Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 11-р сарын 13-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бразилын нийслэл Бразилиад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан байна.
Ши Жиньпин дарга:
- Энэ он Хятад, Оросын харилцаа урьдахаа залгамжлан хөгжүүлэх чухал жил болж байна. Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо сүр жавхлантай тэмдэглэж, баялаг агуулгатай олон арга хэмжээ зохиолоо. Хятад, Оросын орон нутгуудын хамтын ажиллагааны жилийн арга хэмжээ ч удалгүй өндөрлөнө. Ялангуяа, Хятад, Оросын шинэ эриний бүх талын стратегийн түншийн харилцааг хөгжүүлэхийг та бид тохиролцож, хоёр орны харилцааг түүхэн шинэ өндөрлөгт гаргасан. Шинэ эринд шинэ арга барил, шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй. Хоёр тал хамтран зүтгэж, олон улсын байдлын хөгжил өөрчлөлтийг улс орныхоо хөгжлийн байдал, хоёр талын хамтын ажиллагааны шаардлагын дагуу шинийг санаачлан бүтээж, Хятад, Оросын харилцааг дээд түвшинд эрүүлээр хөгжүүлэн, тасралтгүй шинэ амжилт гаргаж, хоёр орны ард түмэнд төдийгүй бүс нутаг, дэлхий дахинд хүртээмжтэй байлгах хэрэгтэй гэж цохон тэмдэглэсэн байна.
Владимир Путин:
- Орос, Хятадын харилцаа бат бэх тогтвортой, гадны ямар ч хүчний нөлөөнд автахгүйгээр хөгжлийн маш сайн хэтийн төлөвтэй байна. Орос, Хятадын харилцаа гүн зузаан нөхөрлөл харилцан, итгэлцлийн үндэс суурьтай, улс төр, эдийн засгийн тал дээр харилцан ашигтай хамтын ажиллагаатай бай. Олон улсын тавцанд нягт зохицуулалт хийдэг жинхэнэ бүх талын стратегийн түнш юм. Орос, Хятад дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалах зэрэг тал дээр чухал нийтлэг ойлголт, нийтлэг ашиг сонирхолтой. Өнөөгийн нөхцөлд хоёр тал стратегийн хэлхээ холбоогоо нягтруулж, тус тусын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрхийг хамгаалахыг эрс дэмжих хэрэгтэй. Хоёр талын худалдааны хэмжээ, түвшинг улам дээшлүүлнэ гэдэгт Оросын тал итгэлтэй байна. Евро-Азийн эдийн засгийн холбоо, “Бүс ба зам” санаачилгыг уялдуулахыг түргэсгэж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, сансар судлал, агаарын тээвэр, эрчим хүч, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятадад экспортлох байгалийн хийг нэмэгдүүлнэ. Хүмүүнлэгийн салбар болон орон нутгуудын солилцоог эрчимжүүлнэ. Оросын тал ирэх жил БРКИС-ын орнуудын ээлжит дарга орон болно. Хятадын талтай нягт хамтран ажиллаж, БРКИС-ын орнуудын механизмын нэр нөлөөг дээшлүүлэн, ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, ялангуяа, аюулгүйн салбар, терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Оросын тал бэлэн байна гэж хэллээ.
