Элчин сайд Шин Хаймин энэ сарын 10-нд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хүлээн авч уулзав.

Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, “Хятад Монгол хоёр орон бол уул усаар холбогдсон найрамдалт хөрш бөгөөд хоёр орны ард түмэн гүн зузаан уламжлалт найрамдлын харилцаатай. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад амжилттай айлчилж, хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоон, хоёр талын харилцаа хөгжлийн хурдны замдаа орсон билээ.

Хятад, Монголын хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа бол хоёр талын хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятадын тал боломжийг ашиглан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамтай холбогдох хамтын ажиллагаагаа идэвхтэй ахиулан, “Бүс ба зам” санаачилгыг Монголын “Хөгжлийн зам” стратегитай уялдуулахад хууль зүйн баталгааг хангаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад бэлэн байна.
Сүүлийн үед Америк, өрнөдийн улс төрийн этгээдүүд болон хэвлэл мэдээллийнхэн Хонконг, Шиньжяны асуудлаар хөөрөгдөн сурталчилж буй. Энэ нь тэр чигээрээ Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон эзэрхэх үзлийн үйлдэл, шинж чанар нь туйлын хүнд ноцтой, Хятадын тал үүнийг эрс эсэргүүцнэ. Эдгээр цуурхал дэлхийн ард түмнийг мэхэлж чадахгүй, Монголын ард түмнийг мэхэлж чадахгүй. Хятадын энх тайвнаар хөгжих замыг хориглож ч чадахгүй, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын Хятадын мөрөөдөл заавал биелэгдэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Сайд Ц.Нямдорж, “Хятад бол Монголын чухал хөрш улс. Монголын тал Хятадтай тогтоосон найрамдалт харилцаагаа өндрөөр хүндэтгэн үздэг. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэг дор Монголын Хууль зүй, дотоод хэргийн яам, Хятадын Хууль зүйн яам, Дотоодыг хамгаалах байгууллагатай тогтоосон харилцаагаа сайтар хадгалж, цаашид Хятад улстай хууль зүй, хууль хэрэгжүүлэх тогтолцоо, террористыг эсэргүүцэх салбарын хамтын ажиллагаагаа улам өргөтгөж, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монголын тал бэлэн байна. Хятадын талын Хонконг, Шиньжяны асуудлаарх байр суурийг Монголын тал ойлгож байна. Хятадын Засгийн газар эх орныхоо нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах хүчин чадалтай гэдэгт итгэж байна. Хятадын ард түмэн Хятад мөрөөдлөө биелүүлэхийг хүсье” хэмээв.
