solongonews
Хятад Америкийн эдийн засаг, худалдааны хэлцлийг сайжруулна
2019-06-29 21:15
Хятад Америкийн эдийн засаг, худалдааны хэлцлийг дэмжин сайжруулна.

   Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 29-нд Их 20-ийн удирдагчдын Осакагийн дээд уулзалтын үеэр Америкийн ерөнхийлөгч Трамптай хэлэлцээр хийсэн юм. Хоёр орны Төрийн тэргүүн нар Хятад, Америк хоёр тал эрх тэгш, харилцан хүндэтгэх үндсэн дээр эдийн засаг худалдааны хэлцлийг дахин эхлүүлэхийг зөвшөөрсөн байна. Америкийн тал Хятадаас импортлох бараанд гаалийн нэмэлт татвар оногдуулахыг зогсооно гэдгээ илэрхийлэв. Хоёр орны эдийн засаг, худалдааны баг төлөөлөгчид бодит асуудлуудаар зөвшилцөж байна.

Хятад, Америк хоёр талын эдийн засаг, худалдааны хэлцлээс нааштай дохио уламжлагдсан нь хоёр ард түмний хүсэл тэмүүлэл, дэлхий нийтийн хүсэл мөрөөдөлд нийцсэн бөгөөд зах зээлийн хурцадмал байдлыг намдаахад ашигтай.

Дэлхийн эдийн засгийн хоёр том цогц бөгөөд худалдааны том гүрнүүд болсны хувьд Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд зөрчил маргаан гарах нь хэвийн байдал юм. Харин эрх тэгш яриа хэлэлцээр, харилцан хүндэтгэх байр суурийг баримтлан, зөрчил маргаанаа хяналтандаа авч, хамтын ажиллагаагаа ахиулах ёстой. Жил гаруйн хугацаанд Хятадын тал хамгийн их тэвчээр болон чин үнэнч сэтгэлээр Америкийн талын эдийн засаг, худалдааны анхаарал тавьж буй асуудалд хариулж, хоёр тал бүгд хүлээн авч болох гэрээ тохиролцохоор хичээн ажиллаж ирлээ. Гэвч Америкийн талаас тасралтгүй дарамт үзүүлэн, хоёр талын эдийн засаг, худалдааны хэлцлийг хямралд оруулсан төдийгүй дэлхийн эдийн засгийн уналтад орох дарамтыг улам нэмэгдүүлсэн юм. 06-р сарын 06-нд Дэлхийн банкны гаргасан “Дэлхийн эдийн засгийн хөгжлийн төсөөлөл”-ийн тайланд энэ жил болон ирэх жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг улам бууруулан, тус тус 2.6, 2.7 хувьтай болгосон нь 01-р сарын төсөөллөөс тус тус 0.3, 0.1 нэгжээр буурсан байна. Дэлхийн том аж ахуйн нэгжүүдийн судалгааны нийгэмлэгийн саяхан гаргасан тоо бүртгэлээс үзвэл 06-р сарын Америкийн хэрэглэгчдийн итгэмжийн үзүүлэлт өнгөрсөн сараас 121.5 хүртэл буурч, 2017 оны 09-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна.

Гаалийн татварыг нэмэгдүүлснээр асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Харин улам сөрөг нөлөө гаргана. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны асуудлыг зөвхөн эрх тэгш яриа хэлэлцээр хийх арга замаар шийдвэрлэнэ. Энэ удаа Хятад, Америкийн эдийн засаг худалдааны хэлцлийг дахин эхлүүлэх болсон нь асуудлыг шийдвэрлэх зөв замдаа дахин орсныг харуулж байна. Гэхдээ Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны асуудал маш ээдрээтэй тул үр ашигтай зохицуулахад хатуужилтай чармайлт гаргах шаардлагатай гэдгийг бодит үйл ажиллагаанууд гэрчиллээ.

   Хятадын тал Америктай хэлцэлцээрээ үргэлжлүүлэхийг чин үнэнээсээ хүсэж байгаа ч хэлцлийг эрх тэгшээр үргэлжлүүлэн, харилцан хүндэтгэж, бие биеийн анхаарал тавьж буй асуудлыг эв зүйтэй зохицуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хоёр тал эрх тэгшээр зөвшилцөж, харилцан ашигтай үр дүнд хүрэх хэрэгтэй. Харин нэг нь нөгөө талдаа хүчээр тулгаж болохгүй, эсвэл ганцхан талд ашигтай байж болохгүй. Үүний зэрэгцээ хоёр тал харилцан бие биеийн гол чухал ашиг сонирхлыг харилцан харгалзах хэрэгтэй. Харин дарамталж болохгүй, улаан шугамыг давж болохгүй. Сүүлийн сар гаруйн хугацаанд Хятадын тал худалдааны маргааны шат өгсөөд байгаад холбогдуулан олон арга хэмжээ авч, байр сууриа тодорхой илэрхийлсэн. Бүрэн эрх болон нэр төрийн асуудлаар Хятад улс байр суурь тодорхой, өөрийн гол ашиг сонирхлыг тууштай хамгаална.

Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын энэ удаагийн уулзалтад Америкийн тал Хятадаас импортлох барааны гаалийн татварыг дахиж өсгөхгүй гэдгээ онцолсон. Энэ нь Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэлцэлд нөхцөл бүрдүүлж өглөө. Дараагийн алхамд Америкийн тал “үйл ажиллагаа”-гаа үзүүлж, хэлсэндээ хүрч, Хятадын талтай байр сууриа ойртуулах ёстой. Хамтран ажиллавал харилцан ашигтай, тэмцэлдвэл хамтдаа хохирно. Хамтран ажиллах нь сөргөлдөхөөс ашигтай, яриа хэлэлцээр хийх нь тэмцэлдэхээс сайн гэдгийг Хятад, Америкийн дипломат харилцаа тогтоосон 40 жилийн замнал харуулж байна. Хятад, Америкийн зөрчил маргааныг эцэстээ яриа хэлэлцээр зөвшилцлөөр зохицуулах хэрэгтэй. Энэ нь Хятад, Америк хоёр талд ашигтай, дэлхийд ч ашигтай. Хоёр талын худалдааны баг төлөөлөгчид зөвшилцлөө дахин эхлүүлэх боломжийг сайтар ашиглан, хоёр орны төрийн тэргүүн нарын энэ удаагийн уулзалтын үзэл санааг бодитоор хэрэгжүүлж, эрх тэгш, харилцан хүндэтгэх үндсэн дээр бодит асуудлуудаа судлан, ойлголцлоо нэмэгдүүлж, нийтлэг ойлголтоо өргөжүүлэн, хэлцлээ хамтдаа сайжруулахыг хүсэж байна.

Энэ удаагийн Их 20-ийн Осакагийн уулзалтаар Ши Жиньпин дарга гадаадад нээлттэй байдлаа өргөтгөх 5 арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан юм. Үүнд, зах зээлээ улам нээлттэй байлгах, импортоо түлхүү нэмэгдүүлэх, бизнесийн орчноо сайжруулах, бүх талаар эрх тэгш боломж хүртээх, эдийн засаг, худалдааны хэлэлцээрийг дорвитой ахиулах эдгээрийг хамруулсан байна. Энэ бол Хятадын тогтоосон хэмнэл, тохируулалт. Зөвшилцлийг дахин эхлүүлсний үр дүн ямар ч байлаа гэсэн Хятад улс өөрийн замналаа хэлбэрэлтгүй баримтлан, өөрийн үйл ажиллагаагаа тууштай биелүүлэх болно. Өөрчлөлт шинэчлэл, нээлттэй хөгжлөөр дамжуулан өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх бол Хятадын бүх эрсдэл сорилтыг даван туулах үндсэн үзэл баримтлал юм.

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл