solongonews
Хятадын гайхамшигт хөгжил
2019-09-23 11:10
Монгол Улс, БНХАУ хоорондын найрамдлын харилцаанд хийж бүтээсэн үйлсээрээ ул мөрөө үлдээсэн олон сайхан бүтээлч хүмүүс дотроос шилдгийн шилдгийг нь бид сэтгүүлийнхээ “70 жилийн гэрч” буландаа урьж байгаа билээ.

        Энэ удаад Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, хятад судлаач, орчуулагч Ц.Сүрэнжав эрхмийг онцолж байна. Тэрээр холын цэнхэр Ховдын хязгаар буюу Ховд аймгийн Булган суманд Булган голын эрэг дээр мэндэлсэн. Нутагтаа ерөнхий боловролын дунд сургуулиа төгсөөд Монгол Улсын Их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид орсон байдаг. 1974 онд “Монгол Улсын Их Сургуулийн монгол хэл, уран зохиолын хоёрдугаар ангийг түшиглэж, хятад, япон хэлний ангийг Монгол Улсын Их Сургуульд нээсүгэй” гэсэн Төв хорооны тогтоолын дагуу тухайн оны 02-р сард анх удаа хятад хэлний ангид орсноор хятад хэлийг гурван жил сурчээ.  Ц.Сүрэнжав бол МУИС-д хятад хэл үзэж эхэлсэн анхны дөрвөн хүний нэг юм. Тэр цагаас хойш үндсэндээ 45 жил хятад хэл үзэж, 15 жил хятад оронд ажилласан. Бээжин хотод Элчин сайдын яаманд, Монголын Мэдээллийн агентлагийн тусгай сурвалжлагчаар, бас бусад аж ахуйн ажилд зүтгэж, Төмөр замын төлөөлөгчөөр ч ажиллаж явсан түүхтэй.  Хятад улс бол манай улсын стратегийн хамгийн ойрхон түнш, харилцаа өрнүүлж буй найрамдалтай агуу их том хүчирхэг хөрш орон. Хөрш оронтойгоо эвтэй найртай байж, бие биеэ харилцан хүндэтгэж байх нь зүй.

Энэ тухайд Сүрэнжав:

- Хятад улсын дарга Ши Жиньпин Монголд ирээд байгуулсан хоёр орны хамтарсан тунхагт үүнийг тодорхой бичсэн. Энэ зарчмаасаа хэзээ ч урвахгүй гэдэгт би хувьдаа бат итгэж явдаг. Тэгэхээр манай харилцаа бол олон улсын харилцааны, улс хоорондын, ялангуяа хөрш улсуудын хоорондын харилцааны бас нэг үлгэр жишээ болж байдаг боловуу гэж би дотроо их баярлаж бахархаж явдаг юм. Тэгэхээр энэ бүхий л салбарт амжилттай хөгжиж байна, бүр нялхсаас өвгөд хүртэл, иргэншлээс соёлын өндөр түвшинд хүртэл технологийн салбарт бүтээн байгуулалтын салбарт, хамтарсан түүхийн судалгаа, бие биедээ соёлоо түгээх, харилцан хувааж хүртэх, хоёр орны ард түмний оюун санааг ойртуулах энэ бүхий л салбарт өнөөдөр шиг ингэж сайхан хөгжиж,  оргилдоо хүрч байгааг өмнө нь харж байсангүй. Энэ бол миний энэ насанд тохиолдож байгаа хамгийн өндөр оргилд нь дөхөж яваа үе гэж би хувьдаа бодож байна. Яагаад гэвэл дэлхийн хөгжлийн манлайлагч төв бол бөмбөрцгийн баруун хагасаас бөмбөрцгийн зүүн хагас руу шилжиж байгаа асар чухал шилжилтийн үед бид амьдарч байна. “Морьтны хишиг явганд” гэдэг. Хажуугийн хөрш болох энэ хүчирхэг орон, дэлхийн хамгийн хүчирхэг хөгжилтэй, шулуун шударга энэ том гүрний үр шимийг бид адилхан хүртэнэ. “Нэг бүс” гэж үзэгдэж байгаа энэ дэлхийн хуурай газар, дэлхийн бөмбөрцгийг нэг чигт урагш нь нэг замаар, хөгжлийн замаар хөтлөх ёстой гэж тэрээр ярьсан юм.

БНХАУ 2018 онд Хятадын өөрчлөн байгуулалтын 40 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Энэ тухайд зочин маань:

- Энэ 40 жилд хятадын ард түмний амьдрал газраас тэнгэрт гарлаа. Ядуу зүдүүгээс үндсэндээ саллаа. Ши Жиньпин дарга гарч ирснээс хойших хугацаанд дор хаяхад жаран сая гаруй хүнийг ядуурлаас салгасан. Ийм явдлыг дэлхийн хүн төрөлхтний түүх мэдэхгүй. Тийм учраас өнгөрсөн 40 жил буюу 1978 онд хятадын агуу их сэтгэгч, онолч Дэнсяопин /номыг нь Сүрэнжав гуай өөрөө орчуулж, хэвлүүлсэн/ гарч ирснээр “Дөрвөн шинэчлэл”, өөрөөр хэлбэл, хятадын агуу их шинэчлэлийн он жилүүд эхэлсэн. Шинэчлэгддэггүй юм гэж дэлхий ертөнцөд нэгээхэн ч үгүй. Хятадын 40 жил шиг ийм хурдан явцтай, өргөн далайцтай, ийм гайхамшигтай амжилтад хүрсэн шинэчлэл хүн төрөлхтний хэмжээнд анхных нь юм. Харин бид үүнийг нүдээрээ харсан, өнөөдөр бидэнд зам, гүүр, манай томоохон бүтээн байгуулалтыг хэн мөнгийг нь гаргаж, хэн ирж хийж өгч байна вэ? Үүнийг манай монголын ард түмэн ойлгож байгаа гэж хятад судлаач маань ярьсан юм.

Тэрээр сэтгүүлч хүний хувьд хятадын түүх, уран зохиол, өнгөрсөн, эдүгээг ихэд анхаарч сортойж явдаг нэгэн. Тухайлбал, хятад хэлнээс 50-иад ном орчуулан буулгасан. Энэ дотор Мао Зидуны “Хун би шү” гэдэг номыг анх удаа орчуулж, хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгожээ. Харамсалтай нь,  өөрт нь нэг ч хувь үлдээгүй гэх. Ер нь түүний бүтээсэн номны тэн хагас өөрт нь ганц ч хувь үлдээгүй, эсвэл байгаа нь ердөө цорын ганц ганц л хувь үлдсэний дээр дахин давтан хэвлүүлэх хүсэлтүүд үргэлж  ирж байдаг нь энэхүү хөдөлмөрч, бүтээлч хүмүний бүтээл хичнээн их эрэлттэй болохыг, нэг ёсондоо чансааг нь илт харуулж байгаа хэрэг биз ээ.  Тэрээр мөн Ши Жиньпиний номын 3-р ботийг нь орчуулах ажилд шамдан гурван жил суугаад 2013 онд Хөххотод хэвлүүлж олон түмний хүртээл болгосон байдаг. Ер нь хятад улстай холбогдолтой ном судрыг чадахын хэрээр орчуулдаг хүн юм. Жишээ нь, “Багачуудын ёс журам”, хятадын 14 академичийн бичсэн “Дэлхийн тайлагдаагүй нууцууд” гэдэг энэ ном 2012 оны Шилдэг ном бөгөөд оны шилдэг борлуулалттай ном болсон байна. Энэхүү ном өөрт нь бас л цорын ганц хувь үлдсэн гэх.

Сүрэнжав:

- Энэ номыг би Хөххотод хэвлүүлсэн юм. Хөххотод Боловсролын хэвлэлийн хороонд ажилладаг Үнэнч гэдэг нэртэй миний хуурай дүү байдаг. Тэр миний олон номыг хэвлүүлсэн. Тэр хэвлүүлсэн олон номын нэг нь энэ.  Одоо энэ номыг болж өгвөл дахин хэвлүүлэх бодолтой байна. Учир нь уншигч олон түмнээс дахин хэвлүүлэх хүсэлт их ирж байна. Хятадын агуу их зохиолч Жян Шен Лян 1980-аад оны дундуур Нобелийн шагналд нэр  дэвшсэн их зохиолч Соёлын хувьсгалын үед Ганьсү муж дахь Хөдөлмөрөөр хүмүүжүүлэх газарт 20 жил сууж гараад хятадын агуу их зохиолч болсон. Асар олон ном гаргасан. Түүний “Эр хүний өрөөсөн тал нь эм хүн” номыг би багшийнхаа дурсгалд зориулж хэвлүүлсэн юм. Энэ ном одоо хаана ч олдохгүй. Хятадын уран зохиолын шинэ үзэгдэл болсон энэ ном миний гарт бас ганцхан үлдсэн. “Хөх тэнгэрийн орноор дүүлэхүй”  номыг Өвөр Монголын Ардын радио хорооны орлогч дарга байсан Лү Ванхай, Жао Баопин гэдэг хоёр хүн монгол орноор гурван жил ирж байж бичсэн. Тэдний өөрсдийнх нь хүслээр, зөвшөөрлөөр хэвлүүлсэн гэж сонирхууллаа.

Ингээд түүний номын сангаар зочлоход үнэхээр нөр их хөдөлмөрөөр нь бүтсэн бүтээлүүд илт харагдана. “Цацлын есөн дусал”. Анх Бээжинд 2008 онд хэвлүүлсэн, өөрөөр хэлбэл, түүний “Ууган хүү” гэнэ. Энэ ном араасаа 72 дүү дагуулжээ. Дашрамд дурьдахад, өөрийн бичсэн номнуудаа тэрээр “хүү”, орчуулсан номнуудаа “охид”-ууд гэж нэрлэдэг гэдгээ сонирхуулсан юм. “Цацлын есөн дусал” бүтээл нь Сүрэнжав гуайд “Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн гэдэг эрхэм хүндтэй алдрыг авчирч, тэмдгийг нь энгэрт нь зүүж өгсөн болохоор  энэ номондоо их хайртай байдаг юм” гэж эрхэм судлаач маань сэтгэл хөдлөн бахархал дүүрэн хэлж байлаа.

Энэ онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож байна. Аравдугаар сарын 16-нд энэ ойг Монгол, Хятад улсад ёслол төгөлдөр тэмдэглэхээр тал талдаа хэдийнээ итгэл төгс бэлтгээд байна. Тус арга хэмжээ Монгол Улсын Гадаад Харилцааны Яаман дээр 1-р сарын эхээр болсон. Энэ цуврал арга хэмжээний эхлэлд хятад судлаач Сүрэнжав урилгаар оролцсон тухайгаа ч сонирхуулан ярьсан билээ. Тэрээр энэ ойг “Бидний дундын баяртай үйл явдал учраас их ач холбогдол өгч бэлтгэж байна” гэж хэлсэн юм. Үнэхээр ч хоёр улс хоёр талдаа өндөр ач холбогдол өгч, өндөр дээд хэмжээнд бэлтгэн, олон арга хэмжээнүүд зохион явуулсаар байгааг ард түмэн илт харж байгаа билээ. Энэ том ойд сэтгэл өндөр бэлтгэж байгаа “70 жилийн амьд гэрч”-ийн нэг болсон эрхэм орчуулагч, судлаачийн бүтээлүүдийг уншигч та эрхгүй сонирхож буй гэдэгт эргэлзэхгүй байна. Түүний өөрийнх нь бичсэн хийгээд орчуулсан нийт “73 ахан дүүс”-ийг далай их номын ертөнцөөс сэтгүүлч миний бие ч гэсэн олдохын хэрээр олж оюуны  сандаа нэмэр болгохыг эрмэлзэж буйгаа нуух юун.

 

Найруулагч: Э.ҮРЖИНХАНД
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл