
Хятадын Төрийн зөвлөл үндсэн хуулийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг 07-р сарын 08-нд зохион байгуулж, 2018 оны 11-р сараас 2019 оны 06-р сарын хооронд Төрийн зөвлөлөөс томилсон 25 байгууллага нэгжийн 28 удирдах боловсон хүчин үндсэн хуулийн өмнө тангараг өргөсөн байна.

Ерөнхий сайд Ли Кэчян: - Бид бүгд Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг сайтар суралцан хэрэгжүүлж, үндсэн хуульдаа үнэнч байж, хуулийн дагуу ажил үүргээ биелүүлэх хэрэгтэй. Сайн сайхан амьдралын төлөөх ард иргэдийнхээ хүсэл тэмүүллийг хичээл зүтгэлийнхээ зорилт болгож, үүрэг хариуцлагаа ухамсарлан, цэвэр цэгц байж, эдийн засаг, нийгмийн эрүүл тогтвортой хөгжлийг дэмжин, баян чинээлэг, хүчирхэг, ардчилсан, үзэсгэлэнт, социалист орчин үеийн улс орныг бүтээн байгуулахын төлөө тэмцэх хэрэгтэй гэж онцоллоо.

2015 оны 07-р сард БХАТИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар хууль тогтоомжийн хэлбэрээр үндсэн хуулийн тангараг өргөх тогтолцоог баталсан. Улмаар БХАТИХ-ын Байнгын хороогоор санал оруулж, томилгооны шийдвэр гаргасан төрийн албан хаагчид эрхбиш үндсэн хуулийн тангараг өргөх хэрэгтэй гэж тодорхой тогтоосон бол 2018 оны 03-р сард энэхүү тогтолцоог БНХАУ-ын үндсэн хуульд бичиж оруулсан байна.
