Хятадын Үндэсний цахилгаан сүлжээний Өвөр Монголын зүүн бүсийн цахилгаан эрчим хүчний компаниас мэдээлснээр, 11-р сарын 16-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Өвөр Монголын хэт өндөр хүчдэлийн шугамаар бусад бүс нутагт дамжуулсан цахилгаан эрчим хүчний нийт хэмжээ 1 их наяд киловатт цагийг давжээ. Ингэснээр Өвөр Монгол нь хэт өндөр хүчдэлийн шугамаар дамжуулсан цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан хэмжээ нь 1 их наяд киловатт цагийг давсан Хятадын анхны муж, өөртөө засах орон боллоо.
Өвөр Монгол нь Хятадын эрчим хүчний чухал бааз бөгөөд “Баруунаас зүүн тийш цахилгаан дамжуулах” төслийн гол бүс нутгийн нэг юм. 1 их наяд киловатт цаг цахилгаан нь ойролцоогоор 885 сая хүний нэг жилийн ахуйн хэрэглээнд ашиглах цахилгааны нийт хэмжээтэй тэнцэх бөгөөд Хойд болон Зүүн Хятадын бүс нутгийн цахилгаан эрчим хүчний ханган нийлүүлэлтийг найдвартай хангахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
2016 онд анхны хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад оруулснаас хойш Өвөр Монголд нийт найман хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам байгуулж, бусад бүс нутагт цахилгаан дамжуулах хүчин чадал нь 48.7 сая киловаттаас давсан байна. Эдгээр шугамаар Бээжин, Тяньжинь, Шаньдүн, Жянсү зэрэг бүс нутагт цахилгаан нийлүүлж байна.
Нийт дамжуулсан цахилгаан эрчим хүчний 20 хувийг цэвэр эрчим хүч эзэлж байгаа нь ойролцоогоор 303 сая тонн стандарт нүүрс хэмнэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 808 сая гаруй тонноор бууруулсантай тэнцэж байна. Энэ нь Хятадын нүүрстөрөгчийн ялгарлыг оргил түвшинд хүргээд бууруулах, нүүрстөрөгчийн саармагжилтад хүрэх “хос нүүрстөрөгч”-ийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болж байна.
Өвөр Монгол хэт өндөр хүчдэлийн шугамаар гадагш нийт 1 их наяд киловатт цаг цахилгаан дамжуулжээ
2026-11-16 16:37
Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
