09-р сарын 24-нд ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронтой утсаар ярьжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Вьетнам бол уул усаараа холбогдсон социалист хөршүүд бөгөөд стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны хамтын цогц юм. Дэлхий дахины зуун жилийн өөрчлөлт болон энэ зууны цар тахал давхцаж буй нарийн төвөгтэй нөхцөлд хоёр тал маш олон хамтын ашиг сонирхол болон хамтын анхааралтай болов. Бид зөв чиглэлийг барьж, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, социализмын үйл хэргийг үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр нам, хоёр улс, хоёр ард түмний язгуур эрх ашгийг үнэнхүү хамгаалж, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулах ёстой гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо: Вьетнам тахал өвчнийг даван туулж, эдийн засаг, нийгмийн хөгжлөө ахиулахыг Хятадын тал тууштай дэмжиж байгаа. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, шинэ коронавирусын гарал үүслийг улстөржүүлэхийг эсэргүүцэж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах ёстой гэжээ.
Нгуен Фу Трон хэлэхдээ, өнөө Вьетнам Хятад хоёр орны харилцаа сайн сайхан байдлаа хэвээр хадгалж, дээд давхаргын харилцаа нягтарч, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа хурдацтай өсөж байна. Вьетнам Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны харилцааг нэн тэргүүнд хөгжүүлэхийг Вьетнамын тал ихэд чухалчилж, Вьетнам тахал өвчинтэй тэмцэх, эдийн засаг нийгмийн хөгжлөө сэргээхэд Хятадын тал үнэтэй дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархаж байна гэжээ.
