ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Тэнгисийн цэргийн шумбагч онгоцны багийн бүх офицер дайчдад хариу захидал илгээж, тэдэнд урам зориг өгсөн байна.
Ши Жиньпин хариу захидалдаа "Та бүхний илгээсэн захидлыг уншаад 10 жилийн өмнө та нартай хамт өнгөрүүлсэн сайхан цаг мөч санагдлаа. Үүрэг хариуцлагаа бат санаж, бэрхшээлийг даван туулж, төрөл бүрийн ажлаа амжилттай гүйцэтгэснийг сонсоод би маш их баяртай байна" гэж бичжээ.
Ши Жиньпин онцлохдоо "Шумбагч онгоцны багийнхан далай тэнгисийн гүнд ажилладаг тул үүрэг хариуцлага маш хүнд хэцүү байдаг. Нөхдүүд нам, ард түмний их итгэлийг хүлээж, үүрэг даалгавраа биелүүлэх чадвараа тасралтгүй дээшлүүлэн, усан доогуур ажиллах чадавхаа бүрэн дайчлахын төлөө хичээн зүтгэж, цэрэг армийн 100 жилийн тэмцлийн зорилтыг хэрэгжүүлэхэд улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна" гэжээ.
Тэнгисийн цэргийн шумбагч онгоцны багийнхан бол Хятадын шинэ хэлбэрийн шумбагч онгоцны байлдааны чадварыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. 2013 оны 04-р сард Ши Жиньпин онгоцны багийн офицер дайчидтай уулзаж, тэдэнтэй хамт өдрийн хоолонд орж, санал солилцож байжээ. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд багийнхан үүргээ үнэнчээр биелүүлж, байлдааны бэлэн байдал, туршилтын сургуулилт зэрэг олон томоохон ажлуудыг амжилттай гүйцэтгэснээр, Цэргийн төв зөвлөлөөс хоёр ч удаагаа тус хамт олонд нэгдүгээр зэрэглэлийн гавьяаны шагнал олгожээ. Саяхан уг онгоцны багийн бүх офицер дайчид Ши Жиньпин даргад захидал бичиж, хүлээсэн үүргээ амжилттай биелүүлнэ хэмээн итгэл зоригоо илэрхийлсэн байна.
