4-ний орой Хятадын олон улсын импортын 3-р экспо Шанхай хотноо нээлтээ хийж, Хятад улсын дарга Ши Жиньпин видеогоор үндсэн илтгэл тавилаа. Ши Жиньпин Хятад улсыг бүх талаар нээлттэй байлгах шинэ бодлогуудаа мэдэгдэн, Хятадын зах зээлийг дэлхийн зах зээл, хуваалцсан зах зээл, хамт олны зах зээл болгож, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжихээ цохон тэмдэглэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Ковид-19-ийн цар тахал дэлхийн эдийн засгийн тогтворгүй хүчин зүйлийг нэмэгдүүлсэн учраас талууд хамтран эрсдэл сорилтыг даван туулж, хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, гадаадад илүү нээлттэй байлгах ёстой. Хамтран ажилласан нээлттэй байдалд хамт амжилтад хүрэхэд сэжиг таамаглал биш харин итгэл найдвар хэрэгтэй, хамтран ажиллаж зөвшилцөх ёстой. Хамтын ажиллагааг дэмжин хариуцлагаа хамт хүлээсэн нээлттэй байдлыг бий болгохын тулд том гүрэн түрүүлээд жишиг болох ёстой. Гол гол эдийн засгийн цогц үлгэр жишиг үзүүлж, хөгжиж буй орнууд идэвхтэй ажиллах ёстой. Ганц талын үзэл, худалдааны ивээх үзлээр олон улсын дэг журам, дүрэм горимоос зөрчиж болохгүй. Бүтээлч байр сууриар дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог шинэчилж, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулах ёстой гэжээ.
Саяхан болж өнгөрсөн ХКН-ын төв хорооны 19 дэх сонгуулийн 5-р бүгд хурлаар Хятад улс ирэх 5-15 жилийн хөгжлийн бүх талын төлөвлөлтийг гаргасан юм. Ши Жиньпин үүнтэй холбогдуулан хэлэхдээ, Хятад улс дотоодын орчил эргэлтийг бүрдүүлэх суурин дээр гадаад дотоодын хос эргэлтийг уялдуулсан хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгохоо дурджээ. Энэ нь зөвхөн битүүмжилсэн байдалд дотооддоо орчил эргэлт хийх явдал биш харин улам илүү нээлттэй гадаад дотоодын хос эргэлт болох бөгөөд Хятад улсын хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцэх бөгөөд улс орнуудын ард иргэдэд үр өгөөжийг нь хүртээх болно. Хятад улс бол дэлхийн хамгийн нөөц хүчин бүхий том зах зээл мөн бөгөөд ирэх арван жилийн хугацаанд бараа бүтээгдэхүүний импортын хэмжээ 22 их наяд ам.долларыг давах төлөвтэй байна гэжээ.
Ши Жиньпин Хятад улсыг цаашид нээлттэй байлгах шинэ бодлогуудаа танилцуулав, тухайлбал: Үндэстэн дамнасан үйлчилгээний худалдааны сөрөг жагсаалтыг гаргаж, импортлохыг хориглох хязгаарлах техникийн жагсаалтыг цомхтгож, техникийн элемент хил дамнан чөлөөтэй эргэлдэхэд таатай орчныг бүрдүүлж өгнө. Цар тахлын дараа боловсруулсан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй дэмжих бодлогуудыг Хятад улсад бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдэд тэгш хэрэгжүүлнэ. Гадаадтай холбоотой хуулийн тогтолцоог улам ил тод боловсронгуй болгож, оюуны өмчийн эрхийг хамгаалахыг чухалчлан, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална. Хятад улс илүү олон улс оронтой өндөр стандарт хангасан чөлөөт худалдааны бүс байгуулахад бэлэн байна гэжээ.
