solongonews
П.Алтансүмбэр: Монгол эмийн шүлэг монгол анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэхэд үнэ цэнэтэй
2017-07-04 16:09
ӨМӨЗО-ны Ардын эмнэлгийн монгол анагаах ухааны клиникийн профессор, тэргүүлэх зэрэгтэй эмч Пунсагийн Алтансүмбэр

Ордос хотын Хангинь хошууны уугуул, ӨМӨЗО-ны Ардын эмнэлгийн монгол анагаах ухааны клиникийн профессор, тэргүүлэх зэрэгтэй эмч, дээд ургийн Пунсагийн Алтансүмбэртэй уулзаж монгол анагаах ухааны талаар ярилцлаа. П.Алтансүмбэр эмч ӨМАИС-ийн магистрын удирдагч багш, Өвөр Монголын алдарт монгол эмч, монгол эмчид гэрчилгээ олгох шүүгч, “Хятадын монгол анагаах ухаан”, “Өвөр Монголын анагаах ухаан” сэтгүүлийн редактороор тус тус ажиллаж байна. 1985 оноос хойш монгол анагаах ухааны салбарт хүчин зүтгэж ирсэн тэрээр элэг, ходоод, зүрх, үе мөч, шар ус, арьс өнгөний өвчнийг анагаахад мэргэшсэн алдарт эмч билээ.

- Өдрийн мэнд. Ажлын ачаалал их байна уу?

- Ер нь эмч нар их завгүй ажилладаг хүмүүс шүү дээ. Амь настай холбогддог нь эмчийн онцлог. Долоо хоногийн даваа, пүрэв гарагуудад ээлжид гардаг, бусад өдрөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнд үйлчилнэ. Миний хувьд эмч, багш гэсэн давхар ажлын байранд байгаа учир их ачаалалтай ажилладаг. Өвөр Монголын Анагаахын Их Сургууль, Өвөр Монголын Ардын эмнэлэг миний ажлын газар.

- Эмч нарыг хараад байхад ихэнх нь удам дамжсан байдаг. Таны хувьд?

- Миний нагац ах эмч хүн байсан. Удам гэж хэлж болохоор юм уу. Харин хүү, охин хоёр маань монгол анагаах сонирхож сурсан. Охин Өвөр Монголын Олон Улсын монгол эмнэлэгт эмчээр ажилладаг. Хүү маань энэ онд анагаахын сургуулиас төгсөнө. Хүүхдүүдээрээ их бахархаж явдаг.

- Монгол эмийн шүлэг бичих санаа анх яаж төрсөн бэ? Олон уран бүтээл нийтэлсэн байх?

- Монгол үндэстэн эртнээсээ дуучин, бүжигчин, шүлэгч үндэстэн гэж алдаршсан хэдий ч монгол эмийн шүлэг байгаагүй. Оюутан байхдаа уран зохиолын ном их уншдаг байлаа. Монгол эмийн шүлэг анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэхэд сайн үр дүнд хүргэх болов уу гэж бодон монгол эмийн шүлгээ 1995 онд Бээжингийн үндэстний хэвлэлийн хороонд хэвлүүлсэн. Жишээ нь “Харааны /нүд/ мах шарлах, халуун шар бүхэнд хаан арван зургаа хавтай сайн тусалдаг” гэж “Их хаан 16” эмийг тайлбарласан байлдаг. “Дан эмийн шүлэг”, “Шидэт жор оршив” зэрэг шүлгээ Өвөр Монголын “Солонго”, “Өнөр цэцэг”, “Шинжлэх ухаан амьдрал”, “Алтан гандир”, “Өвөр Монголын эмийн судлал”, “Талын дуулал”, “Хилчид”, “Хун галуу” зэрэг сэтгүүлд нийтлүүлж байсан. Мөн Монголын 108 боть “Уран зохиолын дээжис” номын 107 дугаар ботит нэг шүлэг орсон.

- Одоогоор хийгдээд байгаа таны судалгааны ажилтай танилцаж болох уу?

- Ходоодны өвчний судалгааны төсөлд шавь нарын хамт ажиллаж байна. Ходоодны өвчний онош гаргах, эмчилгээний тоон үзүүлэлт гаргах, стандарт боловсруулах буюу оношийн стандарт гаргах зэрэг тал дээр түлхүү ажиллаж байна. Өвөр Монголын анагаахын төслийн санхүүжилт аваад яг хийгдэж байна.

- “Монгол найрлага эмийн шүлэглэл” номынхоо талаар арай дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

- “Монгол найрлага эмийн шүлэглэл” номоо одоогоор бичиж дуусгаад байна. Дөрвөн үгийн хэмжээт шүлгийн хэлбэртэй энэ ном маань ирэх онд хэвлэгдэх төлөвлөгөөнд ороод байгаа. Монгол эмд холбогдсон ном судар маш олон байдаг хэдий ч монгол найрлага эмийг шүлгийн хэлбэрээр танилцуулсан бүтээл одоогоор харагдаагүй байсаар. Энэ ном монгол анагаах ухааны үнэт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийнхний сурч ашиглахад тодорхой хувь нэмэр үзүүлэх юм.

- Мэдээж Монгол Улсаас олон өвчтөн ирж эмчлүүлдэг байх?

- Монголоос жил бүр маш олон өвчтөн ирж эмчлүүлдэг. Саяхан консулоос тоон үзүүлэлт авах гээд гаргаж амжаагүй байна. Монголын Баасан гэдэг өвчтөн элэгний хатуурлаар 1990 онд манай эмнэлэг дээр ирж эмчлүүлж монгол эм ууж эдгэрсэн. Мөн 1996 онд чихрийн шижин өвчний онош авсан, цусны сахар нь 16 ммоl/L-д хүрсэн Лхагва гэдэг өвчтөн над дээр ирж байсан. Тэр 3 сар гаруй монгол эм уугаад цусны сахар нь хэвийн болж буураад сахар нь дахин дээшлээгүй. Өвчний зовуураас салсан буурал баярлан “Алтан гартай А эмч гар хүрмэгц амархан эдгэчихлээ” гэж ярьж байсан.

- Элэгний хатуурлаар өвчлөх хандлага өсөж байна гэж ярилаа?

- Энэ өвчнөөр өвчлөх хандлага өсөж байгаа нь янз бүрийн шалтгаантай байна. Мэдээж амьдралын түвшин сайжирч хүмүүс архи дарсыг өргөн хэрэглэх болсон. Мөн Хятад улсад элэгний вирус тээгч олон байдаг. Ойролцоогоор 230 сая хүн элэгний В вирустэй буюу халдварлагдсан үзүүлэлт гарсан. Өөрөөр хэлбэл нийт хүн амд 7-8 хүн тутамд нэг хүн элэгний өвчинд өртөж байна. Харин элэгний хатуурлаар 300 мянган хүн өвчилж байна. Эрүүл амьдралын зуршлыг бий болгох нь аймшигт өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга.

- Монгол анагаахыг европ анагаахтай харьцуулан харахад олон давуу тал байдаг. Та товчхон тайлбарлаж өгнө үү?

- Монгол анагаах ухаан олон зуун мянган жилийн түүхэн хугацааг өртөөлөн хөгжиж ирсэн. Монгол эм нь архаг удаан чанартай өвчин хуучийг анагаахад давуу талтай, сөрөг үр дагавар бага. Монгол эмийн ямар нэг зүйл нь идээшсэн тохиолдол гарахгүй. Зарим европ эм өвчин анагаахад сайн үйлчилгээ үзүүлэх боловч тасралтгүй уух шаардлага гарна. Монгол эм монголчуудын нүүдлийн соёл иргэншилтэй маш сайн зохицсон байдаг. Усны тунгалаг өвсний соргогийг шилж нүүдэллэн мал аж ахуйн амьдралд монгол эм зохицон хөгжсөөр өнөөг хүрлээ. Авч явахад амар, найруулан үйлдвэрлэх явц хялбар, байгаль орчинд бохирдолгүй байдгаараа онцлог. Харин европ эм буюу химийн эмийг идээшүүлж найруулах явцад янз бүрийн бохир бодис үүсгэдэг сул талтай. Монгол эм шингээлтийн системийн өвчин ялангуяа элэг ходоодны өвчнийг анагаах онц үйлчилгээтэй. “Хатаагч 7” эм эмэгтэйчүүдийн өвчнийг анагаахад маш сайн үйлчилгээ үзүүлнэ.

- Гуч гаруй жил эмчийн ажлыг хийлээ. Эмч мэргэжлийг юу гэж бодож явдаг вэ?

- Эмчийн ажил хийсэн гучин жилээ эргэн дурсахад баяр гунигийн амт зэрэг амтагдана. Баярлаж бахархаж явсан үе бий, зовж шаналж явсан үе ч бий. Тэр болгоныг харж хүчин зүтгэж явсан нь үнэн. Монгол анагаах ухааныг би монгол үндэстний цорын ганц байгалийн шинжлэх ухаан гэж ойлгодог. Монголчууд дэлхийг байлдан дагуулж явсан гайхалтай ард түмэн. Гэхдээ хүчээр биш, харин дэвшсэн соёлоороо Ази-Европын олон улс оронд нөлөөлж байсан. Түүний нэг нь яах аргагүй монгол анагаах ухаан байсан. Монгол хүн болсны хувьд би содон соёлоо түгээж хойч үедээ өвлөж байгаадаа бахархал төрөлгүй яах вэ.

- Монгол анагаах ухааны чиглэлээр сурч судалж байгаа залуустаа хандаж хэлэх үг юу байна вэ?

- Монгол анагаах ухааны том гэр бүлд нэгдэж хичээж байгаа залуусыг би нээлттэй хүлээж авч урамшуулж дэмждэг. Бид бие биенээ дэмжиж бие биенээсээ сурч байж өсөх ирээдүйтэй болно.

- Ховор өвчнийг анагаасан тохиолдол олон байх?

- Маш олон байна. Нэг настай хүний уушгин дээр нь юм ургаад маш зовууртай байсан. Тэрээр том хотын олон эмнэлгүүдээр үзүүлж янз бүрийн эм тан хэрэглэсэн боловч өвчний байдал илааршсангүй. Зарим нь хагалгаа хийхийг санал болгосон байсан. Гэвч нас өндөр болсон учраас эрсдэл их, өвчин дахин халдварлавал үхэхээс өөр аргагүй гээд хагалгаанд ороогүй. Дараа нь хайж сурсаар байж манай эмнэлэг дээр ирж би монгол эмээр хатааж эдгээсэн жишээтэй.

- Монгол одон зурхай, монгол анагаах ухаан хэр холбоотой байдаг вэ?

- Монголчууд жилийн дөрвөн улиралд нүүж бууж явахдаа нар сарны орчих жам, од мичдийн шилжилтийг ажин аж амьдралаа зохицуулдаг. 1984 онд Ордос хотод суралцаж байхдаа би одон зурхай мэддэг Отгон гэдэг хүнд шавь орж байсан. Тэр цагаан сарын шинийн нэгнээс шинийн арван хоёрны одыг ажиглаж тухайн бүтэн жилийн цаг уурын урьдчилсан мэдээллийг гаргаж чаддаг авьяаслаг хүн байлаа. “Жам ёсыг нь мэдээд аваарай. Эмч хийх хүнд дараа нь хэрэг болно. Тэнгэрийн ёсыг мэдчихвэл хүний ёсон юу байх вэ” гэж сургаж байсан далд ухаанч содон хүн дээ. Тэрээр ачааны компанид ажиллаж байхдаа шөнө од мөргөлдөж байгааг ажаад маргааш нь ширүүн бороо орох бүрэн магадлал гаргасан байв. Тэр ачааг зөөвөрлөхөд саад болох ба улсын эд зүйлийг эвдэж сүйтгэх эрсдэл гарахыг санал болгосон боловч зарим нэг жолооч Отгоны үгэнд үнэмшээгүйгээс болж осолд орж амиа алдсан үнэн хэрэг гарсан. Монгол одон зурхай, монгол анагаах ухаан тодорхой хэмжээнд холбоотой байдаг.

- Монгол анагаах ухааны ирээдүйг та яаж төсөөлж байна?

- “Үндэстнийх бол дэлхийнх” гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Монгол анагаах ухааны гайхамшигт үйлчилгээг гайхан биширч өвөг дээдсийнхээ агуу түүхээр бахархана. Монгол анагаах ухааны хөгжилд олон салбарын боловсон хүчин хамтран ажиллах шаардлагатай. Шинжлэх ухааны жам ёсны дагуу хөгжлийн чиглэлийг барина. Төвд хэл дээрх “Анагаах ухааны дөрвөн үндэс” номыг хамгийн анх монголчууд Юань гүрний үед орчуулсан гэдэг түүхэн баримт байгаа хэдий ч бодит эх нь олдоогүй. Харин ХУIII зууны үеийн Минжүүрдоржийн орчуулгаар бодоход монголчууд бусад үндэстнээс 200-300 жил урьдчилсан соёлтой. Монгол анагаах ухааны хөгжилд мэргэжлийн эмч сувилагч төдийгүй монгол хэл уран зохиол, орчуулгын мэргэжлийн залуус нэгдэн ажиллах нь илүү сайн үр дүнд хүрнэ.

Улсын бодлого хэрэгжилт, үндэстний цөөнхийн ёс заншлыг хүндэтгэн анхаарч соёлын хөгжлийг дэмжиж байгаа таатай орчин нөхцөлд монголчууд өөрсдийнхөө өв соёлоо дээдэлж хадгалан авч үлдэх, үеийн үед өвлүүлэх ёстой.

Монгол одон зурхай ба монгол анагаах ухаан нь монголчуудын хоёр том байгалийн шинжлэх ухаан. Харамсалтай нь монгол одон зурхай судлал түүхэнд мөрөө үлдээгээд үргэлжилж чадаагүй. Монгол одон зурхайч Мянгат эрдэмтнээс хойш түүнтэй мөр зэрэгцэх эрдэмтэн дахин төрөөгүй. Монгол одон зурхайн дэвшсэн соёл түүх болон үлдэнэ гэж бодохоор харамсаж явдаг. Тэнгэрийг судалж одон зурхайг ажиж жам ёсыг нь мөрдөж чадсан үндэстэн ховор шүү. Түүхийн ном судрыг уншин судлахад Цагаадай хаант улсын үед хаад ноёд дайн байлдаан хийж ирээд шөнийн одыг ажиж одон зурхай судалдаг гэсэн тэмдэглэл байдаг. Түмэн жилийн он тооллыг монголчууд тогтоож байсан нь үнэн.

- Цаг зав гарган ярилцлага өгсөн танд их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

- Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.


Ярилцлага,зургийг: Б.ХҮҮДҮҮТ

Найруулагч: huuduut
Эх сурвалж : Солонго сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл