Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 26-ны орой Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой утсаар ярив.
Ши Жиньпин: Дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Беларусийн харилцаа тасралтгүй хөгжлөө. Цар тахал дэлхий дахинд түгэн тарж буй нөхцөлд цар тахлын эсрэг хоёр тал нягт хамтран ажиллаж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа тогтвортой ахих нааштай чиг хандлагаа хадгалав. Хоёр тал “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах эрчээ нэмэгдүүлэн, Хятад-Беларусийн аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг сайтар ахиулж, цар тахал, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан техник, соёл, орон нутаг зэрэг салбарт илүү олон хамтын ажиллагаа өрнүүлэх нь зүйтэй юм. Хоёр тал “харилцан итгэлцэж, хамтран ажиллах” үзэл баримталсаар байвал иж бүрэн стратегийн түншийн харилцаа лавтай улам сайн хөгжинө гэдэгт би эргэлзэхгүй байна гэв.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Беларусь улс үндэснийхээ байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг Хятадын тал дэмжинэ. Улс төрийн тогтвортой байдал болон нийгмийн амар амгалан байдлаа хадгалахыг хүсэж байгаа бөгөөд Беларусийн талын эдийн засаг, нийгмийн хөгжилд боломжийн хэрээр туслахад бэлэн байна. Хоёр тал цаашид ч харилцан дэмжиж, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, олон улсын шударга ёсыг хамгаалах нь зүйтэй гэжээ.
Александр Лукашенко: Хятадын тал цар тахлын эсрэг тэмцэх, үйлдвэрлэлээ сэргээх, ядуурлаас ангижруулах, саран бөмбөрцөгт тандалт судалгаа хийх төсөл зэрэг талаар чухал ололт амжилтад хүрсэн явдалд чин сэтгэлээсээ бахархаж байгаа бөгөөд баяр хүргэж байна. Цар тахлын эсрэг Беларусь улсын тэмцэл, эдийн засаг, нийгмийн хөгжилд Хятадын тал нандин дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Беларусь, Хятад бол иж бүрэн стратегийн түнш юм. Хонконг, Макао, Тайвань, Шиньжян зэрэг Хятадын талын амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудал дээр Беларусийн тал Хятадын талтай нэг байр суурь баримталж, гаднын ямарваа хөндлөнгийн оролцоог эрс эсэргүүцэнэ. Хятадын талтай хамт “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах болон Беларусь-Хятадын аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, худалдаа, эдийн засаг, орон нутаг зэрэг олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Беларусийн тал бэлэн байна. Хятадын ард түмэнд удахгүй айлчлан ирэх сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, хөгжил дэвшил болон эрүүл энхийг хүсье гэжээ.
