БНХАУ-ын Мэргэжлийн ур чадварын анхны тэмцээн энэ сарын 10-ны өдөр Гуандүн мужийн Гуанжөү хотод нээлтээ хийлээ. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал илгээж, тэмцээн зохион байгуулсанд баяр хүргэсэн бөгөөд оролцогчдод болон чадварлаг ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ши Жиньпин баярын захидалдаа:
- Чадварлаг боловсон хүчний баг нь Хятадын үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг тулгуурлах чухал хүч мөн. Мэргэжлийн ур чадварын уралдаан нь олон тооны чадварлаг ажилтнуудад авьяас чадвараа сорих, бие биеэсээ суралцаж туршлага солилцох боломжийг бүрдүүлсэн бөгөөд чадварлаг ажилчдын багийг өргөжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой. Уралдаанд оролцогчид амжилттай өрсөлдөж, шинэ зууны чадварлаг ажилчдын авьяас чадварыг тодруулна гэдэгт итгэж байна гэжээ.
Бүх шатны намын хороо, засгийн газрууд чадварлаг боловсон хүчний баг бүрдүүлэх ажлыг чухалчлан үзэж, хөдөлмөрийн баатрын үзэл суртал, хөдөлмөрийн үзэл суртал, дархдын үзэл суртлыг эрчимтэй сурталчлан, илүү олон боловсон хүчин, ялангуяа залуу үеийн ажилчид ур чадвар эзэмшин, ур чадвараараа эх орондоо үйлчлэх замыг уриалж, илүү өндөр ур чадвартай боловсон хүчнийг хүмүүжүүлэн, орчин үеийн социалист орныг бүрэн хэмжээнд бүтээн байгуулахад авьяас чадвартай боловсон хүчний баталгаа хангах хэрэгтэй гэж Ши Жиньпин дарга мөн онцлон тэмдэглэсэн байна.
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ:
- Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх нь Хятадын үйлдвэрлэлийг дэмжих, үйлчилгээг дунд үеэс өндөр түвшинд хүргэх чухал үндэс суурь юм. Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалыг баримтлан, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, зааврыг сайтар хэрэгжүүлж, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоог илүү боловсронгуй болгон, чадварлаг боловсон хүчин ур чадвараа тодруулах ая тухтай орчинг идэвхтэй бүрдүүлэх хэрэгтэй гэж онцолсон байна.
Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр Хүний нөөц, нийгмийн баталгааны яам нь 2020 оноос мэргэжлийн ур чадварын үндэсний уралдааныг зохион байгуулж эхэлсэн юм. "Шинэ зуун, шинэ ур чадвар, шинэ мөрөөдөл" сэдвээр зохиогдсон анхны ээлжид 86 төрлийн тэмцээн зохион байгуулсан бол нийт 2500 гаруй оролцогч, 2300 гаруй шүүгч оролцсон байна. Энэ нь БНХАУ байгуулагдсанаас хойш стандарт, тэмцээний төрөл, цар хүрээ, түвшний хувьд хамгийн өндөр мэргэжлийн ур чадварын үндэсний цогц тэмцээн болжээ.
