
Хамтарсан нэг тунхаг, хамтын ажиллагааны зургаан мэдэгдэл, олон салбарын хамтын ажиллагааны бичиг баримт зэрэг нь цар тахлын нөхцөл дэх Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын видео чуулганы баялаг амжилтыг гэрчлэн харууллаа. Ялангуяа Хятад улсын дарга Ши Жиньпин 10-ны өдөр чуулган дээр хэлсэн үгэндээ, “Шанхайн үзэл баримтлал”-ыг харуулж, “Дөрвөн хамтын цогц”-ыг байгуулах санаачилга дэвшүүлсэн нь тус байгууллагын дараагийн хөгжлийн үе шатны чиг хандлагыг тодорхойлсон төдийгүй хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын агуулгыг баяжуулж, бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайванч хөгжлийг хамгаалахад алс хэтийн ач холбогдлоо өгөх нь дамжиггүй юм.
ШХАБ-ын 19 жилийн хөгжлийн явцад энэ оны чуулган хамгийн онцгой болж байна. Даян дэлхийг хамарсан цар тахал, зуун жилд тохиож байгаагүй том өөрчлөлт хувьсал давхцан, улмаар олон улсын хамтын нийгэмлэг олон талт буюу ганц талт үзэл, нээлттэй буюу хаалттай, хамтран ажиллах буюу сөргөлдөх зэргээс сонголт хийх шаардлагатай болсон аж.
“Даян дэлхий чухам яачихсан юм бэ? Бид чухам яах ёстой юм бэ?” зэрэг асуултуудад ажил хэрэгч, ухаалаг хариулт өгөхийг шаардаж байна. Чухал цаг мөчид эдийн засаг болон хүн амын тоо хэмжээгээрээ дэлхийн 20 болон 40 хувийг тус бүр эзэлдэг ШХАБ “Шанхайн үзэл баримтлал”-ын дагуу өнөөдрийн олон улсын хамгийн чухал бүтээлч хүчин болсон байна. “Харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, голч шударгаар зөвшилцөн, олон янзын соёлыг хүндэтгэн, хамтын хөгжлийг эрэлхийлэх” гэсэн үзэл баримтлалыг дээдлэх бол эл байгууллага тасралтгүй хөгжиж чаддагийн гол “нууц” нь бөгөөд дээрх асуултуудын хариултыг олох “түлхүүр” нь болох юм.
Тэгвэл шинэ нөхцөл байдалд “Шанхайн үзэл баримтлал”-ыг хэрхэн хөгжүүлж, дэлгэрүүлэх вэ? Энэ оны чуулганаар Хятад улсын дарга тус байгууллагын үйл ажиллагааны хүрээнд “Эрүүл мэндийн хамтын цогц”, “Аюулгүйн хамтын цогц”, “Хөгжлийн хамтын цогц”, “Хүмүүнлэгийн хамтын цогц” гэх зэрэг чухал санаачилгыг анх дурдан гаргасан нь ШХАБ-ын хөгжлийн хамгийн гол чухал зүйлийг харуулж, өнөөгийн даяарчилсан хямралыг зохицуулахад “Хятад улсын төсөл”-ийг танилцуулсан болно. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс дорнодын судалгааны газрын ахлах сулдаач Владимир Петровский, “дөрвөн хамтын цогц санаачилга нь ШХАБ-ын гишүүн орнууд өрсөлдөөн сорилтыг хамтдаа зохицуулах стратеги боловсруулахад ашигтай юм” гэв.
Одоогоор хамгийн тулгамдсан цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаар жишээлэхэд ДЭМБ чухал удирдах үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, олон улсын нэгдсэн сэргийлэлтийг эрчимжүүлэн, “улс төрийн вирус”-ийг хамтаар сэргийлэхийг Хятад улс санаачилсан бөгөөд эл байгууллагын гишүүн орнуудыг вакцинаар хангахын төлөө идэвхтэй ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Эдгээр санал санаачилга нь цар тахлын эсрэг өнөөгийн олон улсын хамтын ажиллагаанд оршиж буй асуудалд шууд чиглэсэн бөгөөд гишүүн орнуудын эрэлт шаардлагад зохицохыг хичээсэн болохоор ШХАБ-ын “том гэр бүл” тахлыг дарах итгэл зориг, эрч хүчийг нэмэгдүүлэх нь лавтай юм.
Үүнээс гадна цар тахлын өнөөгийн нөхцөлд эдийн засгаа хэрхэн сэргээх нь ШХАБ-ын гишүүн орнуудад тулгарч буй нийтлэг үүрэгт ажил болоод байна. Саяхан өндөрлөсөн Хятадын Олон улсын импортын III экспод ШХАБ-ын гишүүн орон, ажиглагч орон, яриа хэлцлийн түншүүдийн 200 гаруй аж ахуйн нэгж цахим, бодит үзэсгэлэн худалдаа зэрэг аргачлалаар бүтээгдэхүүнээ танилцуулж, хамтран ажиллах маш чанга хүсэл эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл “Бид бүхэн хамтдаа хөгжих бол жинхэнэ хөгжил, тогтвортой хөгжил бол жинхэнэ сайн хөгжил”, “Хятад улс даян дэлхийгээс тусгаарлахгүй, мөн даян дэлхийн хөгжил Хятад улсыг шаардана” гэх зэрэг Хятад улсын удирдагчийн яриа ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтдаа хөгжих болно гэсэн Хятад улсын үнэнч байр суурийг дахин харуулсан байна.
ШХАБ-ыг үүсгэн байгуулагч орон болохын хувьд Хятад улс хөгжлийн шинэ эрин үеэ угтан авах гэж байгаа тул гишүүн орнууд Хятад улсын хөгжлөөс хуваалцах шинэ боломжуудыг алдалгүй ашиглан, эв санаа нэгтэйгээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, “Шанхайн үзэл баримтлал”-ыг шинэ цаг эриний аясаар хөглөж, тогтворгүй хүчин зүйл нэмэгдсээр буй дэлхий ертөнцийг улам сайн тогтворжуулахын тулд улам их хичээл зүтгэл гарган ажиллах болно.
