Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга нар 10-р сарын 16-нд харилцан баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа:
Хятад, Монгол улс бол уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөрш, Монгол улс бол БНХАУ-тай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон орнуудын нэг юм. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн турш Хятад, Монгол хоёр орон найрсаг хамтын ажиллагааны чигийг баримтлан, найрсаг хөршийн хамтын ажиллагааны харилцааг гүнзгий хөгжүүлэн, хоёр орон, хоёр орны ард иргэдэд бодит үр өгөөжөө хүртээсэн юм. Ойрын жилүүдэд хоёр талын хамтын хүчин зүтгэлээр Хятад, Монголын харилцаа шинэ шат ахиж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн шинэ байдал бий боллоо. Миний бие Хятад, Монголын харилцааны хөгжлийг маш чухалд үзэж, Х.Баттулга ерөнхийлөгчийн хамт хүчин зүтгэж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор шинэ гараа болгон, шинэ ахиц дэвшил гаргахад бэлэн байна гэжээ.
Х.Баттулга баярын цахилгаандаа:
Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн энэхүү чухал мөчид, хоёр тал 70 жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, цаашдын хамтын ажиллагааны талаар өндөр түвшинд ярилцаж, төлөвлөх болсонд Монголын тал баяртай байна. Өнөөгийн Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь олон салбарт амжилттай үр дүнд хүрч, хоёр орны ард иргэдийн ашиг сонирхолд бүрэн нийцэж, тус бүс нутгийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Миний бие Ши Жиньпин даргын хамт хүчин чармайлт гарган, хоёр орны найрсаг харилцаа болон олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
