын 16-нд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярив.

Ши Жиньпин дарга:

- Хятад, Монгол улс уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөршүүд, хоёр орны харилцаа хөгжлийн эрчээ хадгалж байна. Цар тахал гарснаас хойш хоёр орон халдвартай хамтран тэмцэж, "Хонь болон цайны бэлэг харилцан солилцсон" сэтгэлд хоногшсон түүхийг бүтээж, хоёр орны ард иргэдийн найрамдлыг бэхжүүлсэн билээ. Хятадын тал Монголын талд халдвартай тэмцэхэд нь чадлынхаа хэрээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Монголын хамтын ашиг сонирхол нь улам өргөжиж байна. Хоёр тал өөрсдийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, хоёр орны ард иргэдийн бие дааж сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэн, өөрсдийн үндсэн ашиг сонирхол болон санаа тавьж байгаа асуудлуудад харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг баяжуулахыг хүсэж байна гэж онцоллоо.

   Тэрээр:

- Хоёр тал хөршийн давуу талаа ашиглан, "Бүс ба зам" санаачилга болон "Талын зам" санаачилгыг харилцан холбож, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, экологийн орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой. Хятадын тал цаашид Монголын ашигт малтмал болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг түлхүү импортлоход бэлэн байна. Хятадын тал Монголын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, олон талт үзлийг шинхэнэ утгаар нь баримталж, харилцан хүндэтгэсэн, тэгш шударга, хамтран ажиллаж хамтдаа хөгжих шинэ хэлбэрийн олон улсын харилцааг дэмжин ажиллахад бэлэн байна гэж хэллээ.

   Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХКН байгуулагдсаны зуун жилийн ойн баярын мэнд хүргээд цааш нь:

- Өнгөрсөн зуун жилийн турш ХКН-аар удирдуулсан Хятадын ард түмэн олон гайхалтай амжилтад хүрсэн. Ялангуяа, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын хүчтэй удирдлагаар Хятад улс ядуурлаас ангижруулах тэмцэлд ялалт байгуулж, дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж чадсан юм. Хятад улс цаашид хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтоо биелүүлэх шинэ замналдаа ч шинэ амжилт гаргана гэдэгт итгэж байна. Цар тахлын нөхцөл байдалд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжлийн эрчээ хадгалж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монгол улс хүнд хэцүү байхад Хятадын талын үзүүлсэн үнэтэй дэмжлэгт Монголын тал чин сэтгэлээсээ талархаж байна. Хятадын эрчтэй хөгжил нь Монгол Улсад чухал боломж олгож, дэлхийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно. Монголын тал Хятадын талтай нягт харилцаж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлэн, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг урагшлуулан, олон талт харилцааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна гэж илэрхийллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл