
Саяхан Гуандун мужийн төв Гуанжөү хотод Хятадын мэргэжлийн ур чадварын анхны наадам амжилттай болж өндөрлөлөө. Хятадад хамгийн өргөн цар хүрээтэй тэмцээний төрлөөр хамгийн олон, хамгийн өндөр түвшинд зохиогдсон энэхүү наадамд олон нутгаас шалгарсан 2557 төлөөлөгч 86 төрлөөр ур авьяасаа сорьсон байна. Гурван хоног үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний дүнд 97 төлөөлөгч 86 төрлийн алтан медалийн эзнээр шалгарсан юм.
Түүгээр зогсохгүй, энэ удаагийн наадмаар дамжуулж, дэлхийн мэргэжлийн ур чадварын 46 дахь наадамд оролцох Хятадын бэлтгэл багт 630 гаруй хүнийг сонгон шалгарууллаа. Тэд цаашдын эрчимжүүлсэн сургалт, шалгалтаар дамжуулан тэмцээний төрөл бүрт нэг төлөөлөгчийг дэлхийн шилдэг тоглогчийн хамт 2022 онд Шанхай хотод зохион явуулах 46 дахь дэлхийн тэмцээнд өрсөлдөнө.
Мэргэжлийн чадварлаг хүмүүсийг бэлтгэх ажлыг Хятадын нам төрөөс дээд хэмжээгээр чухалчлан үзэж, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин тус наадамд баярын захидал илгээж, ерөнхий сайд Ли Кэчян чухал тушаал өгсөн юм.
Дарга Ши Жиньпиний баярын захидалд: Мэргэшсэн ажилчдын баг бол Хятадын үйлдвэрлэл, шинэчлэлийг дэмжих чухал хүч юм. Мэргэжлийн ур чадварын тэмцээн нь мэргэжлийн авьяаслаг хүмүүст ур чадвараа харуулах, бие биеэсээ туршлага сурах боломжоор хангах төдийгүй, чадварлаг ажилчдын багийг бэхжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдлоо өгөх болно. Уралдаанд оролцогчид хичээн зүтгэж, шилдэг амжилт гарган, шинэ эриний мэргэжлийн чадварлаг хүмүүсийн дүр төрхийг харуулна гэдэгт найдаж байна. Мэргэжлийн чадварлаг хүмүүсийг бэлтгэх ажлыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, үлгэр жишээ ажилчдын ажлын урам зориг, ур чадварыг сурталчилж, илүү олон ажилчид, ялангуяа залуу үеийнхнийг ур чадвараар дадлагажуулж, ур чадвараараа эх орондоо үйлчлэхийг урамшуулан, орчин үеийн социалист улс орныг бүх талаар бүтээн байгуулахад хүний нөөцийн ажлыг сайтар хийхийг бүх шатны намын хороо, захиргаанаас шаардсан байна.
Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх нь Хятад улсын үйлдвэрлэл, үйлчилгээг улам өндөр түвшинд ахиулах үндэс суурь юм. Мэргэжлийн ур чадварын тэмцээнд автомашины үйлдвэрлэл, машин механик, нисэх онгоцны засвар сэлбэг зэрэг үйлдвэрлэлийн дэвшилтэт салбаруудаас аж үйлдвэр 4.0, хөдөлгөөнт робот, үүлэн тооцоолол, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн ухаалаг технологи зэрэг шинээр хөгжиж буй стратегийн салбарууд, мөн гоо сайхан, үсчин, ресторан үйлчилгээ зэрэг орчин үеийн үйлчилгээ зэрэг үндэсний эдийн засгийн бүх салбарыг хамарч, нийгмийн бүх давхаргын ажилчдад авьяас чадвараа сорих, давтан сурах индрээр хангасан байна.
Хятад улс бол дэлхийд аж үйлдвэрийн бүрэн бүтэн ангилалтай улс орон. Аж үйлдвэрийн салбарт чадварлаг ажилчдын эрэлт хэрэгцээ маш их байдаг. Өдгөө Хятад улсад 170 сая гаруй мэргэжлийн ажилтан байна. Хятад улс сүүлийн жилүүдэд мэргэжил технологийн сургалтыг эрчимтэй хөгжүүлж, мэргэжлийн ур чадварын томоохон сургалт зохион явуулж, мэргэжлийн ажилчдын цалин хөлс зэрэг нөхцөл байдлыг сайжруулж, тэдний хувийн хөгжлийн орон зайг өргөжүүлэв. Өнөөдрийн байдлаар Хятад дахь өндөр ур чадвартай ажилчдын нийт тоо тасралтгүй нэмэгдэж, бүтэц нь сайжирсаар байна.
Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны тоо бүртгэлд харуулснаар "13 дахь таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд хятад улсын хэмжээнд 98 сая 210 мянган хүнийг ур чадвар олгох мэргэжлийн хөнгөлөлттэй сургалтад хамруулжээ. 2016-2019 оны байдлаар өндөр ур чадвартай мэргэжлийн ажилтны тоо 10 сая гаруй нэмэгдэв. Шат бүрийн захиргааны дэмжлэгтэйгээр нийгэм нийтэд хөдөлмөрийг хүндэтгэх, чадварлаг ажилчдыг хүндэтгэх, тэднээс идэвхтэй суралцах ажил өрнөж байна.
Хятад улсад сүүлийн дөрвөн жилд өндөр ур чадвартай 1000 шахам ажилтан төрийн зөвлөлийн тусгай тэтгэлэг хүртэж байгаа юм. Түүнчлэн энэ онд Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас ур чадварын 30 шагналын эзэн, техник мэргэжлийн 300 ажилтныг сайшаан урамшуулж, өндөр ур чадвартай 566 хүнийг төрийн зөвлөлийн тусгай тэтгэлэгт хамруулаад байна.
