Ши Жиньпин ардын шүүхийн ажлын талаар чухал зааварчилгаа өгөв
2026-11-18 17:16
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан ардын шүүхийн ажлын талаар чухал зааварчилгаа өглөө. Тэрбээр ХКН-ын 18-р их хурлаас хойш бүх шатны ардын шүүхүүд гэмт хэргийг шийтгэх, ард түмнийг хамгаалах, маргааныг шийдвэрлэх, шударга ёсыг сахиулах үүргээ үнэнчээр биелүүлж, өөрчлөлт шинэчлэл, хөгжил, тогтвортой байдалд шүүхийн бат бөх баталгааг хангаж ирснийг онцлов.
Ши Жиньпин шинэ эриний Хятадын онцлогтой социализмын хууль дээдлэх үзэл санааг бүрэн хэрэгжүүлж, намын удирдлага болон ард түмнээр төв болгосон хандлагыг тууштай баримтлахыг онцлов. Тэрбээр Хятадын онцлогтой социализмын хууль дээдлэх замаар замнаж, шүүхийн эрх мэдлийг хуулийн дагуу бие даан, шударгаар хэрэгжүүлэхийг дэмжих ёстойг тэмдэглэв.Түүнчлэн шүүхийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, эрх мэдлийн хэрэгжилтийг журамлан, шударга, үр ашигтай, нэр хүнд бүхий социалист шүүхийн тогтолцоог байгуулахыг түргэтгэх шаардлагатай гэв. Мөн намыг чанд удирдах улс төрийн хариуцлагыг хэрэгжүүлж, үнэнч, шударга, хариуцлагатай, өндөр ур чадвартай боловсон хүчний багийг бүрдүүлэхийг үүрэг болголоо. Эцэст нь өндөр чанартай шүүн таслах ажиллагаагаар чанартай хөгжил, өндөр түвшний аюулгүй байдлыг баталгаажуулж, шүүхийн шударга ёсноос иргэдийн хүртэх үр өгөөжийг тасралтгүй нэмэгдүүлэхийг захив. Ингэснээр илүү өндөр түвшний амгалан тайван, хууль дээдэлсэн Хятад улсыг байгуулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад шинэ бөгөөд илүү их хувь нэмэр оруулах нь чухал болохыг онцоллоо.
Үндэсний шүүхийн ажлын 23 дахь удаагийн бага хурал энэ сарын 16-17-ны өдрүүдэд Бээжин хотноо боллоо. Хурлын үеэр дарга Ши Жиньпиний өгсөн чухал зааварчилгааг танилцуулав. Хуралд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн Улс төр, хууль зүйн комиссын нарийн бичгийн дарга Чэнь Вэньчин оролцож үг хэллээ. Тэрбээр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал зааварчилгаа нь улс төр, үзэл суртлын өндөр ач холбогдолтой бөгөөд шинэ эриний замналд ардын шүүхийн ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэл, удирдамж болж байгааг онцлов. Түүнчлэн Ши Жиньпиний хууль дээдлэх үзэл санаа болон түүний өгсөн чухал зааварчилгааны агуулгыг бүрэн хэрэгжүүлж, ардын шүүхийн ажлын улс төрийн зөв чиг баримжааг хадгалах ёстойг тэмдэглэв. Мөн улс орны хөгжлийн ерөнхий зорилгод үйлчилж, ард түмний төлөө шударга ёсыг сахиулах зарчмыг баримтлахыг уриаллаа. Ингэхдээ хэрэг бүртгэх, шүүх хуралдаан явуулах, шийдвэр гүйцэтгэх, өргөдөл гомдлыг шийдвэрлэх бүхий л шатанд иргэдэд үйлчлэх зарчмыг тууштай мөрдөж, нийгмийн шударга ёсыг үр дүнтэй хамгаалан, шүүхийн шударга шийдвэрээс иргэдийн хүртэх сэтгэл ханамжийг тасралтгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэв.
Ардын Дээд шүүхийн дарга Жан Жюнь хурлыг даргалж, үг хэлэв.
Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
