ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 07-р сарын 11-нд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, төрийн зөвлөлийн дарга, зэвсэгт хүчний дээд удирдагч Ким Жон Ун нар "БНХАУ-БНАСАУ-ын найрсаг хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ"-г байгуулсны 60 жилийн ойд зориулан харилцан баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа, 1961 онд БНХАУ, БНАСАУ-ын ахмад удирдлагууд алсын хараа бүхий "БНХАУ-БНАСАУ-ын найрсаг хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ"-нд гарын үсэг зурах стратегийн бодлого хэрэгжүүлж, хоёр орны ард иргэдийн найрамдлыг бэхжүүлэн, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд улс төр, хууль эрх зүйн маш чухал үндэс суурийг тавьж өгсөн юм. 60 жилийн турш хоёр тал гэрээний дагуу харилцан дэмжлэг үзүүлэн, мөр зэрэгцэн урагшилж, хоёр нам, хоёр орны ахан дүүсийн уламжлалт найрамдлыг бэхжүүлэн, өөрсдийн социализмын хөгжлийг харилцан дэмжиж, бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалсаар ирсэн юм гэжээ.
Ким Жон Ун баярын цахилгаандаа, "БНХАУ-БНАСАУ-ын найрсаг хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ"-нд гарын үсэг зурснаар БНАСАУ, БНХАУ-ын хоёр нам, хоёр орны засгийн газар болон ард иргэд хууль эрх зүйн бат бөх үндсэн суурин дээр урт хугацааны турш улаан цусаа урсган байж олсон хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлсээр ирснийг дэлхий нийтэд харууллаа. 60 жилийн турш хоёр орон харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэн, найрсаг харилцааны бахархууштай түүхийг бүтээлээ. Ойрын жилүүдэд ээдрээ будлиантай олон улсын нөхцөл байдалд БНАСАУ, БНХАУ-ын бат бөх итгэлцэл болон эв найрамдал өдөр ирэх тусам гүнзгийрч, хоёр талын харилцааны хөгжилд шинэ шат ахиж байна гэжээ.
