Хятад, Монголын хоёр талын болон Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой Хятад, Монголын экспо арга хэмжээ үзэсгэлэнт сайхан Улаанцав хотод болж өндөрлөлөө. БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тус тус тохиож буй энэ жил Монгол Улсаас төрийн дээд албан тушаалтан, бизнес эрхлэгчид, судлаачид, эрдэмтэд хүрэлцэн ирж оролцсон өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсон юм. Энэ үеэр Монгол Улсын УИХ-ын дэд дарга Я. Санжмятавтай уулзан ярилцсаныг та бүхэнд хүргэж байна.
- Хятад улс Өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн турш эдийн засаг хурдтай хөгжиж ирсэн, Хятад улсын эдийн засгийн хөгжил нь бусад улс орнуудын хөгжилд ямар нөлөө үзүүлж байгаа талаар ярина уу ?
- Юуны өмнө БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа энэ үед үзэсгэлэнд оролцож, экспод хүрэлцэн ирсэн бүх зочид, энэ ажлыг зохион байгуулж байгаа БНХАУ-ын засгийн газар, ӨМӨЗО-ы нам захиргааны удирдлагуудад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа дэвшүүлж байна. Хятад улсын сүүлийн гучаад жилд Хятадын онцлогтой эдийн засаг хурдтай хөгжиж, гадаадын хөрөнгө оруулагчдыг уриалан дуудаж, аятай тухтай орчноор хангаж ажиллаж байна. Мэдээж, “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэдэгчлэн Хятад улс хүн ам олонтой, зах зээл өргөн, хөдөлмөрлөх хүчин чадал нь их байдаг давуу талтай. Монгол, Хятад хоёр улс мөнхийн хөрш, сүүлийн жилүүдэд хоёр улсын эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа гүнзгийрэн өргөжиж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ, төрийн өндөр төвшний айлчлал нэмэгдэж байгаа. Ялангуяа, “Бүс ба зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд Монгол, Хятад, Орос гурван улс хамтран гар гараасаа барилцаж, хөгжил цэцэглэлтийн төлөө боломж бололцоогоороо ажиллаж явах ёстой. Бие биенийхээ давуу талаас суралцан, дутуу зүйлээ нөхөж, харилцан нэгнийхээ стратегийн бодлогыг дэмжих, аль алиныхаа эмзэг асуудлуудад оролцохгүй байх, харилцан хамтран эдийн засгаа хөгжүүлэх, бүтээн байгуулалтаа хийн, хамтарч хожих чиглэлийн бодлого бол зайлшгүй чухал юм.
- Монгол, Хятад хоёр орны хөрөнгө оруулалт эдийн засгийн харилцааны одоогийн нөхцөл байдал ямар байна?
- 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлан стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа байгуулагдсанаас хойш ажил нэн эрчимтэй явагдаж байна. Мөн 07-р сард Өвөр Монголд айлчлах үедээ Монгол Улстай хиллэдэг гол орон бол ӨМӨЗО, олон боомтуудтай, төмөр зам, авто замын багтаамжийг нэмэгдүүлэх, далайд гарцтай боомтуудаар, бусад орнуудаар тодорхой бүтээгдэхүүнүүдээ нийлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийн бодлого дээр санаачилга гаргаарай гэж захисан байна. Энэ бол ганц Өвөр Монголын тал биш Монгол, Оросын талд ч хэлсэн зүйл гэж бид үзэж байна. Олон айлчлалын хүрээнд гэрээ хэлэлцээр их зурагдлаа. Хөрөнгө оруулалт хийн сэтгэл гаргаж ажиллахад бэлэн болоод байна. Бизнес эрхлэгчид судалгаагаа сайн хийж, боломж нөхцөлийг ашиглан үйл ажиллагаагаа явуулахад Монгол Улсад цаг агаарын аятай тухтай нөхцөл, хууль эрх зүйн орчин бүрэн бүрдэж, хөрөнгө оруулалтыг хамгаалах чиглэлийн хуулийг олон улсын жишгийн хэмжээнд бий болгочихсон байдаг. Хамгийн тайван амгалан ажлаа хийх нөхцөл боломж Монгол Улсад бий. Тийм учраас Хятад, Монголын экспоны өмнөх яриа хэлэлцээрүүд нь бодит ажил болж байна. Бид аль ч улс орнуудтай хамтран ажиллаад сурчихсан, хөрш орнуудаа хүндэтгэн үздэг сайхан уламжлалтай орны хувьд “Бүс ба зам”-ын хүрээнд хөрөнгө оруулалтаа урагшлуулах, Зүүн хойд Азийн орнуудтай хамтран ажиллах нөхцөл боломж, цонх нээгдэж байна гэж харж байна. Хөрш орон учир өөрийнхөө орны аль нэг газар луу олон цагаар явдаг байсан бол одоо нэг цаг гучин минутаас хоёр цагийн хооронд л зорчих боломж бололцоо бүрдсэн. Төмөр зам, авто зам, агаарын тээвэр их хөгжиж хялбар дөхөм нөхцөлөөр хангагдаж байгаа. Өвөр Монголын маш олон боомтуудаар бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхэд хоёр талын мэргэжлийн хяналтын болон хил гаалийн байгууллагууд бүрэн хуулийн хүрээнд гацаахгүй, хүндрүүлэхгүй, цаг алдалгүй үйлчлэх боломж бүрдсэн байна.
- Хятад, Монголын экспо гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна, танай хувьд Өвөр Монгол орон Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцаанд ямар үүрэг гүйцэтгэж байна?
- ӨМӨЗО бол Монгол Улстай хил залгаа оршиж, хилийн боомтуудаар дамжигдан, бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг. Хэл соёл төстэй болохоор харилцан ойлголцож ажиллахад амар зэрэг илүү давуу талууд байна гэж ойлгодог. Ялангуяа, экспо үзэсгэлэнгээр дамжуулан Зүүн хойд Азийн орнуудыг Хятад улсад татан авчирч, бидэнтэй хамтран гурван талын гэрээ хэлэлцээр хийх боломжийг бүрдүүлсэн. ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн, ӨМӨЗО-ы тэргүүлэгч Монгол Улсад айлчилж, Монгол Улсын шадар сайд ч Өвөр Монголд айлчилж байна. Энэ бол хоёр орны харилцааг өргөжүүлэн, хамтын ажиллагааг нэмэгдүүлж шинэ шатанд гаргахад чухал их хувь нэмэр оруулж байгаа юм. Хятад улс, тэр дундаа Өвөр Монголд маш олон оюутнууд Монголоос ирж суралцаж байна. Тэдний хэлний давуу талуудыг ашиглах хэрэгтэй байна, Монгол Улсын оюутнууд, залуу боловсон хүчнийг боловсруулан цагийн хөдөлмөр хийлгэж, Монгол Улсын хуулийг албан байгууллагуудаас нь авч оролцуулан Хятад улсад таниулах, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлт, аялал жуулчлал буюу бусад салбарт туслуулан ажиллуулах боломж бий. Интернэт хөгжсөн өнөөдөр зайнаас хөдөлмөрлөх боломж бололцоо бүрэн бүрдэж, хямдхан, найдвартай ажиллах хүч болж байгаа шинэ үеийн ирээдүй болсон залуучуудад экспоны хүрээнд интернэтээр дамжуулан хөдөлмөрлөх шинэ гарц, шинэ боломж нээгдэж байна гэж харлаа.
- Хоёр орны бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй зүйл бас олон тохиолдож байгаа, Монгол Улсад бизнес эрхлэх орчин нөхцөл ямар байна?
- Бизнес эрхэлж байгаа хүмүүст бас хүндрэлтэй зүйлүүд бий. Ялангуяа, хил гааль дээр уул уурхайн нүүрс тээвэрлэлтийн олон машинууд гацаад байна. Энэ асуудлуудыг шийдвэрлэхээр Засгийн газар хооронд тодорхой гэрээ хэлэлцээрүүд хийгдэж дэмжлэг үзүүлж гацааг багасгахаар ажиллаж байгаа. Дараа нь бид Хятад улсад авто машинаар тээвэрлэхээс гадна, цаашид төмөр замынхаа урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрууд шийдвэрүүдээ гаргаж, бүтээгдэхүүнүүдийг Хятад улсад нэвтрүүлэхээс гадна, далайд гарцтай боомтуудаар бусад орнуудад экспортлох явдал нь хоёр улсын хамтын ажиллагаанд их үр дүнтэй болж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх зорилгод хүрч чадах боломж бололцоо их байна. Бид эдийн засгаа солонгоруулах бодлого барьж байгаа, уул уурхайн бүтээгдэхүүн нүүрснээс гадна, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүдээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон хамтарсан буюу дагнасан брэнд бүтээгдэхүүн болгож экспортлох боломж хоёр орны хооронд нээлттэй байна.
