“70 жилийн гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээний хүрээнд 2019 оны 06-р сарын 01-ний өдөр Хятад, Монголын томоохон хэвлэл мэдээллийн арваад сэтгүүлчээс бүрдсэн баг Өвөр Монголын Улаан Загалмайн ажлын байдалтай танилцсан юм.
Өвөр Монголын Гуан Цай Аж Үйлсийг Дэмжих Холбоо, Өвөр Монголын Улаан Загалмай, Өвөр Монголын ядуурлаас ангижруулах сан, Лаониү сан зэрэг байгууллагууд хамтран, нүдний болор цайх өвчинд нэрвэгдсэн, амьдрал ядуу иргэдэд туслах зорилгоор 2015 оны 06-р сарын 30-нд “Гэрэлт аялал” сайн үйлсийн аяллыг зохион байгуулсан байдаг. “Гэрэлт аялал” сайн үйлсийн аялал арга хэмжээгээр дөрвөн жилийн турш Өвөр Монголын 20959 иргэдэд хараа оруулах хагалгаа хийж өгсөн. 300 гаруй мянган хүүхдүүдэд харааны шинжилгээг үнэ төлбөргүй хийж, 2901 хүүхдэд харааны шилийг төлбөргүй тааруулж өгсөн. 493 хүүхдийг хараа сайжруулах хагалгаанд хамруулсан байна.
Өвөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хариуцлагатны танилцуулснаар 2019 онд БНХАУ байгуулагдсаны түүхт 70 жилийн ой, Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Мөн Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, ӨМӨЗО-ы Улаан Загалмайн байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлсний 100 жилийн ой тохиож байна. “Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сараас эхлэн Монгол Улсад “Нэг бүс нэг зам- Гэрэлт аялал” зохион байгуулж, Монгол Улсын 109 нүдний болор цайх өвчтөнд үнэ төлбөргүй хагалгаа хийж өгсөн байна. 2018 оны 07 сарын 04-нд Монгол Улсын 3-р эмнэлэгт “Гэрэлт аялал” арга хэмжээ зохион байгуулж, Өвөр Монголын Чао Жюнь нүдний эмнэлгийн мэргэжилтэн хагалгааны бүх явцыг удирдан, Монгол Улсын долоон нүдний болор цайралттай өвчтөнд үнэ төлбөргүй хагалгаа хийж хараа оруулсан байна. 2018 оны 08 сарын 06-д ӨМӨЗО-ы Улаан Загалмай, Хятад улсын Улаан Загалмайн сан болон Монгол Улсын Улаан Загалмай “Нэг бүс нэг зам-Гэрэлт аялал” Монгол Улсын хүмүүнлэгийн тусламжийн төлөвлөгөөний санамж бичигт гарын үзэг зурсан байна. 2018 оны 09-р сарын 20-нд “Гэрэлт аялал” арга хэмжээ Эрээн хотод болж, ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь, Монгол Улсын Их Хурлын гишүүн Г. Мөнхцэцэг нар энэхүү арга хэмжээнд оролцов. 2019 оны 04-р сарын 11-нд “Гэрэлт аялал” арга хэмжээ Хөлөнбуйр хотод зохион байгуулагдаж, Хятад улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн дэд дарга Ван Рүпэн, Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн дарга Н.Болормаа нар оролцож, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг сурсан байна. 2019 оны 04-р сарын 25-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар уулзан “Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд гарын үсэг зурснаар ӨМӨЗО-ы хэрэгжүүлж байгаа “Нэг бүс нэг зам- Гэрэлт аялал” арга хэмжээ нь тус төлөвлөгөөний нэгэн чухал агуулга болж орсон юм. “Гэрэлт аялал” арга хэмжээ нь Монгол Улсад ихээхэн нэр нөлөөтэй болж, иргэдийн баяр талархлыг хүлээж байна. Таван жилийн хугацаанд Монгол Улсын нүдний болор цайх эмгэгтэй 1000 хүнд үнэ төлбөргүй хагалгаа хийж өгөх юм байна.
Хятад, Монголын сэтгүүлчдийн баг 06-р сарын 01-ний өдөр Чао Жюнь нүдний эмнэлгийн эмчтэй хамт долоо хоногийн өмнө нүдний болор цайх өвчний үнэ төлбөргүй хагалгаанд орж, хараа орон баярлаж байсан Хөххотын 79 настай тариачин Дин Ланьчэн настан, энэ жил 69 настай Жан Чүньди хоёрыг эргэж үзсэн юм. Эмч тэдэнд давтан үзлэг хийж, нүдний хагалгааны дараа хурдан эдгэрч байгаа хоёрыг хараад сэтгэл баяртай буйгаа хэлж байсан юм. Энэ хагалгаанд орсон хүн ямар ч өвдөлт зовиур мэдэрдэггүй, хагалгаа хийж дууссан тэр даруйдаа хараа ордог. Хагалгаа хийлгэснээс хойш гурав хоногт өдөр бүр нэг удаа давтан үзлэг хийж, дараа нь долоо хоног, сар, гурван сар тутамд нэг удаа үзүүлнэ. Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд цаг алдалгүй эмчид хандан шаардлагатай түрхлэг, эм авах хэрэгтэй. Хагалгаа хийлгэсэн долоо хоногтоо нойтон алчуураар нүүрээ арчих ба нүдэндээ ус оруулж болохгүй. Хагалгаа хийлгэснээс хойш 15 хоногийн турш нүдэнд хэт их ачаалал өгч ядрааж болохгүй, гурван сар нүдээ нухаж болохгүй. Хагалгаа хийлгэснээс хойш сарын хугацаанд хараанд өөрчлөлт орж болзошгүй бөгөөд гурван сарын дараа зарим хүмүүс хараагаа шалгуулж шил тааруулж авах хэрэгтэй. Уураг витаминаар баялаг, шингэц сайтай хоол идэх, хэтэрхий халуун ногоо, амтлагчтай хоол, архи тамхинаас татгалзах нь зүйтэй. Өтгөн хатах асуудалтай хүмүүс эм ууж, бие засахдаа хэт хүчтэй дүлэхгүй байж, шархны оёдол задрахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Энэ нь маш их хортой үр дагавартай. Хагалгаа хийлгэсний дараа үрэвсүүлэхгүй байх тал дээр сайн анхаарч, үрэвссэн тохиолдолд яаралтай эмчлэх хэрэгтэй байдаг. Энд 65-аас дээш насны иргэдийг жил бүр өрхийн эмнэлгийн төлбөргүй үзлэгт хамруулж, нүдний болор цайх өвчинтэй иргэдийг бүртгэн, Чао Жюнь нүдний эмнэлгийн хагалгаанд хамруулдаг байна.
Сэтгүүлчид Өвөр Монголын Чао Жюнь нүдний эмнэлэгт очиж бодит байдалтай танилцсан юм. Энэхүү эмнэлэг 2003 онд анх байгуулагдсан. Хятад улсын хэмжээнд 29 салбар эмнэлэгтэй. Амьдрал ядуу иргэдэд чиглэсэн энэхүү төслийг 2006 оноос эхлэн хэрэгжүүлсэн байна. Үүнд, “Гэрэлт аялал” сайн үйлсийн аялалд 2005 оноос эхлэн оролцож, Монгол Улсад өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн.
Өнгөрсөн жил Монгол Улсын Улаанбаатар хотод очиж нүдний хагалгаа эмчилгээ хийж байсан эмч Гүө Чин одоо нүдний эмнэлгийн салбарт 16 жил зүтгэж яваа хүний нэг. Нүдний хагалгаа хийлгэсэн хүмүүс гэрэл гэгээтэй амьдралыг дахин эдлэх тэр мөчид өөрийн эрхгүй баярлаж догдолдог. Онцгойлон Монгол Улс зэрэг гадаад улсын иргэдэд үйлчилж байгаадаа маш их бахархалтай байдгаа энэ үеэр хэлж байв. Тэрээр өнөөг хүртэл нийт 30 мянган хүнд нүдний хагалгааг амжилттай хийгээд байгаа юм.
Гүө Чин эмчийн танилцуулснаар нүдний болор цайх өвчин нь нүдний хараа муудах, хараагүй болох гол шалтгаан болох бөгөөд 50-иас дээш насны ахмад настнуудад элбэг тусдаг. Чихрийн өвчин, нүдний гаднаас авсан гэмтэл зэргээс шалтгаалж мөн нүдний болор цайх тохиолдол гардаг. Энэ өвчин анхны шатандаа бол эм ууснаар эдгэрдэг. Харин дунд болон сүүлийн шатандаа орсон бол зайлшгүй хагалгаа хийх шаардлагатай байдаг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд өөх тос, давс, архи тамхины хэрэглээг багасгах, буруу хооллолтоос зайлсхийх, жимс хүнсний ногоог түлхүү хэрэглэх, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх, хамгаалалтын шил зүүх зэргээр нүдээ хамгаалах хэрэгтэй. Өвчтөн чихрийн шижин болон дотоод эрхтний ямар нэгэн эмгэгтэй бол анхан шатны эмчилгээ шаардлагатай байдаг. Тогтмол хугацаанд нүдээ үзүүлж, нүдэндээ тогтмол анхаарч, ном унших, юм бичих, зурагт, гар утас үзэхдээ тодорхой цагийн хугацаатай байх, зөв амьдралын хэмнэлтэй байж, сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэй гэдгийг эмч онцолж байлаа.
“Гэрэлт аялал” арга хэмжээ нь хайр халамжийг бусдад түгээдэг буяны үйлс. Ядуу амьдралтай иргэдээс нэг ч төгрөг хураалгүйгээр эмчилгээ хийж өгдөг. Үүний улмаас нийгэм нийтийн хөрөнгө мөнгөний туслалцаа, Засгийн газрын дэмжлэг, холбогдох байгууллагуудын хамтын хүчин зүтгэлийн хүчинд нэн олон хүмүүст туслалцаа үзүүлэх нөхцөл боломж бүрддэг юм. Энэхүү үйл ажиллагаанд Өвөр Монголын Гуан Цай Аж Үйлсийн сан 25.07 сая юань, Лаониү сан 11 сая юань, Өвөр Монголын Засгийн Газар 10 сая юань, Пин Ань даатгалын компани 4.5 сая юань, Чао Жюнь нүдний эмнэлэг, Шюй Юн нүдний эмнэлэг 5 сая юань тус тус хандивлаж, “Гэрэлт аялал” арга хэмжээнд хөрөнгө мөнгөний бат суурь тавьж, арга хэмжээнд хамрагдсан амьдрал ядуу иргэдийн дарамтыг хөнгөлөн, урам зориг өгч, амьдралд нь гэрэл гэгээ авчирдаг байна.
Өвөр Монголын Улаан Загалмайн хамт олон Зургаан сарын дунджаар Монгол Улсад хүрч, төрөлхийн зүрхний гажилттай 100 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийх юм. Мөн энэ үеэр Өвөр Монголын халамжийн хүрээлэн, эрүүл мэндийн анхан шатны сургалт зэрэг олон сайхан арга хэмжээ зохион байгуулах юм байна. Нүдний болор цайх өвчний хагалгаанд ороход энгийн байдалд 5000 юань зарцуулдаг бол, зүрхний гажилттай хүүхэд хагалгаанд ороход 50 мянган юань зарцуулдаг байна. Энэ нь ядуу амьдралтай иргэдэд санхүүгийн хувьд чамгүй дарамт учруулдаг. Хүмүүст гэрэл гэгээ, зол жаргал, баяр баясгалан өгч байгаа энэхүү буяны ажиллагаа нь Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал агуулга бөгөөд хоёр орны ард түмэнд ашиг тусыг нь хүртээж байгаа сайн үйлсийн үр шимийг иргэдэд үр дүнтэй эдлүүлж байгаа буяны ажиллагаа юм.
