2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын зочид төлөөлөгчдөд зориулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Ли-Юань 02-р сарын 05-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.

Ши Жиньпин юуны өмнө БНХАУ-ын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Бээжингийн өвлийн олимпод оролцохоор хүрэлцэн ирсэн бүх зочдыг халуун дотноор угтан авч, энэ удаагийн өвлийн олимпд анхаарал хандуулж, дэмжиж ирсэн улс орнуудын засгийн газар, ард түмэн болон олон улсын байгууллагад талархал илэрхийлжээ.
Ши Жиньпин хэлэхдээ "Өнгөрсөн шөнө Бээжингийн өвлийн олимпын наадам Хятадын үндэсний спортын төвд албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ нь 14 жил өнгөрсний дараа Бээжинд олимпын гал дахин бадарсан явдал бөгөөд Бээжин хот мөн дэлхийн анхны зуны болон өвлийн олимпыг зохиосон “хос олимпын хот” болов. Ногоон, хүртээмжтэй, нээлттэй олимпын үзэл баримтлалын дагуу Хятад улс “COVID-19”-ийн нөлөөг даван туулахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, Бээжингийн өвлийн олимпын наадмыг хуваарийн дагуу зохион байгууллаа".

Ши Жиньпин хэлэхдээ "Олимпын наадам бол хүн төрөлхтний энх тайван, эв нэгдэл, хөгжил дэвшлийн сайн сайхан бэлгэдэл юм. Бид олимпын наадмын анхны зорилгыг санаж, дэлхийн энх тайвныг хамтдаа хамгаалж, харилцан хүндэтгэж, бие биедээ эрх тэгш хандах ёстой. Өвлийн олимпыг зохион байгуулж, өвлийн олимпын наадмыг сурталчлах замаар Хятад улс мөс, цасны спортод 300 сая иргэдийг оролцуулах зорилтоо биелүүлж, дэлхийн олимпын үйлсэд шинэ хувь нэмэр оруулж чадлаа" гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ,Хятад улс билгийн тооллын бар жилийг сая угтан авлаа. Бар нь хүч чадал, эрэлхэг зориг, аймшиггүй байдлын бэлгэдэл юм. Олимпын наадамд оролцож буй тамирчдад хүч чадлаар дүүрэн, бар шиг их амжилт гаргахыг хүсэн ерөөе. Хүн бүрийн хамтын хүчин чармайлтаар Бээжингийн өвлийн олимп түүхэнд бичигдэнэ гэдэгт итгэж байна" гэжээ.

Олон улсын олимпын хорооны дарга Бах, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш нар үг хэллээ. Тэд халуун дотноор хүлээн авсан Ши Жиньпин дарга болох Хятадын талд чин сэтгэлээсээ талархаж, Бээжингийн өвлийн олимпод амжилт хүссэн байна. Мөн өчигдөр орой болсон Бээжингийн өвлийн олимпын нээлт ер бусын, гайхамшигтай, ид шидийн ёслол болсныг бид хэзээ ч мартахгүй хэмээн илэрхийлэв.
Хятадын ард түмэн үр ашигтай, шийдэмгий, эрч хүчтэй гэдгээрээ алдартай гэдгийг “COVID-19” цар тахлын эсрэг тэмцэл болон Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулсан нь харуулсан. Өнөөгийн дэлхий олон сорилттой тулгараад байгаа тул эв нэгдэл, хамтын ажиллагаа илүү их хэрэгтэй байна. Олон улсын хамтын нийгэмлэг Бээжингийн өвлийн олимпоор санал зөрөлдөөнөө ялан давж, сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээх боломж болгон авна гэдэгт найдаж байна гэжээ.
