
Өмнөд нутгийн усыг умард нутагт татан ашиглах төслийн дараагийн инженерийн өндөр чанартай хөгжлийг дэмжих хурал Хэнань мужийн Наньян хотод 05-р сарын 14-ний өдөр болж, Хятад улсын дарга Ши Жиньпин чухал яриа хийлээ.

Хэнаний Наньян хотын Шичуань шянь бол тус төслийн дунд шугамын барилга байгуулалтын эхлэлтийн газар юм. 05-р сарын 13-нд Хятад улсын дарга Ши Жиньпин гол гол төслүүдийн хэрэгжилт, усны эхийн экологийн хамгаалалт, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн зэрэг байдалтай танилцлаа.

Хятад улс өнгөрсөн зууны 50-аад оны үед Өмнөд нутгийн усыг Умард нутагт татан ашиглах төслийг санаачилж, хэдэн арван жилийн турш судалгаа бэлтгэл хийсний дүнд 2002 оноос барилга байгуулалтын ажлаа эхлүүлсэн юм.
Хятадын Өмнөд нутаг газар зүйн байршлаасаа болж хур бороо ихтэй, усны нөөц баялагтай. Умард нутаг бол харин гандуу байдаг. Өмнөд нутгийн усыг Умард нутагт татан ашиглах төсөл нь Хятадын стратегийн дэд бүтэц бөгөөд усыг татан ашиглах цар хэмжээгээрээ дэлхийн хамгийн том төсөл болж байгаа юм. Тус төслийн зүүн дунд шугамын эхний барилга байгуулалтын ажил дуусаж, ус дамжуулаад зургаан жил болж байна. Хөх Мөрний 43 тэрбум гаруй шоо метр усыг Умард нутгийн ус дутагдаж байгаа бүсэд татан ашиглаж, 42 том дунд хотын 140 сая хүн амд ашиг шимийг нь хүртээсэн байна.
