
Хятад-Монголын III экспод оролцогч Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газрын дарга Б. Баярсайхантай хийсэн ярилцлагаа хүргэж байна.
- Сайн байна уу та, энэ удаагийн Хятад-Монголын экспод оролцож байгаа Монгол Улсын бизнес эрхлэгчдийн баг бүрэлдэхүүн, танилцуулж байгаа төслүүдийн талаар мэдээлэл өгөөч?
- Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Монгол, Хятадын экспо арга хэмжээг хоёр тал гурав дахь удаа амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн арга хэмжээ нь “Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжье” гэсэн уриан дор хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах, хурал форум, үзэсгэлэн худалдаа, соёлын солилцоо зэрэг чиглэлээр хорь гаруй арга хэмжээг зохион байгуулж байна.
Монгол Улсаас 650 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсаас Засгийн Газрын томоохон 17 төсөл хөтөлбөрийг хөрөнгө гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулна. Үүнээс гадна, Монгол Улсын 40 гаруй байгууллагын төлөөлөл 50 гаруй төслийг БНХАУ болон бусад улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, худалдааны түншээ олох зорилгоор хүрэлцэн ирээд байна. Үүнээс хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүн, хүнс үйлдвэрлэлийн 22, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн 3, барилгын материал үйлдвэрлэлийн 4, аялал жуулчлалын нэг, хөнгөн үйлдвэрлэлийн 9, уул уурхайн 1, мэдээлэл технологийн 2, усан цахилгаан станцын 1, стратегийн хөгжиж буй салбарын 2 төсөл байна. БНХАУ-ын аж ахуйн нэгж байгууллагууд манай төсөл танилцуулах байгууллагуудтай холбогдож цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт найдаж байна.
- Монгол Улс “Хөгжлийн зам” хөтөлбөр болон “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан хэрэгжүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?
- Энэ удаагийн хурлаар “Хөгжлийн зам” хөтөлбөр болон “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан хэрэгжүүлэх ажилд түлхэц үзүүлэх, бүх талаар нээлттэй хамтран ажиллах стратегийг хөгжүүлэх, хамтдаа зөвшилцөж, хамтдаа үр ашгийг хүртэн, хамтдаа бүтээн байгуулж, хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчийг бий болгох зорилтын хүрээнд бүс нутгийн болон орон нутгийн хоорондын 50 гаруй хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурна. Үүнээс Монгол Улстай хамтарч байгаа 17 төсөл байгаад баяртай байна. Энэ үйл ажиллагаа нь худалдаа, хөрөнгө оруулалт, түншлэлийн ажиллагааг бүс нутгийн хэмжээнд дахин үе шат гарган ахиулна гэж үзэж байна. Тухайлбал, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн зам” хөтөлбөр болон “Бүс ба зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн Газар, БНХАУ-ын Засгийн Газар хооронд 2017 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг тусгасан Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн ерөнхий төлөвлөгөө гаргах, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах зорилгоор хоёр тал хамтын ажиллагааны санамж бичигт гарын үзэг зурна. “Хөгжлийн зам” хөтөлбөр болон “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан хэрэгжүүлэх тухай хоёр улсын удирдагчдын чухал тохиролцоог хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс хоёр талын давуу тал, боломж бололцоог бүрэн ашиглаж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хөгжилд хүрэхийг найдаж найдаж байна. Энэ төслүүд хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулан хөгжүүлэх, Монгол Улсын дэд бүтэц, хилийн боомтын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
- Энэ жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг та хэрхэн харж байна. Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хойшид хоёр тал ямар арга хэмжээ авах вэ?
- 2019 оны хагас жилээр манай эдийн засгийн өсөлт 7.3 хувьд хүрч, өнгөрсөн оныхоос 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн гадаад худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар өссөн байгаа. БНХАУ, Монгол Улс хоорондын нийт худалдааны хэмжээ 4.4 тэрбум ам.долларт хүрч байна. Энэ нь Монгол Улсын нийт худалдааны 60 орчим хувийг эзэлж байгаа юм. Түүнчлэн 1990 оноос 2019 оны хагас жилийг хүртэл Монгол Улс нийт 14000 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгүүлсэн байдаг. Үүнээс 50 орчим хувийг нь БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд эзэлж байна. Үүнээс үзэхэд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг харж байна. Манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд нэн тэргүүнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тодорхой салбар чиглэлүүдийг хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүний тулд худалдааны бүтцийг шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх шаардлагатай. Энэ асуудлыг шийдэхэд хоёр талын хүчин чармайлт, хамтарсан зохион байгуулалт маш чухал. Амжилттай хэрэгжихэд Хятад улсын “Бүс ба зам” чухал үүрэг гүйцэтгэх болно гэж харж байна. Цаашид хоёр талын нийгэм эдийн засгийн бүх салбарын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, Монгол Улсын хөгжилд нааштай нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байдаг.
- Энэхүү экспогоор Монгол Улсын Засгийн Газраас 17 төсөл хөтөлбөрийг танилцуулж байна гэж та түрүүн хэлсэн. Энэ танилцуулж байгаа төслүүдээс хамгийн онцолж байгаа салбар нь юу байгаа бол?
- Монгол Улсын төр засгаас хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл, аялал жуулчлал, дэд бүтэц, эрчим хүч, мэдээлэл технологи гэх зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалт хийхээс гадна, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьж байгаа. Уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх нь бас манай улсын хөгжлийн гол зорилт болон явж байна. Энэ удаагийн хурал бол Засгийн газраас баталсан Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, зам тээвэр, мэдээлэл технологийн салбарын томоохон 17 төслийг танилцууллаа. Хурлын дараа уулзалтаар бизнес эрхлэгчид эдгээр төслүүдийн нарийвчилсан агуулгуудыг авч цаашдын хамтран ажиллах түншээ олон, бизнесээ өргөжүүлж, хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
- Монгол Улс гадаад хөрөнгө оруулалтын салбарт Хятад улстай ямар бодлого баримталж байгаа вэ. Тодорхой ямар төслүүдэд хамтран ажиллаж байна вэ?
- Монгол Улс гадаад хөрөнгө оруулалтын тал дээр дэмжин ажилладаг, Үндэсний хөгжлийн газар нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах байгууллага юм. Мөн БНХАУ-аас оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллаж байна. Бид улс орныхоо бүтээгдэхүүнийг түүхий эдээр нь биш, харин тодорхой хэмжээнд улс эх орондоо нэмүү өртөг шингээгээд экспортлохыг хөгжлийн бодлогодоо суулгаж, Монгол Улсын аж үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг нээж байна. Одоогийн байдлаар маш их хэмжээний уул уурхай, газрын доорх баялаг Хятадад түүхий эдээрээ экспортлогдож байна. Үүнийг бас зөв зохистой зохион байгуулж, тодорхой хэмжээнд нэмүү өртөг шингээн боловсруулж гаргах бодлогыг баримтлах болно. Монгол Улсын Засгийн Газар уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх боломжууд бий. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг боловсруулах үйлдвэрүүдийг Хятадын хөрөнгө оруулалттай хийж боловсруулах төслүүдийг бас хэрэгжүүлж байгаа юм.
- Хятад-Монголын экспо гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Амжилт ололтынхоо тухайд сонирхуулбал?
- Миний бие Хятад-Монголын экспод хоёр дахь удаа оролцож байна. Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газар нь ӨМӨЗО-ы Хөгжил Шинэчлэлийн Хороотой хоёр жилийн өмнө санамж бичиг байгуулж хамтран ажиллаж тодорхой үр дүн гараад явж байна. Хоёр жилийн өмнөх экспог бодвол энэ удаад хүрээгээ нэлээд өргөн тэлж, улам илүү үр дүнтэй болсон харагдаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2020 он хүртэл хоёр орны худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна. Монгол Улсаас ч гэсэн энэ зорилтыг ханган ажиллах хүрээнд энэхүү экспод ач холбогдол өгч ажиллаж байгаа юм.
- Ярилцлага өгсөн танд баярлалаа.
- Танд Баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
