БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 02-р сарын 05-ны өдрийн үдээс хойш Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ажиллагаанд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Дяо Юйтай зочид буудалд уулзав.

Ли Кэчян хэлэхдээ "Хятад, Монгол хоёр бол сайн хөрш, сайн найз, сайн түнш бөгөөд Хятад улс Хятад, Монголын харилцааг стратегийн болон урт хугацааны алсын хараанаас үзэж, Ши Жиньпин дарга ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй байнгын хэлхээ холбоотой байсаар байна. Хятад улс Монгол Улстай дээд давхаргын харилцаагаа эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй ахиулна".
Ли Кэчян онцлохдоо "Хятад улс хоёр орны хилийн боомтоор бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг чухалчлан үзэж, хоёр талын боомтуудын хэвийн ажиллагааг хангахыг чухалчилж, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжинэ. Төмөр зам, авто зам, эрчим хүч болон бусад төслүүдийн бүтээн байгуулалтыг дэмжиж, Хятад, Монголын найрамдлыг үзэл санааны дагуу зах зээлийн зарчим, худалдааны зарчмаар хамтран ажиллах болно. Хятад улс Монгол Улсын цар тахалтай тэмцэх ажлыг үргэлжлүүлэн дэмжиж, хоёр орны оюутан болон бусад ажилтнуудын солилцоог эрчимжүүлж, Хятад Монголын хамтын ажиллагааг хоёр ард түмэнд илүү үр өгөөжтэй болгоход бэлэн байна" гэжээ.
Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэхдээ"Хятад улс цар тахал газар авч буй нөхцөл байдалд ч Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, тахал өвчний эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлсээр ирсэн Хятадын талд талархал илэрхийллээ. Тэрээр мөн "Ерөнхий сайд болсны дараах анхны айлчлалаа Хятад улсаас эхлүүлж байгаадаа баяртай байна. Монголын тал Хятадын талтай хамтран ажиллаж, цар тахалтай тэмцэж, хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна. Хоёр орны хөгжлийн стратегийг цаашид уялдуулж, эрчим хүч, уул уурхай, зам тээвэр,дэд бүтэц, цөлжилтөөс сэргийлэн тэмцэх зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, залуучуудын солилцоог бэхжүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна" гэжээ.
Уулзалтын дараа хоёр тал “БНХАУ-ын засгийн газар болон Монгол Улсын засгийн газрын хамтарсан мэдэгдэл”-ийг нийтэлжээ.
