Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг, Вьетнамын Ерөнхийлөгч Во Ван Тхионг нар 03-р сарын 10-ны өдөр БНХАУ-ын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын дарга Ши Жиньпинд баярын цахилгаан илгээж, Ши Жиньпин БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн даргаар сонгогдсонд баяр хүргэв.
Тэд баярын цахилгаандаа:
- Эрхэм таныг БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэж байна. Та Хятадын Коммунист Намын Төв Хорооны гол цөм болохын хувьд бүх нам, бүх арми, бүх улсын ард түмнийг шинэ аянд үргэлжлүүлэн удирдан чиглүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Хятад улсыг цэцэглэн хөгжсөн, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эв найрамдалтай, орчин үеийн социалист орон болгон бүтээн байгуулах нь улам бүр том амжилтад хүрэх болно. Вьетнамын гадаад бодлогын стратегийн сонголт, нэн тэргүүний зорилт болох Хятад улстай найрсаг, иж бүрэн хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлж, хөгжүүлэхийг Вьетнамын нам, төр, ард түмэн ямагт чухалчилсаар ирсэн. Вьетнам, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид ахиулж, гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл улам өндөр болж, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам бат бөх болж, олон нийтийн санаа бодлын үндэс бат бөх байх болно гэж найдаж байна гэж илэрхийлжээ.
