Энэ өдөр буюу 11 дүгээр сарын 06-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Францын ерөнхийлөгч Макрон нар Бээжинд Хятад-Францын эдийн засгийн дээд хэмжээний уулзалтын хаалтын ёслолд оролцлоо.
Ши Жиньпин дарга:
- Хятад улс үргэлжлэн гадаадад нээлттэй байж, харилцан ашигтай, хамтдаа хожих нээлттэй стратегийг баримтлан, хөгжлийн дотоод, гадаад холболтыг байнга сайжруулж, өөрсдийн хөгжлийг биелүүлэхийн зэрэгцээ бусад улс орон, ард түмэнд илүү их ашиг хүртээх болно. Франц, Европын бизнесийн нийгэмлэгийн хувьд Хятад улсын хөгжил бол маш сайн боломж юм. Хятадын үүд хаалга дэлхий дахинд нээлттэй байсаар байх бөгөөд Франц, Европын үүд хаалга ч Хятадын хөрөнгө оруулагчдад эрх тэгш нээлттэй байхыг хүсэж байна гэж онцоллоо.
Мөн тэрээр:
- Хятад улс Хятад, Европын холбооны харилцааг стратегийн талаас нь үргэлж харж, Франц, Европтой хамт олон талт худалдааны системийг тууштай дэмжин, протекционизм ба нэг талт байдлыг эсэргүүцэж, чөлөөт, нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогын орчныг бүрдүүлэн, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих ажилд чухал хүчин зүйлээ оруулахад бэлэн байна гэж цохон тэмдэглэсэн байна.
Макрон:
- Францын тал Хятад улсын гадаадад нээлттэй бодлогыг өндрөөр үнэлдэг бөгөөд энэ нь Францыг багтаасан бүх улс орнуудад чухал боломж олгоно гэдэгт итгэлтэй байна. Францын компаниуд Хятадын зах зээлийг буцалтгүй хүсэл зоригоор үргэлжлэн нээх хэрэгтэй. Франц, Европын орнууд мөн Хятадад зах зээлээ нээлттэй байлгаж, Хятадын компаниудад хөрөнгө оруулалт хийж, тэдэнтэй ижил түвшинд шударга өрсөлдөх бизнесийн орчинг хангах болно. Франц - Хятад, Европын Холбоо - Хятад нь цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэх, олон талт худалдааны тогтолцоог баримтлах чиглэлээр зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна.
