solongonews
Морьтой ном
2019-08-26 20:03
“Монгол адууны соёлын цуврал ном, гол сэдэвт дуу, хөгжим, бүжгийн эмхэтгэл болон урлагийн ил захидлын номын нээлт”-ийн арга хэмжээ 07 дүгээр сарын 19-ний өдөр Хөххотын Жүн Шань гудамжинд байрлах Синьхуа номын дэлгүүрт болов.

Төв Азийн нүүдэлчин үндэстнүүдийн соёлын онцгой шинж чанарын судалгааны дундах монголын нийгэм, түүх соёлыг урагшлуулсан хүчин зүйл чухам юу болох тухай олон судалгаа хийгдсэний дүнд эзэн богд Чингис хаан, түүний үр хойчийн гаргасан их ухаан, хүчин чадлыг дэлхий нийтээрээ үнэлэн зөвшөөрсөн байдаг. Тэгвэл Чингис хаан ба түүний үр хойч юунд түшиглэн тив алсалсан том гүрнийг байгуулсан бэ?

Монгол үндэстний уран зохиолын түүхийг ажиглахад хамгийн эртнээс, хамгийн бүрэн дүүрэн бөгөөд хамгийн системтэй дүрслэгдсээр ирсэн уран дүр бол морь. Мөн монгол үндэстний уран зохиол шиг морийг уран зохиолын бүхий л төрлөөр бичсэн хамгийн өргөн дэлгэр зохиол бүтээл дэлхийд ховор. Монголчуудын морины тухай гоо сайхны мэдрэхүй дэлхийн аль ч үндэстэн ястнаас өөр, түүнийг ухамсарлан мэдрэх мэдрэмж, гоо сайхны баримжаа нь ч ондоо гэдгийг эндээс олж мэдэж болно. Морины тухай ном, уран зохиолын өв хөрөнгө хэр зэрэг хөгжин цэцэглэв?

- Монгол морь болон тал нутгийн нүүдэлчин ард иргэд харилцан дэмжиж, харилцан түшиглэх итгэл, сэтгэлийн холбоотой. Улмаар тал нутгийн соёл иргэншлийг хамтдаа бүтээсэн. Монгол морийг олон өнцгөөс судалж болдог. Монгол морь тал нутгийн соёлын төлөөлөх тэмдгийн нэг болохын хувьд тал нутгийн соёлын систем дунд ямар үүрэг хариуцлага гүйцэтгэж, ямар хувь нэмэр оруулж ирсэн тухай, мөн тал нутгийн соёл иргэншлийн түүхэнд ямар байр суурийг эзлэх ёстой зэрэг асуудлын тухай бид судалгаа хийхийг зорьсон. Мөн судлаачийн хувьд бид монгол адууны соёлын цуврал ном бүтээх үйл ажиллагаанд зориулан өөрсдийн дуу хоолойтой байх ёстой гэж үзээд “Монгол морь болон тал нутгийн соёл иргэншил” сэдвээр ном гаргах төсөл бүртгүүлсэн. Судалгааныхаа эцэст бид монгол морь бол хагас иж тал нутгийн соёл иргэншлийн түүх мөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Учир нь монгол морийг бүхэл бүтэн тал нутгийн соёл иргэншлийн түүх гэвэл хүн төрөлхтнийг үгүйсгэсэн явдал болно. Тийм учраас соёл иргэншлээ бүтээсэн монгол хүнтэй учирсны дараа монгол морины үнэ цэнэ танигдаж, монгол хүн, монгол морь хоёр харилцан дэмжиж, тал нутгийн түүхээ бүтээсэн гэж бид үзсэн гэж Өвөр Монгол Нийгмийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн дэд захирал, академич, судлаач Жинь Хай ярьсан юм.

Хятад улсын II удаагийн адуун соёлын наадам болон Өвөр Монголын олон улсын адуун соёлын анхны наадмын хугацаанд Хөххотын Жүн Шань гудамжинд байрлах Синьхуа номын дэлгүүрт зохион байгуулагдсан “Монгол адууны соёлын цуврал ном, гол сэдэвт дуу, хөгжим, бүжгийн эмхэтгэл болон урлагийн ил захидлын номын нээлт”-ийн арга хэмжээнээс бид Хятад улсын хэмжээн дэх адууны судалгааны ном тодорхой цаг, орон зай, тодорхой хэмжээнд урьд өмнө байгаагүй олноор төрж байгааг ойлгосон юм.

Монгол морины “Зориг санаа”-г тодруулан, Өвөр Монгол орны адууны аж ахуйн тэргүүний уламжлал болон эх сурвалжийн давуу талыг бүрэн хэмжээнд ашиглан, бат бэх соёлын суурь, оюун санааны тулгуурыг тавих зорилго бүхий энэ удаагийн үйл ажиллагааны хүрээнд 8 иж 27 төрлийн адуун соёлын тухай ном, уран бүтээл хэвлэгдсэн нь Хятад улсын хэмжээнд анх удаа бөгөөд адууны соёлын судалгааны шинэ орон зайг нээсэн гэж үзэж болох юм. Арга хэмжээнд Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо, Сурган Хүмүүжлийн Хэвлэлийн Хороо зэрэг нэр төртэй, томоохон хэвлэлийн хороо хошуучлан оролцож, зохион байгуулсан байна. Үүнээс гадна, хэд хэдэн томоохон их сургуулийн дэргэдэх дээд сургууль, мэргэжлийн салбарынхан мөн биечлэн оролцож, монгол морины “Зориг санаа”-г уламжлан тодруулах, адууны аж ахуйн хөгжилд хувь нэмрээ оруулсныг дурдахад таатай байна.

Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны Ерөнхий найруулагчийн албаны ажилтан Насанбат:

- Энэ арга хэмжээний хүрээнд хэвлэгдсэн 27 номоос манай хороо 3 цуврал 18 номыг хэвлэн гаргасан. Манай ном хэвлэлийн түүхэнд анх удаа ийм өргөн хэмжээгээр, гүнзгий агуулгатай хэвлэсэн явдал болно гэж хэллээ.

Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Хэвлэлийн Хорооны ерөнхий найруулагч Сээдэнжав:

- Монгол морины зориг санааны тухай цуврал ном хэвлэгдсэн явдал нь алс хэтийн ач холбогдолтой. Үүгээр үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо зохион байгуулахад оюун санааны хувь нэмэр оруулах болно. Монгол морины зориг санааг бид бодитой нөхцөл байдалтайгаа уялдуулан, энэхүү зорилго зорилтоор ажил үйлсээ жолоодвол илүү хол явж, шинэ шатанд гарч чадах нь лавтай гэж хэлсэн юм.

Өвөр Монголын хэмжээнд төдийгүй БНХАУ-ын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний улмаас Хятадын хэмжээн дэх хамгийн бүрэн, хамгийн өргөн хүрээний адууны соёлын ном хэвлэлүүд ийнхүү уншигч түмэнтэйгээ золгож байна. Монгол морины “зориг санаа”-г дэлхий нийтэд ухуулан сурталчилж, энэ чиглэлийн судалгааг системтэй хөгжүүлэх гараа эндээс эхэлж байна.

- Монгол морины зориг санаа, түүний соёл, монгол морины шинжлэх ухаан зэргээр монгол морины тухай олон сэдвүүд сүүлийн үед өргөнөөр яригдах болсон хэдий ч одоо үеэс эхлэн монгол морийг олон өнцгөөс, системтэй судалж бичсэн уран бүтээлүүд ийнхүү анх удаа бүтээгдэж байна. Энэ удаад монгол морины тухай, монгол морьтой холбогдох соёлыг олон өнцгөөс судалгаа өрнүүлж, эцэст нь эдгээр олон уран бүтээлийг төрүүлсэн. Монгол морины судлалын хувьд энэ бол нэгэн удаагийн алтан боломж бөгөөд цоо шинэ ирээдүйн эхлэл гэж миний хувьд ойлгож байна. Ялангуяа, Ши Жиньпин дарга “Монгол морины зориг санаа”-г хураангуйлан дурдсанаас хойш монгол морины соёл нь олон нийтэд танигдах алтан боломжоо авсан. Тэр цаг үеэс хойш монгол морины “зориг санаа”-г хэрхэн уламжлан дэлгэрүүлэх, хөгжүүлэх тухай, мөн судалж шинжлэх тухай өрнөл гарсан. Энэ хүрээнд төлөвлөн зохиосон нэгэн томоохон үйл ажиллагаа бол энэ удаагийн номын нээлт юм. Гэхдээ эдгээр номоор монгол морины “зориг санаа”-ны судалгаа зогсохгүй, харин эхлэх болно гэж судлаач Жинь Хай ярьсан юм.

Хүйтэн зэвсгийн цаг үед морь хурд хүчээрээ дэлхийн зайг ойртуулж байсан бол өнөөдөр морин эрдэнэ маань монгол морины “зориг санаа”-гаараа гүрэн улсын харилцаа солилцоог сайжруулж байна.

Монгол морины “зориг санаа” улам хөгжин бадрах болтугай.

Зураг: БИЛЭГТ

Зохиогч: Бэлтгэсэн нь: ГҮНБИЛЭГ, Б.САРУУЛ, М.БАНДИ, С.УРЬХАН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл