- ”Бүс ба зам” санаачилгын хүрээнд олон талаар хамтран ажиллана
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, Ши Жиньпин даргатай албан ёсны уулзалт хэлэлцээр хийсэн билээ. Мөн энэ үеэрээ Хятадын төв телевизэд ярилцлага өгсөн байна.
- Ноён Ерөнхийлөгч та сайн байна уу? Бээжин хотноо тавтай морилно уу, Та Ерөнхийлөгчийн албан тушаалд гарсныхаа дараа Бээжинд анх удаа ирж, БНХАУ-д анхны айлчлалаа хийж байгаа. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад айчлах үеэр тухайн айлчлалаа “Садан төрлийндөө айлчилж буй мэт” айлчлал гэж байсан. Та өөрийн энэ удаагийн айлчлалаа хэрхэн үнэлэх вэ?
- Юун түрүүнд танай телевизэд ярилцлага өгч байгаадаа маш баяртай байна. Танай телевизээр дамжуулан Хятадын найрсаг ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ni Hao! Манай хоёр улс 4700 гаруй км нутгаар хил залгаж, газар нутаг, гол мөрөн, уул усаараа хиллэлдэг. Ийм эртний түүхтэй ойр дотны мөнхийн хөршүүд. Энэ удаад БНХАУ-ын Ши Жиньпин даргын урилгаар танай сайхан оронд Монгол Улсын Ерөнхийлөгч болсныхоо дараа анх удаа айлчилж байна. Ши Жиньпин дарга бид хоёр хуучин танилууд. Бид анх 2011 онд танилцаж байсан. Тэр үед Ши Жиньпин дарга БНХАУ-ын дэд дарга байлаа. Тэгж бид хоёрын хамгийн анхны уулзалт болсон. Түүнээс хойш 13 жилийн хугацаанд хоёр улсын хамтын ажиллагаанд байнга уулзаж ярилцан, хамтран ажилласан. Үнэхээр өөрийнхөө дотнын анд нөхдийн гэрт ирсэн мэт ийм сайхан сэтгэгдэл надад төрж байна.
- Ши Жиньпин дарга та хоёулаа арваад жилийн танил хуучин найз гэдгээ та сая ярьлаа. Саяхан бас уулзаж байлаа. Гурван сарын хугацаанд хоёр удаа уулзаж байгаа юм байна?
- Бид хоёр өнгөрсөн 09-р сард Самаркандад уулзсан. Самаркандад уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар болон Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд тохиосон эдийн засгийн коридорыг байгуулах чиглэлээр санал бодлоо солилцож, хамтарсан төмөр зам, байгалийн хийн хоолой дамжуулах, хамтарсан авто зам байгуулах, эрчим хүчний салбарт хамтран ажиллах санал бодлуудаа солилцсон. Энэ удаад бид Монгол, Хятадын иж бүрэн түншлэлийг цаашид хэрхэн яаж хамтран өргөжүүлэх үү? Эдийн засаг, худалдааны чиглэлээр хоёр улс хэрхэн яаж хамтран ажиллах уу? Шинэ эринд хоёр орны стратегийн түншлэл, харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах тухай асуудлуудаа ярьлаа. Найрсаг, маш дотно, чин сэтгэлийн ярилцлага боллоо. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бид хоёрын энэ уулзалт, бидний баталж гаргасан хамтарсан тунхаглал, гэрээ хэлэлцээрүүд ихээхэн ач холбогдолтой болсон гэж бодож байна.
- Ши Жиньпин дарга 2014 онд Монголд айлчлахдаа хоёр улсын харилцааг илэрхийлэхдээ “Сайн мориор хол явж чадна, сайн найзтай бол ямар ч бэрхшээлийг давна” гэсэн зүйрлэл хэрэглэж байсныг санаж байна. Цар тахалтай тэмцсэн гурван жил бид Монгол, Хятад хүнд хэцүү цаг үед бие биедээ харилцан тусалсан, онцгой найрамдлын гэрч болсон. Хоёр улсын энэ өвөрмөц нөхөрлөл, харилцааг та хэрхэн харж байна вэ?
- Манайд “Саахалт айлын санаа нэг” гэж үг бий. Хөрш зэргэлдээ орнууд ажил, амьдралаараа холбоотой байдаг. Ши Жиньпин дарга 2014 онд Монголд айлчлахдаа энэ үгийг хэлснийг би санаж байна. Манай хоёр орны ард түмний хувь заяа, хөрш орнуудын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын хамтын ажиллагааны үндэс суурь байдаг. Монгол Улсын эдийн засаг БНХАУ-аас маш их хамааралтай байгаа. Нийт экспортын 60-70 хувиа БНХАУ руу гаргадаг. Мөн их хэмжээний бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-аас авч байна. Бид энэ худалдаа эдийн засгийн харилцаагаа цаашдаа улам өргөжүүлэхэд хамтран ажиллахаар шийдсэн.
Өнгөрсөн удаад бид Хятад-Монголын эдийн засаг, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн нь бүрэн хэрэгжсэн. Сая Ши Жиньпин даргатай уулзахдаа энэ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 20 тэрбум ам.долларт хүргэе, энэ нь хоёр улсын ард түмэн, бизнес эрхлэгчдийн эрх ашигт бүрэн нийцнэ гэж шийдсэн байгаа.
Мөн дээр нь “Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг шинээр баталлаа. Энэ бол манай хоёр улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалт, хөгжлийн их чухал түүхэн баримт бичиг, бидний замын зураг байгаа юм. Тэгэхээр энэ чухал баримт бичгийн хүрээнд бид цаашдаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно гэж бодож байгаа.
-Саяхан ХКН-ын 20-р хурал болж өндөрлөлөө. Монголын хэвлэл мэдээллүүд ч гэсэн уг хуралд анхаарлаа хандуулж, ард түмнээр төв болгосон Хятад улсын хөгжлийн үзэл баримтлалыг онцлон бүтээлч хөгжлийн стратегийн боловсон хүчинд тулгуурлан улс орноо хүчирхэгжүүлэх стратегийн талаар мэдээлж байлаа. ХКН-ын 20-р хурлын ололт амжилтыг та хэрхэн үнэлэх вэ? Хятад маягийн орчин үеийн талаар таны сэтгэгдлийг сонсмоор байна?
- ХКН өөрийн дэвшүүлсэн нэгэн зууны зорилтыг хангалттай хэрэгжүүлсэн. Ард иргэдээ ядуурлаас гаргасан. Хятад улс дэлхийн эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийн тэргүүлэх орны нэг болсон. Хүн рүү чиглэсэн хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн. ХКН өөрийн түүхийн эхний зуун жилийн зорилтыг бүрэн хэрэгжүүлсэн. Одоо хоёр дахь зуун жил рүү орж байгаа энэ том зорилт бодлогыг бүрэн хэрэгжүүлэх бололцоотой гэж Монгол Улс үзэж байна.
ХКН-ын 20-р хурал саяхан амжилттай болсонд бид баяртай байна. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Ши Жиньпин дарга дахин сонгогдсон үйл явдал болсон. Энэ нь улс орон тогтвортой хөгжих, ХКН-ын бодлого цаашид улам өргөжин эрч хүчээ авах, ард түмний өмнө амласан хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн том зорилтуудаа ханган хэрэгжүүлэхэд их чухал үйл явдал болсон гэж бодож байна.
- Та саяхан Монголын анхны хүнд даацын төмөр замын нээлтэд оролцон хэлсэн үгэндээ энэхүү замыг Монгол Улсын хөгжил дэвшил хөрөнгө оруулалтын төмөр судас8 өргөн боломж нээх зам гэж сэтгэл догдлон ярьж байсан мэдээллийг харлаа.
- Энүүгээр монголчууд нүүрс тээвэрлэдэг. Энэ замыг монголчууд өөрсдөө бүтээн байгуулсан. Саяхан Ханги-Мандлын замыг монголчууд бид өөрийн хүч хөдөлмөрөөр тавьж ашиглалтад оруулсан. Бас 200 гуч дөчин километр урттай зам. Нэг ёсондоо Замын-Үүд-Эрээн гэсэн нэг том боомтоос гадна, Ханги-Мандал гэсэн шинэ боомт, Гашуунсухайт гэх Хятадтай холбогдож байгаа гурван шинэ боомт ашиглалтад орж байна гэж ойлгож болно.
- 2014 онд Монгол Улсын дэвшүүлсэн “Талын зам” санаачилга нь Хятадын “Бүс ба зам” санаачилгатай ижил төстэй учраас тухайн жилээс хойш энэ хоёр санаачилга уялдаатай хөгжиж ирлээ. Монгол Улсад өгч буй ач холбогдлыг та хэрхэн үнэлэх вэ?
- Хятадын төр засгаас дэвшүүлж байгаа Хятадын даргын дэвшүүлсэн “Бүс ба зам” хөтөлбөрийг Монгол Улсын “Талын зам” хөтөлбөртэй уялдуулах. Энэ бол зөвхөн манай хоёр улсын асуудал биш. Бүс нутгийн бусад улс орнуудын хамтын ажиллагаа цаашид улам бэхжиж, хөгжиж, бидний дэвшүүлсэн томоохон зорилтууд, бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжих боломж нөхцөл бүрдэх ёстой юм байгаа юм. Тийм учраас “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улс анхнаасаа дэмжсэн, одоо ч энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа гэж ойлгож болно. Энэ ажлын хүрээнд гурван улсыг холбосон байгалийн хийн хоолойг барьж байгуулах томоохон төслийг эхлүүлэхээр ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгчтэй Самаркандад болсон ШХАБ-ын хурлын үеэр тохирлоо. Энэ бол их том төсөл, Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсын эдийн засгийн коридор байгуулахад их ач холбогдолтой. Дээр нь төмөр замын төв коридорыг шинэчлэн зохион байгуулах, гурван улсыг холбосон авто замууд, хурдны замуудыг байгуулах, эрчим хүчний асуудал байна. Мөн Монгол, Хятад хоёр улсыг холбосон төмөр замууд, боомтуудыг хөгжүүлэх чиглэлээр сая бас ярилцаж тохиролцлоо. Энэ бол манай хоёр улсын төдийгүй, бүс нутгийн улсуудын хөгжил дэвшилд эерэг нөлөө авчирна гэж бодож байна.
- Та “Тэрбум мод” үндэстний хөдөлгөөнийг анх санаачилсантай адил Хятад улс ч гэсэн сүүлийн жилүүдэд нүүрстөрөгч бага ялгаруулах ногоон хөгжлийг эрхэмлэж байгаа юм. Хятад, Монгол хоёр орны энэ салбар дахь хамтын ажиллагааны ирээдүйг та юу гэж харж байгаа вэ?
- Дэлхий ертөнц өөрөө амьтай гэж би боддог, дэлхийг монголчууд “Ээж” гэж нэрлэж, тэнгэрийг эцэг гэж нэрлэдэг юм. Тиймээс бид эх дэлхийгээ хайрлах ёстой. Хэрэв бид эх дэлхийгээ хайрлаж хамгаалахгүй бол эх дэлхий бидэнгүйгээр амьдарч магадгүй. Тийм учраас байгаль орчноо хамгаална гэдэг маш чухал юм. Монголын байгаль орчны нөхцөл байдал хүндэрвэл Хятадын байгаль орчинд ч нөлөөлөх болно. Монголд цаг уурын өөрчлөлтөөс болж шар шорооны шуурга гэж маш хүчтэй шуурга бий болов. Үүний гайгаар байгаль экологийн тэнцвэр алдагдаж байгаа, дээр нь эдийн засгийн хохирол учруулж, хүн ардад маш их сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс салхи шуурга гарч байгаа төвийг моджуулах ёстой. Төв Азийн цээжинд байгаа Монгол Улсын цөлжиж байгаа нутагт байгаль дэлхийгээ хамгаалахын тулд хүн бүгд мод тарьж байгаль дэлхийгээ хамгаалъя. Амьдралын эх ус, усны эх мод гэж монголчууд ярьдаг юм. Бид устай байя, байгаль орчноо хамгаалахын тулд мод таръя. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан арван жилийн хугацаанд тэрбумаар тоолох мод тарьж ургуулах үндэстний хөдөлгөөнийг эх орондоо эхлүүлж энэхүү хөдөлгөөн хүчтэй өрнөж байгаа юм. Хятадад ч мод тарих маш том хөдөлгөөн өрнөсөн байдаг. 70 тэрбум мод тарих зорилт дэвшүүлээд амжилттай явагдаж байна. Хятадын энэхүү сайн туршлагыг бид ч нэвтрүүлэх ёстой.
Энэ удаа хоёр улсын ерөнхийлөгчийн ярилцсан асуудлын нэг нь мод тарих төслийг хамтарч хэрэгжүүлэх. Мод тарина гэдэг манай хоёр орны асуудлаас гадна, манай бүс нутгийн хэмжээний асуудал юм. Хамтарч ажиллах нь хоёр нутгийн болон бүс нутгийн байгаль орчны аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалахад маш чухал ач холбогдолтой. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт бол ганц Монгол орны асуудал биш, мөн Хятад орны асуудал ч биш, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд дэлхий нийтээрээ хамтдаа тэмцэх ёстой. Үүнд байгаль орчноо хамгаалах бол нэгдүгээр зэргийн асуудал, бид үр хүүхдүүддээ сайхан дэлхийг үлдээх хэрэгтэй.
- Хүн байгалийн харилцааг та сая ямар гоё романтик дүрсэлсэн бэ. Одоо хүмүүнлэнгийн солилцооны талаар ярих уу, 2019 оны Азийн орнуудын соёлын чуулга уулзалтын дараа Хятадын сонгодог бүтээлүүдийг Монголын үзэгчид, уншигчдад хүртээл болгож байгаа юм. Үүнээс “Гурван биет” шинжлэх ухааныг талархалтай хүлээн авч байна. Монгол Улсын “Улаанбаатарын үдэш” зэрэг дуу хөгжим ч Хятадын үзэгчдийн дунд маш их нөлөөтөй. Тэгэхээр та хүмүүнлэнгийн солилцооны төлөвлөлтөөсөө хуваалцахгүй юу?
- Тухайн улс орны хамгийн сайхан харицаа бол төр засаг, улс төрийн харилцаанаас гадна, ард түмний харилцаа юм. Манай монгол залуучууд хэл сурахдаа их авъяаслаг. Дэлхийд монголчуудыг хэл сурахдаа авъяаслаг ард түмэн гэж ярьдаг. Монголчууд Хятад, Солонгос, Япон, Англи, Орос, Герман хэлээр сайн ярьдаг. Манай залуучууд гадаад хэлийг өргөнөөр сурдаг учраас хэлний боловсрол харьцангуй өндөр ард түмэн гэж хэлж болно. Түүний нэг нь хятад хэл сурах явдал юм. Хятадын сонгодог зохиол, сонгодог кинонууд Монголд орчуулагатай гарч байгаа. Үүний зэрэгцээ монгол соёл урлагийг ч Хятадад үзүүлж байдаг. Энэхүү соёл урлагийн солилцоо ба харилцаа гэдэг нь хоёр улсын ард түмэн бие биенээ маш сайн ойлгож, бие биетэйгээ соёлын сайхан харилцаа тогтоож байдаг юм.
Монгол, Хятад улс өөр өөрсдийн гэсэн өвөрмөц соёлтой. Хоёр улсын ард түмэн бие биенээ ойлгож, бие биенээ хүндэлж хайрладаг бол тухайн хоёр орны харилцаа хамгийн гүн бат холбоотой гэж ойлгож болно. Үүнд соёл урлагийн харилцаа чухал хувь нэмэр оруулж байна. Соёл гэдэг нь оюун ухаан бөгөөд соёл нь өөрөө сэтгэл юм. Тиймээс бид сэтгэлээрээ нэг байя, сэтгэл ойрхон байвал соёлыг сайн мэдэрч, сайхан харилцаа үүснэ.
- Таныг хүмүүс маш ажил хэрэгч улс төрийн баялаг туршлагатай гэж үнэлдэг. Гэхдээ миний хувьд гитар тоглодог, дуу хөгжимд сонирхолтой, хүүхэд насандаа хөгжимчин болох хүсэл мөрөөдөлтэй байсан, 50 насны үедээ энэ мөрөөдлөө биелүүлэхийг зорьж байна гэх мэдээллүүд маш гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Та тэгээд энэ хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан уу?
- Та их сайхан сонирхолтой асуулт асуулаа. Би эмээ өвөөтэйгээ өссөн хүн дээ. Аав ээж маань тээврийн жолооч учраас хөдөө их явдаг. Эмээ өвөө минь намайг өсгөсөн юм. Эмээ намайг хөгжимчин болгоно гэж байсан, би алийг нь ч сонгоогүй. Би цэргийн сургууль төгсөж цэргийн хүн болсон юм. Гэхдээ эмээгийхээ ач буянаар хөгжим их сайн тоглож сурсан. Хүүхэд байхдаа гитар их тоглодог байлаа. Хэдэн жилийн өмнө найз нартайгаа 50 наснынхаа ойгоор хамтлаг байгуулж хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлнэ гэж ярьж байсан юм. Тэгээд 50 насныхаа ойгоор “Андууд” нэртэй хамтлаг байгуулж тоглолт хийлээ. Тоглолтыг маань олон хүмүүс үзэж их баярласан даа. Тэгээд хүүхэд насныхаа мөрөөдлөө биелүүлж чадсан.
- Та өөрийн хөгжмийн уран бүтээлээсээ бидэнтэй хуваалцахгүй юу, дууны шүлэг зэргээсээ?
- Хамтлагийг манай залуу авч явж байна. Би дуулдаггүй, гитар тоглодог юм. Хүүхэд наснынхаа найз нартаа зориулж “Андууд” гэж дуу бичлээ. Хүүхэд насны найзууд одоо ч гэсэн хэвээрээ, хүсэл мөрөөдөл ч хэвээрээ гэсэн үгтэй дуу зохиосон юм. Энэ дуу бас их дуулагдаж байна. Хүүхэд насны найз нар минь одоо ч гэсэн надтай найз хэвээрээ байдаг юм.
- Дуу хөгжмөөс гадна, та бас биеийн тамир спортод сонирхолтой, бөх, моринд дуртай. Бас цанаар гулгадаг, мотоцикл унадаг тухай мэдээллийг би харсан. Тэгэхээр та спорт, дуу хөгжмөөр бахархах төдийгүй, түүнээс сайхан сэтгэлийн хүртээл авдаг байх гэж бодож байна. Асуудлыг олон талаас харж сэтгэх дадалтай болгосон юм болов уу?
- Бие эрүүл байна гэдэг нь сэтгэл эрүүл байна, оюун санаа эрүүл байна гэсэн үг юм. Тийм учраас манай залуучууд спортоор маш сайн хичээллэх ёстой, спорт хүнийг эрүүл байлгахаас гадна, хүний сэтгэн бодох чадварыг хэд дахин нэмэгдүүлдэг, бас ачаалал дарж ажлын бүтээмжийг өндөр болгодог. Би хүүхэд наснаасаа экстрим спорт сонирхдог. Жишээ нь, уралдааны мотоцикл унаж, цанаар гулгадаг байсан. Спортоор явсан бол амжилтад хүрсэн байх гэж боддог юм. Гэхдээ миний хөөсөн спорт бол улс төр, улс төрийнхөө спортоор хичээллэж байна даа.
- Та одоо ч гэсэн байнга спортоор хичээллэдэг үү?
- Одоо ч гэсэн спортоо хаяагүй, хурдны зам дээр мотоцикл унаад явахаас өөр жаргал гэж байхгүй, түүнийг зөвхөн мотоцикл унадаг хүмүүс л сайн мэдэрдэг юм.
- Нээрээ маш их жаргалтай байдаг юм байна. Өөрийн чинь сонголтоос болоод энэ дэлхий дээр нэгэн улс төрч төрсөн учраас шилдэг хөгжимчин тамирчин төрөх боломж алдагдсан гэж бодогдлоо. Хүсэл мөрөөдлөө ярихаар таны царайд аз жаргал дүүрэн харагдаж байна. Эх орныхоо ирээдүйн хөгжлийн талаар таны мөрөөдөл юу вэ?
- Монгол Улс бол маш өндөр хөгжилтэй, хүчирхэг улс болно гэдэгт би итгэлтэй байдаг. 20 жилийн өмнөх Монголыг өнөөгийн Монголтой зүйрлүүлж харахад өдөр, шөнө шиг хөгжсөн. Эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарт том ахиц гарсан. Монгол бол хөгжиж байгаа улс. Дахиад 10-15 жилийн дараа манай улс сайхан хөгжилтэй улс болно гэдэгт би итгэл төгс байгаа. Үүний тулд бид их хөдөлмөрлөх ёстой. Бодлого, хөрөнгө оруулалт зөв байх ёстой. Мөн бүс нутгийн болон хөрш улсуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх ёстой. Ингэж байж Монгол Улс хөгжинө гэж бодож байна.
- Ярилцлагын төгсгөлд бид үүнээс илүү том хүсэл мөрөөдлийн тухай ярих уу. Ши жиньпин дарга дэлхийн хөгжлийн санаачилга дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлж байсан бөгөөд дэлхийн хөгжлийн санаачилга нь Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдаатай байдаг. Энэ хоёр санаачилгын ач холбогдлыг та хэрхэн үнэлэх вэ? Өөрөөр хэлбэл, энэ хоёр санаачилга “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдсанаар Хятад, Монголын стратегийн мөрөөдөл нь дэлхий нийтийн хүсэл мөрөөдөлтэй ижилхэн байгаа гэж ойлгож болох уу?
- Дэлхийн бүх л улсын ард түмний хүсэл мөрөөдөл ижилхэн, аз жаргалтай сайхан амьдрах явдал гэж би ойлгодог. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Даян дэлхийн хөгжлийн санаачилга", "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга" бол дэлхийн ард түмний хүсэж, мөрөөдөж байгаатай яв цав нийцэж байна гэж бид харж байна. Бид их олон талаас нь судалж үзсэн. Тиймээс Монгол Улс дэмжиж байгаа. Энэ бол дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, дэлхий нийтийн хамтын ажиллагаанд их хувь нэмэр оруулах хөгжлийн санаачилгууд юм.
- Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд болон танай улс оронд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
- Баярлалаа. Хятадын ард түмэнд хамгийн сайн сайхан бүхний хүсэн ерөөе
- Дахин уулзатлаа түр баяртай.
