solongonews
Хятад, Японы ГХ-ийн сайд нар утсаар ярив
2021-11-19 12:21
Хятад, Японы ГХ-ийн сайд нар утсаар ярив

  Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасатай 11-р сарын 18-ны өдөр утсаар ярьлаа.

Ван И:

- Ерөнхий сайд Фумио Кишида засгийн эрхэнд гарснаас хойш Хятад, Японы удирдагчид идэвхтэй хамтран ажиллаж байна. Дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Фумио Кишида нар нааштай хэлхээ холбоо тогтоон ажиллаж, шинэ эрин үеийн шаардлагад нийцсэн Хятад Японы харилцааг хөгжүүлэх чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хоёр талаараа холбогдох төлөвлөгөө боловсруулж, ирэх жил Хятад, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн боломжийг алдалгүй ашиглан, хоёр орны харилцааг зөв замаар тогтвортой урагшлуулах ёстой.

   Хятад, Япон нь бүс нутгийн чухал улсууд, дэлхийн хоёр, гурав дахь том эдийн засагтай орнууд тул цаг үеийн ерөнхий чиг хандлагыг дагаж, хоёр орны харилцааны зөв чиглэлийг ухамсарлаж, хоёр ард түмэнд илүү ашиг тусаа өгч, Ази, тэрчлэн дэлхийд илүү эерэг энерги сэлбэх хэрэгтэй. Японы тал Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичигт тусгагдсан зарчмуудыг баримталж, Хятад улсын хөгжлийг бодитой, оновчтой харж, "бие биенийхээ түнш бөгөөд харилцан аюул занал учруулахгүй" гэсэн улс төрийн нийтлэг ойлголтыг бодлогод тусгаж хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Түүх, Тайвань зэрэг хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурь, итгэл үнэмшилтэй холбоотой томоохон асуудлаар хэлбэлзэхгүй, ухралт хийхгүй, үндсэн хэм хэмжээнээс давахгүй байхыг батлах хэрэгтэй гэж хэллээ.

Хаяши Ёшимаса:

- Одоогийн байдлаар олон улсын хамтын нийгэмлэг томоохон өөрчлөлтийн цаг эринд орж, даян дэлхийд Азийн бүс нутаг улам бүр чухал болж, Хятад улс өдөр ирэх тусам хөгжиж байна. Олон улсын хамтын нийгэмлэг Япон, Хятадын харилцаанд илүү их анхаарал хандуулж, хүлээлттэй байна. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан яриа хэлцэл, солилцоог бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, иргэд, олон нийтийн солилцоог сайжруулж, санал зөрөлдөөнөө сайтар хянаж, улмаар даяаршсан сорилтуудыг зохицуулах үүрэг хариуцлагаа ухамсарлаж, "харилцан аюул занал учруулахгүй" гэх зэрэг нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Япон, Хятадын тогтвортой, бүтээлч харилцааг дэмжихийн тулд Хятадын талтай хамтран ажиллахад Япон бэлэн байна гэж хэлсэн байна.

Ван И бас Дяо Юй Дао арал, Хонконг, Шиньжян, Өмнөд Хятадын тэнгис зэрэг асуудлаарх Хятад улсын зарчмын байр суурийг тодорхойлов.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл