Энэ бол ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн тэргүүн, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний 2017 оны 08-р сарын 01-ний өдөр Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 90 жилийн ойн баярын үеэр хэлсэн үг. Тодруулбал:
- 1927 оны 08-р сарын 01-нд Наньчан хотын цамхагт цуурайтсан буун дуу Гоминдангийн тэрслүү хүчний эсрэг манай намын зэвсэгт тэмцлийн хөшгийг нээсэн. Энэ бол ХКН-ын түүхэн дэх агуу үйл явдал, Хятадын хувьсгалын түүхэн дэх томоохон үйл явдал бөгөөд Хятадын үндэстний хөгжлийн түүхэн дэх томоохон үйл явдал юм.
- Шөнийн тэнгэрийг зүссэн аянга цахилгаан мэт Наньчан хотын цамхагаас цуурайтсан энэ дуу харанхуйн дундах хятадын ард түмэнд хувьсгалын итгэл найдварыг төрүүлж, хүнд хэцүү үед босох хүч чадал өгөв. Наньчангийн бослого нь “Намрын хураалтын бослого”, “Гуанжөүгийн бослого” болон бусад олон бүс нутгийн зэвсэгт бослоготой хамт ХКН хувьсгалт дайныг бие даан удирдаж, ардын арми байгуулах аянд гарсны бэлгэ тэмдэг болж, Хятадын хувьсгалын шинэ эрин үеийг эхлүүлсэн юм.
Хүчтэй эдгээр үгс нь хүмүүст хувьсгалын цаг үеийг эрхгүй санагдуулна.
Түгшүүрийн өмнөх чухал шийдвэр
1927 оны хавар, зуны заагт Гоминдан, Коммунист хоёр нам хамтран “Умарш дайлсан дайн” ялалт байгуулж, “Ажилчин тариачны хөдөлгөөн” эрчимтэй хөгжиж байсан үед Жян Жешы, Ван Жинвэй нар хувьсгалаас, ард түмнээсээ урваж, ХКН-ын гишүүн болон хувьсгалд оролцсон хүмүүсийг хөнөөн, их хувьсгал бүтэлгүйтсэн юм.
Наньчан хотын “Найм Нэг бослого”-ын дурсгалын ордонд нэгэн цуврал статистик мэдээллийг дэлгэн үзүүлж байдаг. Тухайлбал:
- 1927 оны 03-р сараас 1928 оны эхний хагас хүртэл ХКН-ын гишүүн болон хувьсгалд оролцогсод нийт 310 мянга гаруй хүн амь үрэгдсэний дотор 26 мянга гаруй нь коммунист намын гишүүн байв.
- Энэ бол 1928 онд болсон Хятадын Коммунист Намын VI их хурлын үеэр хийсэн бүрэн бус статистик мэдээлэл юм. Маш олон хувьсгалт баатрууд тухайн үед амь үрэгдсэн гэж “Найм Нэг бослого”-ын дурсгалын ордны Хуучин эд зүйлсийг хадгалах хэлтсийн дарга Лю Шяохуа ярьлаа.
1927 оны 07-р сарын дундуур ХКН-ын Төв Хороо нөхцөл байдлыг хянаж үзээд хяналт, нөлөөнд байсан хүчнүүдийг Наньчан хотод цуглуулан, Наньчан хотод зэвсэгт бослого хийхээр шийджээ.
Дурсгалын ордны хананд Наньчангийн бослогоос өмнө манай намын удирдлага, нөлөөнд байсан хүчний тойм хүснэгтийг байрлуулсан байна. Тухайн үед үндэсний хувьсгалт армийн 2-р фронтын мэдэлд байсан 11-р армийн 24-р дивиз нь ХКН-ын гишүүн Е Тингийн удирдлага дор байсан. 4-р армийн 25-р дивизийн 73, 75-р хороо нь Умарш дайлсан дайны үеийн Е Тингийн бие даасан хорооны гишүүдээр гол болгож байсан. Улмаар 10-р дивизийн 30-р хороог мөн ХКН удирдаж байв. 20-р армийг Коммунист намтай ойр байсан Хэ Лүн /бослогын дараа ХКН-д элсэв/ удирдаж байжээ. Наньчан хотод мөн Коммунист намын нөлөөн дор Жү Дэгийн захирч байсан 5-р фронтын 3-р армийн офицерын боловсролын хороо болон Наньчан хотын олон нийтийн аюулгүй байдлын товчооны хамгаалалтын алба ажиллаж байв. Эдгээр хүчнүүд нь Их хувьсгалын үеийн чухал хувьсгалт зэвсэгт хүчний гол бүрэлдэхүүн хэсэг болсон ба Наньчангийн бослогын цэргийн гол хүч болжээ.
1927 оны 07-р сарын 27-нд Наньчангийн бослогыг удирдах ХКН-ын фронтын комисс байгуулагдсан. Жөү Эньлай, Ли Лисань, Юнь Дай-Ин, Пэн Пайзү нараас бүрдэж, нарийн бичгийн даргаар нь Жөү Эньлай ажиллав.
07-р сарын 28-ны өглөө Жөү Эньлай 20-р армийн Цэргийн штаб дээр ирж, Хэ Лүнтэй уулзан, бослогын төлөвлөгөөний талаар мэдэгдээд, фронтын комиссын нэрийн өмнөөс Хэ Лүнг бослогын цэргийн ерөнхий командлагчаар томилов.
07-р сарын 31-нд фронтын комиссоос 08-р сарын 01-ний өглөө эрт бослого хийхээр шийдсэн байна.
Эрч зориггүй тулаан
Наньчан хотын Зигү замын 165 тоот бол Наньчангийн бослогын үеийн Хэ Лүнгийн цэргийн штабын төв байр юм. Тус байрны гуравдугаар давхрын гудамж руу харсан цонхон дээр гурван ширхэг цагаан сум байдаг нь тухайн жилийн сумны байрлалыг харуулдаг аж.
1927 оны 08-р сарын 01-ний үүрийн 02 цагт Жөү Эньлайгаар нарийн бичгийн дарга болгосон фронтын комиссын удирдлага дор Хэ Лүн, Е Тин, Жү Дэ, Лю Бөчэн нараар шууд удирдуулсан 20 мянга гаруй цэрэг Наньчанд бослого гаргав.
4 цаг гаруй үргэлжилсэн ширүүн байлдааны дараа бослогын цэрэг Наньчан хотод байсан 3000 гаруй дайсны хүчийг устгаж, Наньчан хотыг эзлэв. Не Рүнжэнь, Жөү Шыди нар Наньчангийн ойролцоох Ма Хүй даваанд байсан 25-р дивизийн ихэнх цэргийг дайчлан бослогод нэгтгэж, 08-р сарын 02-нд Наньчан хотод ирсэн байлаа.
Бослого ялсны дараа Хятадын Гоминдан намын хувьсгалт хороо байгуулагдаж, Сүн Чинлинь, Дэн Яньда, Хэ Лүн, Жөү Эньлай зэрэг 25 хүнийг гишүүнээр сонгов. Бослогын цэрэг Үндэсний хувьсгалт армийн 2-р фронтыг нэрийн дор Хэ Лүнгээр ерөнхий командлагч, Е Тингээр фронтын комиссын ерөнхий командлагч болгов.
1927 оны 08-р сарын 03-нд бослогын цэрэг Наньчангаас ухарч, замын дагуу Линьчуань /Фүжөү/, И Хуан, Гуанчанг эзлэн, урагшаа Гуандүнг оруулж, Гуандүнгийн хувьсгалын сууринг сэргээн байгуулаад Хайкөүг эзэлж, олон улсын тусламжтайгаар дахинтаа умарш дайлсан байна.
Бослогын цэрэг Гуандун руу дайлах замд Гоминдангийн цэргүүдтэй ширүүн тулалдаж, ялсан хэдий ч өөрсдөө мөн маш их хохиролтой байв. 1927 оны 09-р сарын сүүлчээр Гуандун дахь Чао-Ань, Шан Төүг эзэлсний дараа үндсэн хүч Же Янгаар дамжин баруун зүгт Тан Кэн /одоогийн Фэншүнь шянь/ хөдөлсөн бол цөөн хэсэг цэрэг нь Чао-Ань, Шань Төүд үлджээ. Эдгээр үлдсэн цэргүүд 10 дугаар сарын эхээр дайсны ширүүн бүслэлтэд учирч, 11-р армийн 24-р дивизийн цөөн цэргүүд Дүн Лан нарын удирдлага дор Хайфэн, Лүфэн руу шилжин, тариачин армитай нэгдсэн бол Сань Хэ Бад байсан бослогын 800 гаруй цэрэг Жү Дэ, Чэнь И нараар удирдуулан Гуандүн, Жянши, Хунань руу шилжсэн байна. Үүний дараа Жөү Эньлай зэрэг удирдагчид Хонконгод хүрэв. Тэд туршлагаа дүгнэж, бослогын үлдсэн армийг удирдан хөдөө орон нутагт зэвсэгт тэмцэл хийхээр шийдсэн байна.
Зэвсэгт тэмцлийн эхлэл
Наньчангийн бослогын зургаа дахь өдөр ХКН-ын Төв Хороо Хүбэй мужийн Ханькөү хотод яаралтай хурал хийсэн. Үүнийг нь түүхэнд “Найм Олоо /08-р сарын 07-ны/ хурал" гэдэг. Хурлаар Их хувьсгалын сүүл үе дэх баруун чиглэлийн бөөрөнхий үзэл /оппортунизм/-ын алдаануудыг шүүмжилсэн байна. Их хувьсгал бүтэлгүйтсэн туршлага сургамжууд дээр үндэслэн Мао Зэдүн "Цаашид бид цэрэг армидаа маш их анхаарал хандуулж, улс төрийн хүчийг зэвсгээр олж авдаг гэдгийг мэдэж байх ёстой” гэж онцолсон байна. Хурлаар газар тариалангийн хувьсгал, зэвсэгт бослого явуулах бодлогыг тодорхойлж, цэрэг армийг цэгцлэх, алдаагаа засах зорилго бүхий "шинэ арга зам олох" зорилтыг дурдсан байна.
Сань Хэ Багийн тулалдааны дараа Жү Дэ, Чэнь И нар цэргүүдээ удирдан партизан дайн эхлүүлэв. Дайнд удаа дараалан ялагдаж, арми эмх замбараагүй байдалтай болсон эгзэгтэй үед Жү Дэ Жянши мужийн Ан Юань шяний Тянь Шинь Вэйд цэргүүддээ үзэл суртлын цэгцлэлт хийж, Да Юй шяньд өөрчлөн байгуулж, Чүн И шяньд сургуулилт зохион байгуулсан байна. Энэ бол түүхэнд алдартай "Жяншигийн өмнөд дэх гурван цэгцлэлт" юм.
- Нөхөр Жү Дэ Наньчангийн бослогоос үлдсэн цэргийг удирдан "Гурван цэгцлэлт" хийж, армидаа намын үүр байгуулан, нам бүрэн хэмжээнд цэрэг армийг удирдах хэв байдлыг эхлүүлсэн. Энэ нь намын удирдлага бүхий шинэ хэлбэрийн ардын арми байгуулахад чухал үндэс суурь тавьсан юм гэж дурсгалын ордны орлогч дарга Шюн Яньянь хэллээ.
1928 оны 01-р сарын эхээр Жү Дэ, Чэнь И нар бослогын цэргийг удирдан Хунаны бослогыг эхлүүлжээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр Жү Дэ, Чэнь И нар Наньчангийн бослогоос үлдсэн цэргүүд болон Хунаны бослогын тариачин армийн нийт 10 мянга гаруй хүнийг удирдаж Жин Ган Шань руу шилжиж, Нин Ган Лүнд Мао Зэдүнгээр удирдуулсан хүчтэй нэгдэв. Хүчээ нэгтгэсний дараа Ажилчин тариачны хувьсгалт цэргийн 4-р арми /хожим нь Ажилчин, тариачны улаан цэргийн 4-р арми гэж нэрлэх болсон/-ийг байгуулж, Жү Дэ командлагч, Мао Зэдун намын төлөөлөгч, цэргийн нарийн бичгийн даргын тушаалыг тус тус үүрэглэн, Жин Ган Шаний хувьсгалт сууринг өргөжүүлэн бататгасан байна.
Наньчангийн “Найм Нэг дурсгалын ордон”-д байрлах тод улаан дэвсгэр дээр алтан таван хошуут од, "Найм Нэг" гэсэн бичигтэй цэргийн далбааны асар том баримал хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Дурсгалын ордны дарга Ван Шяолин:
- 1949 оны 06-р сард Хятадын Ардын Хувьсгалт Цэргийн Комиссын дарга Мао Зэдун, дэд дарга Жү Дэ, Лю Шаочи, Жөү Эньлай, Пэн Дэхуай нар "Хятадын Ардын чөлөөлөх армийн туг ба цэргийн сүлдний хэв загвар"-ын зарлигийг нийтэлж, түүнээс хойш цэргийн туг, цэргийн сүлдийг "Найм Нэг" гэсэн үсгээр чимэх болсон гэж танилцууллаа.
ХКН-ын удирдлага дор Ардын арми багаас том, буурайгаас хүчтэй болж, үндэсний бүрэн эрхт, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, улс орны энх тайван хөгжлийг баталгаажуулах, "Хос зуун жил"-ийн тэмцлийн зорилт, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх тулгуур хүч болжээ.
