Орон нутгийн цагаар 04-р сарын 02-ны 22 цаг 25 минутын орчим Монгол Улсын Засгийн газрын Хятад улсаас худалдан авч буй Хятадын Синофарм корпорацын үйлдвэрлэсэн "КОВИД-19"-ийн эсрэг идэвхгүйжүүлсэн эхний ээлжийн вакциныг тээвэрлэсэн Монголын иргэний агаарын тээврийн нисэх онгоц Улаанбаатарын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Хятад, Монгол хоёр тал онгоцны буудалд хүлээн авч, хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулж, арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньрүй, Сайдын зөвлөх Жан Мүшин, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэбилэг нар оролцов.

Элчин сайд Цай Вэньрүй хэлэхдээ "Цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр орон бие биедээ тусалж, тахлын эсрэг хамтдаа тэмцэн, Хятад-Монголын эрүүл мэндийн хамтын цогцыг хамтдаа байгуулж байна. Энэ нь Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшин, хоёр орны ард түмний гүн гүнзгий найрамдлыг бүрэн харууллаа. Вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгоно гэсэн Ши Жиньпин даргын амлалтыг Хятад улс идэвхтэй журамлан хэрэгжүүлж, Монгол Улсын яаралтай хэрэгцээ шаардлагад зохицуулан тус улсад вакцины тусламж үзүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгээд зогсохгүй Монгол Улсын вакцин худалдан авахад нь туслахыг юуны өмнө бодолцож байгаа нь Хятад, Монгол хоёр орны найрамдал, мөн Хятадын талын хоёр орны харилцааны хөгжлийг чухалд үзэж буйг бүрэн харууллаа. Хятадын вакцины аюулгүй байдал, үр дүнг Монголын ард түмэн өргөнөөр хүлээн зөвшөөрч байна. Монголын талтай үргэлжлэн хамтдаа хүчин зүтгэж, цар тахлын эсрэг тэмцлийн ялалтыг хамтдаа байгуулахад Хятадын тал бэлэн байна" гэжээ.

Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг хэлэхдээ "Дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж байгаа нөхцөл байдалд Монгол, Хятад хоёр орон бие биенээ дэмжиж, бэрхшээлийг хамтдаа даван туулж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монгол Улс тахлын эсрэг тэмцэж буй энэхүү хүнд хэцүү үед Хятад улс тэргүүлэн Монгол Улсад үнэ төлбөргүй тусламж үзүүлж, Монгол Улсын вакцинжуулалтын ажилд хүчтэй дэмжлэг үзүүлж байна. Өчигдөр Хятад улс маш богино хугацаанд Монгол Улс руу эхний ээлжийн Хятад улсын вакциныг хангасан. Энэ нь Монгол Улсын цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээхэд нь тусалж байгаад Монгол Улс чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна" гэжээ.

БНХАУ-аас Монгол Улс худалдан авч буй Хятадын Синофарм корпорацын үйлдвэрлэсэн идэвхгүйжүүлсэн вакцины үлдсэн хэсгийг энэ сарын 09-нөөс өмнө хоёр хэсэг хуваан Улаанбаатарт хүргэнэ хэмээн мэдээлэлд дурджээ.
